Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Түмэн асуудлын дунд дүнсхийн бүрсийсэн бидний нийслэл. Хараахан соёлжоогүй иргэдийнхээ шүлс, нус, шивтэрт норж, халтартсан бидний хот. Эрх мэдэлтэн, эгэл ардын дундах хана хэрэм мэт бидний хот гээд л бичээд байвал бичээд л байна. Сайн нь саараасаа цөөн байдаг хойно, саарыг бол хаанаас ч олно.
Төв талбайд ногоон зүлэг дэвсчихсэн байгаа биз. Түүн дээр зарим нь сууж, зарим нь хэвтэж харагдана. Зарим нь гутлаа тайлаад тухалчихдаг юм билээ. Амьдралд хааяа амгалан орших орон зай хэрэгтэй л. Гэхдээ хаа нэгтэйгээс скүүтер, цахилгаан дугуйтнууд гарч ирээд хээвнэг сүлжиж өгнө дөө. Үнэндээ өрөвдөлтэй л дөө. Манай хотод амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар тийм цөөн, ямар сайндаа л Төв талбайдаа зүлэг дэвсэж байх вэ.
Харин... Хориннэгдүгээр зууны соёлт хүн Та хэн нэгний суудаг газар дугуйтай сүлжиж байхын оронд тойроод явж болно, тойроод алхаж ч болно. Соёл ярьдаг ч бидэнд нэгнээ хүндлэх соёл суугаагүй нь үнэн.
Уг нь хиймэл зүлгээ ч гэсэн цэвэрлээд байдаг бол зүгээр. Эсвэл авч хаясан нь дээр биз. Ямар зориулалттай нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Тэнд суух юм уу, гутлаа тайлах юм уу, дугуйгаар дайрах юм уу... Бид нэг талаараа хэн нэгнийг боддоггүй хүмүүс болон хувирсаар байна.
Сэтгэгдэл (4)