Өнөөгийн энэ их стресстэй, завгүй нийгэмд сэтгэцийн эрүүл мэнд хамгийн чухал болоод байна. Улс орнууд урьд өмнөхөөсөө илүүтэй энэ чиглэлд анхаарч дэмжих болжээ. Стресс ихтэй нөхцөлд амрах завгүй ажилладаг хүмүүс сэтгэцийн эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байдаг бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголтгүй гээсээ болж сэтгэлээр унах, сэтгэл ханамжгүй амьдрахаас эхлээд сэтгэцийн хүнд болон хөнгөн эмгэг тусах тохиолдол их байдаг байна. Тэгвэл ажил дээрээ хэрхэн стрессээ зохицуулж, ажиллах урам зоригоо сэргээж, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах талаар хэдэн зөвлөмжийг хүргэж байна.
1. Хамтран ажиллагсадтайгаа найрсаг сайхан харилцааг бий болгоорой
Хүмүүс сэтгэлээр унасан, хямарсан үедээ бусад хүмүүс өөрт нь хамаагүй гэж бодон өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Гэтэл энэ нь хамгийн буруу ойлголт бөгөөд хэрвээ та өөрийгөө тусгаарлаад, чимээгүй суугаад, хэцүү байсан ч хэлэхгүй ярилцахгүй байгаад байх юм бол сэтгэл санаа тань улам хямарч та асар ихээр ганцаардлыг мэдрэх болно. Тиймээс ийм үедээ харин ч илүү олон хүнтэй ярилцаж, харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Нэн тэргүүнд амьдралын тань ихэнх чухал цагт хамт байдаг хүмүүс болох хамтран ажиллагсадтайгаа нөхөрсөг, сайхан харилцаа тогтоочихвол таны уур бухимдал хямралын эзлэх хувь хамаагүй бага байж, ажил дээрээ стрессгүйгээр ажлаа тайван хийх болно.
2. Хоёр хоёр цагаар төвлөрөн ажиллах аргыг хэрэглэ
Яг үнэндээ бид ажил дээрээ яг найман цаг төвлөрөн ажиллана гэвэл бас л хэцүү. Ихэнх хүмүүс яг найман цаг үр бүтээлтэй байх нь ч ховор байдаг бөгөөд хэдэн цагт нь үр бүтээлтэй үлдсэн цагт нь ажиллаж байгаа нэр дор хийцгүйрч ядарч өнгөрөөдөг байна. Тиймээс танд хоёр хоёр цагаар төвлөрөн ажиллах аргыг санал болгож байна. Энэ нь яг сэрүүлэг тавиад, сошиалаа хаагаад бүтэн 2 цаг анхаарлаа зөвхөн хийж байгаа зүйлдээ зориулахын нэр юм. Хоёр цаг тасралтгүй сууж ажилласныхаа дараа 10-20 минут амраад дахин 2 цаг үргэлжлүүлэн ажиллах нь таны ажлын найман цагийг маш үр бүтээлтэй бөгөөд стресс багатай байлгах болно. Учир нь бид олон цаг сууж, олон төрлийн зүйлд анхаарлаа зарцуулсаар цухалдаж, ядарч эхэлдэг байна. Тиймээс 2 цагийн аргыг хэрэглээд үзээрэй гэж зөвлөх байна.
3. Сэтгэцийн эрүүл мэнд доройтвол чөлөө авах хэрэгтэй
Сэтгэц гэдэг зүйл бидний бие организмтой л адил өвдөнө, гэмтэнэ, ядарна. Тиймээс хэрвээ та сэтгэл гутралд өртөж, сэтгэцээрээ ядарч, бухимдсан бол бусад үед өвдсөн үедээ чөлөө авдаг шиг ажлаасаа нэг өдрийн чөлөө авч сэтгэцээ амрааж тэнхрүүлэх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь ийм өдрийг яг сэтгэцийн эрүүл мэнддээ зарцуулах нь чухал. Жишээ нь ном унших, гадуур алхах, амттай эрүүл хоол хийж идэх, найзтайгаа ярилцах, асуудлаа сайн бодож тунгаан бичиж аваад эмчид үзүүлэх, сэтгэл зүйчид хандах гэх мэт. Бид хэцүү цаг үеийг туулж байгаа үедээ маш гутранги сэтгэхүйтэй болдог бөгөөд ихэнх асуудлууд шийдэгдэх боломжгүй юм шиг санагдаж эхэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ амьдралдаа хийж болох дээрх шиг жижигхэн үйлдлүүд маш том өөрчлөлт авчрах хүчтэй байдаг юм шүү.
4. Шинэ зүйл сур
Таны тархи нэгэн давтамжтай ачаалалтай ажилласнаас болж маш их ядарсан байгаа. Тиймээс тархиа сэргээж, цэнэглэж байх хэрэгтэй. Ингэхийн тулд шинэ содон зүйл сурах нь хамгийн үе дүнтэй. Гэхдээ хамгийн гол нь өөрийн дуртай зүйлийг сурах хэрэгтэй. Түүнээс биш хамгийн хэрэгтэй шаардлагатай гэсэн зүйлийг хүчлэн сурвал таны стресс нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Хүний тархи удаан хугацааны аливаа зүйлд шантрах нь элбэг хирнээ богино хугацааны зүйлд маш автамхай дур сонирхолтой байдаг ажээ. Тийм учраас эхлээд та богино хугацааны сонирхолтой жижиг зүйлсийг сураад үзвэл зохимжтой. Мөн ажлын байран дээрээ ердөө 30 хан минутыг тухайн хоббидоо зарцуулдаг байх хэрэгтэй. Тэгвэл та ажил дээр сэтгэл гутралгүй, ажилдаа ирэхдээ залхдаггүй, ажлаа хийхдээ ч дуртай эрч хүч, энерги ихтэй байх болно.
5. Ажлын орчноо сэргээ
Хэрвээ та олон цаг сууж ажилладаг бол ширээгээ сэргээж янзлах хэрэгтэй. Дуртай өнгийн үзэг балны савнаас эхлээд гоё үнэртэй цэцэг тавьдаг ч юм уу, яаж ийгээд ажлын орчноо өөрт тухтай гоё байлгахыг хичээгээрэй. Жишээ нь компьютер ээ цэвэрлэж цэгцлэн, дуртай зурагт хуудсаа ханандаа өлгөж, танд инээмсэглэл бэлэглэдэг зургийг ширээн дээрээ тавих эсвэл урам зориг өгдөг үгийг хэвлээд наах гэх мэт. Та өөрийн ажлын стрессыг хөнгөвчилж, сэтгэцийн хувьд эрүүл, эерэг байхын тулд өөрөө орчинг бүрдүүлж хичээх нь хамгийн чухал учраас дээрх зөвлөмжүүдийг заавал хэрэгжүүлээд үзэхийг зөвлөж байна.
Л.Сайнаа