Дэлхийн хамгийн өндөр болон намхан эмэгтэйчүүд Лондон хотноо Гиннесийн дээд амжилтын өдрийг тэмдэглэн хамтдаа цай уужээ.
Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй болох 215.16 сантиметр өндөртэй Румейса Гэлги болон хамгийн намхан, ердөө 62.8 сантиметр өндөртэй Жиоти Амге нар Лондон хотын Савой зочид буудалд уулзсан гэж Гиннесийн дээд амжилтын хороо лхагва гарагт мэдээлэв. Хоёр бүсгүйн өндрийн зөрүү 152.36 сантиметр юм.
Румейса Гэлги "Бидний өндөр зөрүүтэй ч нийтлэг зүйл их бий. Бид хоёулаа нүүрээ будаж, хумсаа янзалж, гоо сайхандаа анхаарах дуртай" гэжээ.
Туркийн вэб дизайнер Гельги 2021 онд дэлхийн хамгийн өндөр эмэгтэйгээр тодорсон. Тэр "Уиверийн синдром" гэж нэрлэгддэг маш ховор эмгэгийн улмаас ийм өндөртэй болжээ. Энэ төрлийн синдромтой дэлхийн 27 дахь хүн тэрбээр өдгөө 27 настай. Гэлги мөн 24.93 сантиметр том гартай. Энэ нь бас л дэлхийн рекорд аж.
Энэтхэгт төрсөн жүжигчин, хэвлэл мэдээллийн ажилтан Амге гар, хөлөнд нөлөөлдөг ахондроплази хэмээх ясны өсөлтийн эмгэгтэй. Энэ эмгэг нь ураг эхийн хэвлийд байх үед үүсдэг бөгөөд хүүхдийн гар, хөл болох ёстой мөгөөрсний эдэд нөлөөлдөг.
Хэдийгээр жижиг биетэй ч тэр олон нийтийн сүлжээнд том байр суурь эзэлдэг бөгөөд АНУ-ын телевизийн "Америкийн аймшгийн түүх: Freak шоу" цувралд Ма Петитийн дүрд тоглосон. Энэ нь түүнийг албан ёсоор хамгийн намхан жүжигчин болгожээ. Амге мөн Италийн телевизийн "Lo Show Dei Record" шоунд олон удаа оролцсон.
Л.Баяр