Зуны улирал ачааллан одож, намрын эхэн сар гарлаа. Зуны бороонд адислуулж ханасан өтөл навчис хөлд хөглөрөх цаг удахгүй билээ. Та бүхэнд зуныг үдэх зургаан шүлгийг хүргэж байна.
Яруу найрагч Б.Эрдэнэсолонго- Зун шиг
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр
Чи яг ус шиг Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Чи
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана...
Яруу найрагч Х.Нямхишиг- Дүнзэн байшин
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт…
Яруу найрагч Б.Лхагвасүрэн- Зун их зүүд
Тээрсэн нохой гэрийн сүүдэрт
Тэнийлгэсэн арьс шиг сунайна
Саамандаа цохиулсан унага
Сагагаа эрүүлэн унтана
Нумын бөгтрөг шиг майга хөлтэй хүүхэд
Нүцгэн ходоогоо гарган зогсоно
Хоёр хөлөн дундуур нь
Холоо саахалтын гурван гэр харагдана
Саяхан эндээс айрганд халамцсан эр
Солгой хоолойгоор "ар хөвч" дуулан бүдгэрнэ
Аяын салхи, адууны салхи хоёрын сэвэлзээнд
Ааруул дээрх элээний үргээлгэ дэрвэнэ
Манхны оройгоос
Шар утаа савсаж
Майхны баадангаас
Даалимбаны хиншүү ханхална
Оодонгийн улаан тугалнууд
"Огинскийн полонез" бүжиглэнэ...
Яруу найрагч Г.Аюурзана- Дурсамж
Гучин нас хүрэхэд, итгэж болох хүмүүс
Гудамжаар хийсэх сүүлчийн навчис шиг улам л ховордоно
Ойд хашгирсан, хүүхэн хүний богинохон нэр шиг
Олон дахин цуурайтавч сураггүй замхрах
Хүн чанар, шударга ариуны тухай
Хүүхэд насны цагаахан төсөөллөө өрөвдөнө
Цагаахан итгэлийг минь туучлах гутлуудын дороос
Цас нужигнах, өвөл айсуй дуулдана.
Ий-тий. Хорин хэдэн өвлийн дурсамж
Энэ намар намайг юутай их хайрна вэ
Итгэж болох хүмүүс гудамжаар хөглөрөх навчис шиг
Тэр л дурсамж руу цувна.
Тэр л дурсамж руу,
Тэгэхдээ ганц нэгээрээ, тасралтгүй!
Нобелийн шагналт зохиолч Томас Транстрүмэр- Мод, тэнгэр хоёр
Бороон дундуур алхах нэгэн мод
Борог саарал урсгал дор өнгөрсөн цагийг сандаачна
Жимсний бутан дээр суух хөөндэй шувуу шиг тэр
Жиндүү бороонд өртөөгүй бүхнийг цуглуулахаар яваа нь энэ
Бороо зогсож мод ч бас дороо хөшихүй
Болор мэт тунгалаг шөнө нам гүмд дарагдана.
Огторгуйд цасан ширхэг дэлбээлэх тэрхэн агшинд
Одоохон бидний юу ч юм хийхийг тэд сэмхэн хүлээнэ...
Яруу найрагч Г.Сүхзориг- Цэцэрлэгт
Гэртээ харих цэцэрлэгт гудамжны
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх гэрэл
Ялаа шумуулаа залхуутайяа үргээн зогсоо үнээ мэт хүлцэнгүй
Үнээ мэт хүлцэнгүй шөнийн гэрэл дор
Хөгшид хааяахан бодлогоширч суух модон сандал
Зүүрмэглэнгүй
Цагийн зүү цохилох мэт
Хосын озолдон үнсэлдэх яанагийн чимээ харанхуй зүгээс
Эгшиглэх агаад
Хүлцэнгүй зүүрмэглэгчдийн бодлогошрох
дурсамжид хүртээлгүй.
Хэнхдэг цээжинд ер бусын нууцлаг орших зүрхний
Цэцэрлэгт гудамжнаа
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх
Хүлцэнгүй үнээ мэт гэрэлд
Зүүрмэглэгч модон сандал бий...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)