Дэлхий дахинд "BLACK FRIDAY" гэж нэрлэгддэг хямдралтай худалдааны өдрийн нэршил сүүлийн жилүүдэд Монголд орж ирэв. Наймаа хийж буй толгойтой болгон нь уг нэршлийг сурталчилгаа, маркетингдаа ашиглах болжээ. Тэгвэл манайхаар ХАР БААСАН ГАРАГ гэж хэлэгдэх уг өдөр үнэндээ ямар нууцтай вэ?
Энэ нь хоорондоо хамааралгүй хоёр өөр үйл явдалд хэрэглэгддэг нэршил юм.
Нэгдүгээрт, АНУ-д өргөнөөр тэмдэглэдэг Талархлын баярын дараах баасан гаргийг ийн нэрийджээ. АНУ-д энэ өдөр жижиглэн худалдаачид бараагаа хямдралтай зардаг. Хар баасан гараг бол Талархлын баярын дараах Баасан гараг гэдгийг бид мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл энэ өдөр үргэлж 11 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн баасан гарагт тохиодог гэсэн үг юм. 2023 онд Хар Баасан гараг 11 дүгээр сарын 24-нд тохиосон бол, 2024 онд Хар Баасан гараг 11 дүгээр сарын 29 болно.
Хоёрдугаарт, Хар баасан гаргийн өөр нэг нэршил нь 1869 оны есдүгээр сарын 24-ний өдөр буюу АНУ-д алтны дамын наймаачдын үүсгэсэн санхүүгийн үймээнт өдөртэй холбогдоно. Тэгэхээр уг нэршил ХАР гэдэг утгаараа ч энэ чигт илүү нийцнэ.
Хар баасан гараг гэдэг нэр томъёо хаанаас ирсэн бэ?
Олон хүмүүс "Хар баасан гараг"-аар наймаачид ашиг олж, зарагддаггүй бараагаа санхүүгийн заль ашиглан зарлаа гэж харддаг. Зарим нь уг өдрийг тэсэн ядан хүлээж, хүссэн зүйлээ хямд үнээр авах ч гэдэг. Энэ нь үнэндээ тэс ондоо утга учиртай өдөр ажээ.
Түүхээс харахад эл өдөр нь арилжааны амжилтад хүрэх бус эдийн засгийн уналтын цэгүүдтэй шууд холбогдоно.
Дээр дурдсанчлан анхны Хар баасан гараг 1869 онд санхүүч Жей Гоулд, төмөр замын бизнесмен Жеймс Фиск нарын алтны зах зээлийг эрхшээх оролдлогоос эхлэлтэй. Тэд алтны наймааг атгандаа оруулах гэсэн башир санаагаа хэрэгжүүлсний дараа АНУ даяар санхүүгийн үймээн самуун дэгдэж, зах зээл нь уналтад оржээ.
Уг хорон санааг сэдсэн санхүүч Жей Гоулдыг АНУ-ын түүхэн дэх хамгийн "бохир хулгайч" гэлцдэг.
Үүнээс 60 жилийн дараа буюу 1929 оны 10 дугаар сарын 29-нд "Хар мягмар гараг" гэж нэрлэгддэг хөрөнгийн зах зээлийн өөр нэг уналт, их хямралын үе эхэлсэн тухай түүхэнд тэмдэглэжээ.
Харин Талархлын баярын дараах Хар баасан гаргийн жинхэнэ гарал үүслийн тухайд ХАР гэдэг нь "гамшиг, золгүй" гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ.
1950-иад онд нэгэн үйлдвэрийн менежерүүд Талархлын баярын дараах Баасан гаргийг "Хар Баасан гараг" гэж нэрлэж эхэлсэн гэдэг. Учир нь тухайн жилийн баяраар тэдний олон ажилчид өвчтэй гэж худал хэлэн, Талархлын баярын амралтаа Баасан гарагт үргэлжлүүлж байжээ. Улмаар үйлдвэрийн ажил зогсож, төлөвлөгөө нь будилж байв.
Уг үйл явдлаас 10 орчим жилийн дараа Хар баасан гаргийг АНУ-ын Филадельфи мужийн замын цагдаа нар Талархлын баярын дараах өдөр 12 цаг цаг үргэлжилсэн аймшигт замын хөдөлгөөнд урт цагаар ажиллах ёстой байсан тул Талархлын баярын дараах өдрийгийн нэрлэсэн гэдэг.
Жуулчид баярын худалдаагаар хэсэхийн тулд хотууд руу хошуурдаг байсан нь замын түгжрэл үүсгэдэг байсан аж. Заримдаа энэ өдөр Арми-Тэнгисийн цэргийн хөл бөмбөгийн тэмцээнтэй давхцдаг байв. Энэ нэр томъёо Филадельфи дахь худалдан авагчид болон худалдаачдын дунд тархаж, тэндээс АНУ даяар тархаж, цаашлаад дэлхийн нийтийн амны уншлага болжээ.
Л.Баяр