БАРИМТ 1
Хун бол эрт дээр үеэс гоо үзэсгэлэн, үнэнч байдлын бэлгэдэл шувуудын нэг байсаар ирсэн. Хунгийн үнэнч байдал, бардам зан, цасан цагаан өд, муруй хүзүүг бүх цаг үе, ард түмний яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид дуулдаг билээ.
БАРИМТ 2
Хун нь галуу, нугасны хамт Нугасныхан овогт багтдаг усны шувуу юм.
БАРИМТ 3
Нийт 6-7 зүйл байдаг. Харин сүүлд Коскороба хун гэсэн нэг зүйл нэмэгджээ.
БАРИМТ 4
Хун шувууд нь Нугасныхан овгийн дотор хамгийн том биетэйд орох ба нисдэг шувуудын дунд ч томд тооцогдоно.
БАРИМТ 5
Тухайлбал, хамгийн том биетэй зүйлүүд болох Хуруут хун, Хойд Америкийн цагаан хун (бүрээч хун), гангар хун зэрэг нь 140-160 см урт, 20 кг хүртэл жинтэй, далавчаа дэлгэсэн урт 3 м хүртэл байдаг аж. Хүзүү нь их биетэйгээ ижил урттай.
БАРИМТ 6
Нүд болон хошууны хооронд өдгүй арьстай.
БАРИМТ 7
Эр, эм хун адил өнгийн өд, үзэмжтэй ба эм нь биеэр арай жижиг.
БАРИМТ 8
Хунгийн урт хүзүү нь усан доороос хоол хүнс авахад хялбар болгодог байна.
БАРИМТ 9
Хоол хайхдаа нугас шиг шумбаж, усан дор толгойгоо доошлуулж, сүүлээ наадаг. Хэлгүй хун нь урт хүзүүнийхээ ачаар 1 м-ийн гүнээс усны ургамалд хүрч чаддаг.
БАРИМТ 10
Хун нь усан дээр эсвэл намагт ургадаг ургамал, шавж, тэдгээрийн авгалдай, өт, хясаа, хоёр нутагтан, загасаар хооллодог.
БАРИМТ 11
Хун бол үнэхээр үнэнч шувуу юм. Тухайлбал насан туршдаа нэг хостой байдаг.
БАРИМТ 12
Хун удаан хугацаагаар буюу 30-40 жил амьдардаг.
БАРИМТ 13
Хунгийн нэг зүйл болох хэлгүй хун бол хамгийн үзэсгэлэнтэй. Тэрбээр цав цагаан бөгөөд хүзүү нь латин S үсэг шиг нуман хэлбэртэй. Мөн энэ хунг дуугаралтаараа хэлгүй хун гэж нэрлэсэн. Уурласан үедээ тэд исгэрдэг байна.
БАРИМТ 14
Хун шувуу 60-80 км/цагийн хурдтай нисдэг.
БАРИМТ 15
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар цагаан холилдсон байдаг.
БАРИМТ 16
Австралийн билэг тэмдэг болсон Хар хунгийн бүх бие нь хар өнгөтэй. Харин дэгдээхэй нь цайвар саарал өнгөтэй байдаг. Хар хун бол Сидней хотын бэлгэ тэмдэг юм.
БАРИМТ 17
Гангар хун нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна.
БАРИМТ 18
Мөн гангар хун хосоороо амьдрах ба хамтран үүрээ засдаг байна. Эм хун 4-7 ш өндөг гаргадаг бол эр хун нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй.
БАРИМТ 19
Хар хүзүүт хун Скандинав, Исландын цөөрөм, нуурын ойролцоо үүрээ засдаг бөгөөд өвлийн улиралд цөөрөм, нуур, томоохон гол мөрөнд амьдардаг.
БАРИМТ 20
Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгийн чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй байна. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой юм.
БАРИМТ 21
Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд ажээ. Түүний нэг нь Ганга нуур юм.
БАРИМТ 22
Аравдугаар сард Сүхбаатар аймаг руу ирэх дотоодын аялагч нарын тоо эрс нэмэгддэг. Тухайлбал, тэрхүү хунгийн чуулган жуулчдын үзэх дуртай зүйлүүдийн нэг болжээ.
БАРИМТ 23
Гэвч олны хөл, жуулчдын чимээгээр хун шувууд хоол тэжээлээ нөхөж, хүч тамираа хангалттай сэлбэж чадаагүйгээс үргэж, улмаар замдаа хорогддог аж.
БАРИМТ 24
Буцаж буй шувуудын хойноос сүү сааль өргөдөг заншил Монголд огт байгаагүй байна. Шувуудын араас нулимс унагах, харж гиюүрэх зэрэг нь муу ёр гэж үзсээр иржээ. Явж байгаа амьтан үлдэж байгаа бүхний хамаг сайн сайхныг хаман оддог хэмээн үзэж хаалга үүдээ хүртэл хааж түгждэг заншилтай.
Сэтгэгдэл (4)