Нийслэлийг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны төслийн явцтай нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан баг танилцлаа. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур 1008 айлын орон сууц болон СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц”-ын байршил дээр ажиллав.
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд Ногоон нуур 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих ажлыг 2021 онд эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 73 хувьтай, энэ оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.
Ногоон нуур орон сууцны төслийн Ерөнхий инженер Б.Эрдэнэсүрэн “Барилгын дэд бүтцийн шийдлийн хувьд бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна. Ногоон нуур 1008 айлын орон сууц нь найман блок 21 давхар бүрэн цутгамал бөгөөд нийт 4.2 га газрыг хамарч байна. Орон сууцын хувьд 50.5 м.кв болон 49 м.кв гэсэн хоёр сонголттой баригдаж буй бөгөөд нийт 413 машины зогсоолын 273 нь дотор гараашинд байрлана” гэсэн юм.
Харин СХД-ийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамарсан Баянхошуу дэд төвийн төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилгын явц 85 хувьтай байгаа талаар Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн архитектор П.Сүрэнжав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төсөл нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар 2020 онд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 5.5 га газрыг хамарсан 462 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил ийнхүү үргэлжилж байна. Цаашид 20 га газарт 2338 айлын ногоон орон сууцыг барих юм. Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууц 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү ногоон орон сууцанд саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлог юм” хэмээн тайлбарлалаа.