Өнгөрөгч амралтын өдрүүдээр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Парламент сонгуулийн дараа 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тэгвэл тэнд хүргэх тасалбар буюу мөрийн хөтөлбөрөө чамбай бэлдэж, иргэдийн гарт хүргэх нь нэн тэргүүний асуудал. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр дөрвөн жилийн планаа шавхуурдан, шавдуулан гүйцэлдүүлэх гэж аргаа бардаг үе бол "цаг" дөхөх. Энэ ч утгаараа нэг талаар мөрийн хөтөлбөр бол улстөрчдийн толгойны өвчин юм.
Тэгвэл энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрх баригч намынхан гэгээлгээр төсөөлжээ. Тухайлбал, мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Нэг ёсондоо бараг л үсрэнгүй хөгжих нь. Монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгох, амжиргааны түвшин гэх мэт "моод"-оос гардаггүй үгс ч хэвээр. Чухамдаа Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өв тэгш хөгжлийн замд МАН нэгэнт оруулна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.
Тэгвэл МАН-ын эсрэг талд "улс төрд эргэн ирж буй" Н.Номтойбаярын “Үндэсний Эвсэл” нь “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Ухан бодвол, МАН-тай тун төстэй үзэл санаатай юм. Иргэн баяжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үр дүнд нь нэг хүнд ногдох ДНБ өсөх нь жам.
Харин Н.Номтойбаяр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өгөх үеэрээ "Мөрийн хөтөлбөрийн хуулийн дагуу Алсын хараа 2050-тай уялдуулах ёстой байсан. Хэдийгээр улс оронд алс хэтийн бодлого байх нь зөв ч уг бодлогод тодорхой алдаа дутагдал байгааг мөн олж харлаа. Иймд цаашид улс төрийн нам, мэргэжилтнүүдийн төлөөллийг хангаж уг хөгжлийн бодлогод тодотгол, шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Н.Номтойбаярын хэлсэнчлэн алдаа дутагдалтай юм бол, тэр алдаа дутагдлынх нь замаар МАН дангаараа бус Монгол Улс нийтээрээ алхаж буй билээ.
Энэ жилийн улс төрийн сонгуульд голлох байр суурийг эзлэх гурван намын нэгд таамаг эвдэн орж ирсэн нь "Үндэсний эвсэл". Ингээд АН, МАН, Үндэсний эвсэл гурав өрсөлдөж, эрх мэдлийн дэнсэн дээр тулгарна.
АН ч МАН-ын алдаа завхралыг засна гэдгээ онцолж байв. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хэлэхдээ, "Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө. Бүтэн Монгол төлөвлөгөө 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Энэ нь Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм. Манай намын хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөрөө дэвшүүлж байна" гэсэн юм.
Харин ХҮН-ын тухайд бас бус улс төрийн намуудаас толгойд цохино. ХҮН-ын хувьд гадаадад суугаа монголчууд саналыг тусгасан нь онцлог гэж үзэж байгаа аж. Түүнчлэн эдийн засаг, татвар гэх зэрэг асуудлуудад голчлон анхаарахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
М.Жаргал