Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 108 дугаарт дуудлага ирэх, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд тухайн хүүхдийг хэрхэн хамгаалах талаар нэн даруй арга хэмжээ авч эхэлдэг. Бэлгийн хүчирхийллэлийн хохирогч болсон хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг.
Нэн түрүүнд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал тул түр хамгаалах байр, эсвэл гэр бүлд нь хүүхэд хамгаалах үйлчилгээг үзүүлэх шийдвэрийг хүүхэд хамгааллын байгууллагууд гаргадаг. Хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн дэмжлэг сайн, аюул эрсдэлгүй бол гэр бүлд нь , харин гэр бүлийн орчинд эрсдэлтэй, хүүхдийг төрсөн эцэг, ах, хамаарал бүхий хүн үйлдсэн бол, мөн гэр бүлийн дэмжлэг муу, эцэг эх асран хамгаалагч хүүхдийг буруутгасан зэрэг эрсдэлүүд байвал гэр бүлээс нь тусгаарлаж үйлчилгээ үзүүлдэг.
Түр хамгаалах байранд байрлуулахдаа аюулгүй байдлыг нь хангаж, сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэнд боловсролын үйлчилгээнд холбон зуучлах, зарим тохиолдолд эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргадаг. Мөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны төлөөлөгч томилон ажиллуулж, өмгөөлөгчийн зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг 2022 онд 369, 2023 онд 452 хүүхдэд, 2024 онд 198 хүүхдэд үзүүлж байна.
2023 оны 10 дугаар сард Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд "Гэрэлт нар" хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээний төв байгуулсан. 2024 оны аравдугаар сарын байдлаар 34 бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн зургаан хохирогчид үйлчилгээ үзүүлсэн. 2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран баталсан "Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын аргачлал, норматив"-д бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх дундаж хоногийг 182 хоног гэж тогтоосон.
Тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ 6 сараас 1.7 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг юм. Манай улс 2016 онд анх удаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-тай болж 2023 онд шинэчлэн найруулсан. Шинэчлэн найруулсан хуулийг өнгөрсөн 9-р сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. 2025 он 1-р сарын 1-нээс “Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгаалал”-ын үйлчилгээг үзүүлэхээр сум бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана. Нийт 927 байцаагч байх юм.
Мөн Зөрчлийн хуулийн 6.20-рт зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд арга хэмжээ авах Хүүхдийн эрхийн байцаагч ажиллана. 16 мянган хүүхэд тутамд нэг байцаагч байхаар төлөвлөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)