Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, Улсын баяр наадамдаа 10 удаа шөвгөрсөн Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар маргааш болох "Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх" барилдаанд зодоглохоор болжээ.
Тэрбээр "Э.Оюунболдыгоо өмнөх барилдаанд гарахыг хараад сэтгэл хөдлөөд Бөхийн өргөөнд гармаар санагдлаа. Маргаашийн барилдаанд гарна аа. Одоо миний насныхны ид сайхан барилддаг цаг өнгөрсөн ч гэлээ ёс болгоод гарна" хэмээсэн юм.
Х.Мөнхбаатар арслан 2001 оноос өнөөг хүртэл Улсын баяр наадамд тасралтгүй зодоглосон хүчтэн. 2000 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд 19 настай түрүүлж, дараа жил нь 2001 оны Улсын баяр наадмаар Улсын гарди Б.Гантогтохоор тав давж Улсын начин цолонд хүрчээ.
Түүний амжилтууд:
- 2001 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
- 2002-2004 оны хооронд бэртлийн улмаас барилдаагүй.
- 2005 онд Улсын наадамд 7 давж улсын заан цол авсан
- 2006 онд Улсын наадамд 6 давж Үнэн зоригт чимэг
- 2007 онд Улсын наадамд 9 давж түрүүлэн улсын арслан цол
- 2008 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
- 2009 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг
- 2010 онд Улсын наадамд 7 давж чимэг
- 2011 онд Улсын наадамд 6 давж чимэг
- 2012 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн боловч сэргээш хэрэглэсэн байсан тул 5, 6, 7-ийн даваа нь хүчингүй болж, чимгээ хураалгасан.
- 2013 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн
- 2014 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн
Тэрбээр өнгөрсөн өнгөрөгч 2024 оны Улсын баяр наадамд нэг давж, хоёрын даваанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Аймгийн начин Балжинням өвдөг шороодсон юм. Харин хамгийн сүүлд Бөхийн өргөөнд зодоглосон нь 2018 оны тавдугаар сарын 20-нд болсон Хөвсгөл аймгаас төрөн гарсан алдарт гурван аваргын нэрэмжит барилдаан байв. Уг барилдаанд тэр гурав давжээ. Өдгөө 44 настай тэрбээр найман жилийн дараа Бөхийн өргөөндөө зодоглох гэж байна.
Л.Баяр