Хатан хаан II Елизабет, хунтайж Филипп нарын хуримын ширээнд зориулагдан хийгдсэн 77 настай бялууны зүсэм энэ долоо хоногт 2800 ам.доллараар зарагджээ.
Энэхүү бялуу 1947 оны 11 дүгээр сарын 20-нд хийгдэж байв. Хөгцөрч муудан, "хүн идэх л юм бол даруй үхэж магадгүй болсон" уг бялууг хэн худалдаж авсан нь одоогоор тодорхойгүй байна.
Бялууны зүсмийг тэр үеийн Элизабет гүнжийн зурагтай мөнгөн тэмдэгтийн хамт нарийн хийцтэй даавуун алчуур бүхий жижиг хайрцагт нямбай гэгч нь хадгалжээ. Энэхүү хайрцагтай бялууг Букингемийн ордноос Шотландын Эдинбург хот дахь "Holyrood House"-ын үйлчлэгч Марион Полсонд бэлэг болгон илгээсэн түүхтэй гэнэ.
Элизабет, Филипп хоёрын хуримын бялуу нь 500 фунт жинтэй, 2.7 метр өндөр тансаг бүтээл байв. Хосууд уг бялууг 2000 хэсэг хувааж, ирсэн зочдод амсуулж, үлдсэнийг нь хүндтэй хүмүүстээ илгээсэн гэдэг.
Сонирхуулахад, Хаан III Чарльз, Диана гүнж нарын 40 жилийн настай хуримын бялуу 2021 онд дуудлага худалдаагаар 2565 ам.доллар хүрч байжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (43)