Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
Тавантолгойн дулааны станцын бүтээн байгуулалт 10 гаруй жил гацсан
шалтгаан юу вэ?
2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 гаруй жил гацсан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэх аж.
Гэвч тус төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон байдаг. Улмаар 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлжээ.
Станцын ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны 12 дугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилжээ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн байна. Тухайн станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлсөөр ирсэн агаад 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн байдаг.
Тавантолгойн станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэжээ.
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 10 дугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болжээ. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байдаг.
Улмаар 2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн нь, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ.
Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон байна.
Яагаад Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл чухал вэ?
Өмнийн бүсийн уул уурхайн болон Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэгцээг найдвартай бүрэн хангахад оршино.
Жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
Оюутолгой ХХК-ийн БНХАУ-аас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын урсгалыг зогсооно.
Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болох аж.
Станц ашиглалтад орсноор жил бүр Улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлнэ гэж төслийн танилцуулгад бичжээ.
Станцаас ялгарах хийн хэмжээ нь Монгол Улсын MNS6298:2011 стандартыг хангасан, агаар бохирдуулагч бодисын хэмжээ, усны хэрэглээ нь хамгийн бага байхаар төлөвлөгдсөн, агаарын хөргөлттэй конденсатор, орчин үеийн удирдлага мэдээллийн систем бүхий бүрэн автоматчилагдсан байх аж.
М.Жаргал