Нэрт найруулагч Бэгзийн Балжиннямын сод бүтээл “Би чамд хайртай” киног мэдэхгүй монгол хүн үгүй биз ээ. 1985 онд анх гарсан ч өнөөг хүртэл үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг цөөхөн монгол киноны нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл, энэ киноноос монголчуудад үлдсэн “юм” их. Хэт олон жишээг энд өгүүлэхээ азнаад хэлц шахуу болчихсон ганцхан өгүүлбэрийг л сануулъя. “...Баяраа өөрөө л уначихсан юм билээ шд”.
Нээрээ ч Баяраа нар өөрсдөө л уначихсан байдаг. Монголын улс төрд ч Баяраа нар бишгүй олноороо бий. Сайн эцгийн дүрд тоглох гээд нийгмийг стресстүүлж байгаа НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан яах аргагүй “Баяраа”. Тэр өөрөө л унасан. Гэхдээ тэр ганц Баяраа нь биш. Эхнийх нь ч биш, эцсийнх нь ч биш гэдгийг батлах бас нэгэн Баяраа болчихоод байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Гэхдээ Ж.Энхжаргаланг бодоход түүний үг засагт хамтарсан хоёр намын хооронд зааг гаргах хэмжээнд хүрч очлоо. Одоо сийрүүлье.
Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “Баярцогт даргын асуултад хариулъя...” хэмээн эхэлсэн нь өдгөө өөр дээр нь гал дуудаад байна. Уржигдар болсон АН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд улс төрийн шийдвэрээ гаргасан байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентат ёсыг үгүйсгэсэн. Иймд АН-ын бүлэг тодорхой шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой. Энэ бол эцсийн эцэст ард түмэн, тэдний төлөөллөөс уучлалт гуйж байгаа хэрэг. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайд гэдэг хүнийг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байна. Хэрэв уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна.
АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:
-Ерөнхий сайдын мэдээллийн цаг Засгийн газрын суртал ухуулгын цаг болсон байна. Ерөнхий сайд юу ярих, ямар мэдээлэл өгөхийг өөрөө мэддэг болсон нь УИХ-ын Үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдлийн зарчмуудыг бүдгэрүүллээ. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан бөгөөд УИХ-аас томилогддог. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна тэр өдөр УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас чуулганы хуралдааны үеэр уучлалт гуйх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Эмэгтэй хүнийг доромжилж харьцаж болохгүй. Парламентын дарга тухайн үед нь арга хэмжээ авч чадаагүй бол одоо уучлалт гуйлгах хэрэгтэй.
Товчхондоо ийм явдал боллоо. Эндээс харахад Ерөнхий сайд өөрөө л ширээн дээрээс унасан байна. Хэрэв Ж.Баярмаа гишүүний асуултад албан тушаалынхаа хүрээнд тодорхой хариулт өгчихсөн бол нөхцөл байдал иймдээ тулахгүй нь мэдээж. Гэвч тэрээр Баялгийн санг арвижуулж, 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй том бодлогоо ялимгүй үгийн алдаагаараа бүдгэрүүлж орхилоо. Одоо Баялгийн сангаа явуулахын тулд эхлээд Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой болж байна. Мэдээж том бодлогоо явуулахын тулд энэ зэргийг хийчих биз. Гэвч нөгөө талдаа Ж.Баярмаа гишүүний хэлсэн үгэнд үнэний хувь бий. Тэр Ерөнхий сайдыг хэтэрхий вакумжиж байна гэж онцолсон. Үнэхээр ч үе үеийн улстөрчдийг тойрон хүрээлэгчид нь, зөвлөх нэртэй хүмүүс нь вакумжуулж, асуудлыг харах өргөн хүрээг нь хумьж байдаг. Монголын улс төрд ийм жишээ захаас аваад мундахгүй бий. Даргадаа тал алдахгүй гэсэн зөвлөхүүдээсээ болж эрсдэлийг нь үүрч явсан олон улстөрч бий. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодох л учиртай.
Эцэст нь орхиж боломгүй нэг өнцгийг энд дурдах ёстой. Ерөнхий сайд хэдий амны алдаа хийсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэр түүнээс дутахгүй улстөржсөн байсныг онцолъё. Бүлэг гэдэг хуулиараа УИХ-ын бүтцийн байгууллага. Завсарлага авахдаа ч хуулийн дагуу хэлэлцэж буй асуудлаас завсарлага авдаг. Түүнээс биш чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй УИХ-ын гишүүний үг таалагдахгүй байна гээд завсарлага аваад байж болохгүй.
Хэрэв энэ жишгээр нь УИХ-ын дарга завсарлага өгчихвөл эргээд Монголын парламентад буруу жишиг тогтоно. Бидэнд тэрний үг таалагдсангүй гээд бүлгээрээ завсарлаад байвал Монгол төр өөрөө чадамжгүй болох эрсдэлтэй.
Сэтгэгдэл (5)