УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг өнөөдөр явуулна. Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Ч.Лодойсамбуу: Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Сэтгүүлчид нэмж эрх чөлөө хүсээгүй. 1998 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлээд өгөөч л гэж байгаа. Цар тахлын дараагаас төрийн мэдээлэл олдохоо байсан шүү дээ. Эрх чөлөө гэдгийг эрх чөлөөг хэлнэ. Нээлттэй байх ёстой. Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана. 17-н зүйл заалттай хуулиа хэлэлцээд УИХ-ын гишүүд сэтгүүлчдийг хэрхэн цензурдэх вэ гэдэг л байр сууриа илэрхийллээ шүү дээ. Ардчилсан нам 42 суудал авсан дээрээ үүнийг батлах гээд яах вэ дээ. Энэ хуулийн төслийг буцаад татах санал хэлж байна” гэв.
А.Ариунзаяа: Ойлгомжгүй хууль, бичилт болсон байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагаж орж ирж байгаа бүхий л тайлбар нь хувь сэтгүүлч, цахим харилцаатай холбоотой зовлон жаргалыг бичсэн байна. Ийм олон бүрдүүлбэр оруулчхаад гол асуудлаа шийдвэрлээгүй байна. Түүнээс биш хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөг үгүйсгээд байгаа юм биш. Асуудал хэвээрээ үлдсэнийг л хэлээд байна. Төрийн байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг. Түүнийгээ болих юм уу. Ойлгомжгүй хууль, бичилт болсон байна. Дутуу ажилласан байна" гэв.
О.Алтангэрэл: Хуулийн төсөлд ХМБ-ын талаар бага оруулах гэж хичээсэн
Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө сэтгүүлчдийн дунд дөрвөн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. ОУ-ын байгууллагатай хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Байгууллагын талаар бага оруулах гэж хичээсэн. Ямартай ч эрх зүйн зохицуулалтын үндсийг нь тавьчихъя. Гомдол гаргаж байгаа хүн хэвлэл мэдээллийн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад хандаж болно" гэв.
П.Сайнзориг: Гоё, анхаарал татсан гарчиг тавьчихсанд харамсаж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг арбитраар шийддэг тогтолцоотой болмоор байна. Өөрөөр хэлбэл, гүтгүүлсэн хүн өөрийн арбитрыг, сэтгүүлч ч өөрийн арбитрыг сонгож маргааныг шийддэг зарчим дэлхийд тогтсон. Яг ийм жишгээр Европын орнууд шийдвэрлэдэг. Бид энэ жишгээр явах санал гаргаад байхад уг хуулийн төсөлд тусгаагүй байна. Уг нь энэ асуудлыг шийдэх гэж хуулийн төслийг шинэчилж байгаа биз дээ? Эх сурвалжаа нууцлах нь чухал ч, энэ төсөлд уг зарчмыг зэрэмдэглэсэн байдалтай тусгасан байна. Гоё, анхаарал татсан гарчиг тавьчихсанд харамсаж байна” гэлээ.
Л.Мөнхбаясгалан: Эх сурвалжаа нууцлах заалт орж байгаа нь сайн
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Мэдээлэл хэдийчинээ нээлттэй байна, төдийчинээ гүтгэх эрх чөлөө хаагддаг. Хэвлэл мэдээллийнхэнд өөрөө дампуурах эрх чөлөөг нь өгмөөр байна. Буруу юм хийвэл, олигтой юм хийхгүй бол дампуурдаг. Эсвэл эрх мэдэлтнүүдтэй үзэж тарвал хаагддаг. Тиймээс дампуурах эрх чөлөөг нь өгмөөр байна. Эх сурвалжаа нууцлах заалт орж байгаа нь сайн. Буруу зүйлс байна. Хэвлэл мэдээллийн редакц татвар төлдөг байх ёстой. Татвар төлдөггүй рийл хийж, бичлэг тасалдаг газар олон байна" гэв.
Д.Батчулуун