ОХУ-ын Курск мужид байршсан Хойд Солонгосын цэргүүд байлдааны талбарт Украины цэргүүдтэй тулалдсан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт мэдэгдээд, мөргөлдөөнийн улмаас хүний амь эрсэдсэн гэв. Украины Оросын нутаг дэвсгэрт гурван сар үргэлжилсэн цэргийн ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд тус бүс нутагт Хойд Солонгосын 11 мянган цэрэг байгаа гэж Зеленский хэлжээ.
Зеленский Пүрэв гарагт Унгар улсын Будапешт хотноо болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, “Одоогийн байдлаар манай улсын хойд хэсэгт, Украинтай хиллэдэг ОХУ-ын нутаг дэвсгэр Курскийн бүс нутагт Хойд Солонгосын 11 мянган цэрэг байрлаж байна. Эдгээр цэргүүдийн зарим нь Украины цэргийн эсрэг байлдааны ажиллагаанд аль хэдийн оролцож эхэлсэн нь тагнуулын мэдээгээр баталгаажсан" гэв.
Тэрбээр аль тал нь хохирол амссан талаар дурдаагүй. Нью Йорк Таймс сонин энэ долоо хоногийн эхээр АНУ, Украины өндөр албан тушаалтнуудыг эш татан Умард Солонгосын хэд хэдэн цэрэг Орос, Украины мөргөлдөөний үеэр амиа алдсан тухай мэдээлсэн.
Украин болон НАТО-гийн холбоотнууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп дахин сонгогдсон нь дайны тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөхийг тооцоолж, АНУ-ын дэмжлэг эрс багасч болзошгүйг бэлдэж байна .
Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын сонгуулийн талаар олон нийтэд анхны тайлбараа хийж, Д.Трамптай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)