Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Трампын элчтэй уулзах үеэрээ дайныг зогсоохын тулд "найдвартай, тодорхой" аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй талаар ярилцсан гэж мэдэгдэв. Д.Трампын элчээр Кэйт Келлогг очжээ. Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц "Трамп Зеленскийд маш их бухимдаж байна" гэжээ.
Лхагва гарагт Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээсэн бол Украины ерөнхийлөгч В.Зеленский Трампыг Оросын "худал хуурмагийн орон зайд амьдарч байна" гэж буруутгасан.
Үүний зэрэгцээ, Их Британийн армийн дарга асан хэлэхдээ, АНУ-ын дэмжлэгээс үл хамааран Оростой энхийн хэлэлцээр байгуулсан тохиолдолд Их Британи, Европ Украинд аюулгүй байдлын баталгаа болгож олон мянган цэрэг оруулж магадгүй гэсэн.
Уулзалтын үеэр "Бидэнд үнэхээр үр дүнтэй гэрээ хэлэлцээр хэрэгтэй. Эдийн засгийн ашиг сонирхол, аюулгүй байдлын ашиг сонирхол үргэлж хамт байх ёстой. Мөн гэрээний нарийн ширийн зүйл чухал. Нарийвчилсан мэдээллийг сайтар боловсруулах тусам үр дүн нь сайн байх болно" гэж Зеленский хэлжээ. Зеленский Келлогтой фронтын шугам болон Орост хоригдож байсан "бүх дайны олзлогдогсдоо суллах шаардлагатай" талаар ярьсан байна.
Тэрбээр "Дайн дахин болохгүй байхын тулд найдвартай, тодорхой аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй байна. Бидэнд болон Европ, Америк бүгдэд нь энх тайван хэрэгтэй" гэжээ. Зеленский мөн пүрэв гаргийн орой Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцсан бөгөөд энэ үеэр тэд дээр хэлсэнчлэн аюулгүй байдлын баталгааны тухай санал нэгдсэн бололтой. Тэрбээр Дани, Норвеги, Канад, Өмнөд Африк, Финландын удирдагчидтай мөн ярилцжээ.
Л.Баяр