Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах үгийг хэллээ.
Тэрбээр "Төрийн нууц задруулсан хэргээр сэтгүүлч шоронд хоригдоод гарсан. Энэ бол ноцтой жишээ. Судлаад үзэхээр нууцад хамаарагдахгүй л зүйл гэж тодорхойлогдож байсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьчихсан явж байна. Албаны нууцад хамаарах 1073 "нууц" байна гэсэн судалгаа гарсан. Худалдан авалт хийхээрээ л нууцын тамга дардаг байж болохгүй. Тиймээс албаны нууц гэдэг шалгууртай байя, дүгнэлт хийдэг байя, тайлангаа гаргаж өгдөг байя гэсэн өөрчлөлтийг оруулаад явж байгаа. Батлагдвал нийтийн мэдээллийн хуулиар нээлттэй болгоход ахиц үзүүлнэ" гэлээ.