Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган өнгөрсөн сард Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн билээ. Хан Ган зоригтой, өвөрмөц зохиол бүтээлүүдээрээ олны таамгийг эвдэж энэхүү шагналыг хүртсэн санаанд оромгүй нэр дэвшигч байлаа.
Зохиолч түүхэн учир шалтгаантай сэтгэл зүйн шархтай нүүр тулж, хүмүүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй яруу найраглаг туурвилуудаараа Нобелийн шагнал хүртсэн билээ. “The New Republic” сэтгүүлийн редактор Марк Кротов түүнийг “Цагаан хоолтон” зэрэг романууддаа улс төрийн нөхцөл байдалд тун соргог хандсаныг онцолсон юм.
Мөн 2016 онд улс төрийн харгислал, дарангуйллыг уудлан бичсэнээрээ Бүүкэрийн шагнал хүртсэн билээ. Хан Ган эр зориг гаргаж, улс төрийн хүчирхийлэл, харгислалын эсрэг үзгээрээ тэмцэж яваа зохиолчийн хувьд Нобелийн шагнал хүртсэнээ ямарваа нэг байдлаар тэмдэглэхээс татгалзав.
Зохиолч шагнал хүртсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийхгүй гэдгээ зарлаж, түүний аав зохиолч Хан Сөүнг Во охиныхоо улс төрийн нөхцөл байдалд тулгуурласан сонголтыг хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлахдаа, “Орос-Украин, Израил-Палестины хооронд дайн өрнөж, өдөр бүр гэм зэмгүй олон мянган хүн амь үрэгдэж буй ийм цаг үед баярын хурал зохион байгуулахгүй” хэмээгээд энэхүү сонголтыг нь ойлгож, хүндэтгэн үзэхийг олон нийтээс хүслээ.
2012 онд Хятадын зохиолч Мө Ян Нобелийн утга зохиолын шагнал хүртсэнээс хойш зохиолч Хан Ган ийнхүү анхны ази, эмэгтэй Нобелийн шагналт зохиолч боллоо. Нобелийн шагнал хүртсэнээс хойш түүний зохиол бүтээлүүд сая саяар борлогдож, дэлхий дахины уншигчдад хүрч, Солонгосын ард түмний баяр хөөр үргэлжилсээр буй эл өдрүүдэд зохиолч Хан Ган олон нийтэд байр сууриа илэрхийлэх хүсэлгүй хэвээр байна.
Сэтгэгдэл (6)