Монгол наадам өнө эртний түүхтэй. Гэхдээ Ардын хувьсгал ялсан 1921 оноос Монгол наадмыг ёсчлон тэмдэглэсэн. Чухамдаа энэ үеэс баяр наадамд үзүүлсэн амжилтыг албан ёсоор тооцож ирсэн. Баяр наадмын хамгийн сонирхолтой, бас үзүүштэй нь бөхийн барилдаан гэвэл маргах хүн цөөн байх болов уу. Баяр наадмыг бөхийн барилдаанаар нээж, бас хаадаг. Иймд монгол бөхийн барилдаан баяр наадамд гол байр суурийг эзэлдэг гэлтэй.
Өнгөрсөн зуунд Улсын баяр наадамд хамгийн олон түрүүлсэн бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар юм. Тэдний түрүүлсэн тоог нэгтгэвэл 21. Хоёр аваргын үзүүлсэн амжилтыг өнөө ч шинэчлээгүй. Х.Баянмөнх аварга улсын наадамд 10 түрүүлэхдээ найман өөр бөхтэй түрүү булаалдан давсан бол Б.Бат-Эрдэнэ аварга таван өөр бөхтэй түрүү булаалдан давсан гэх.
Тэгвэл шинэ зуун гарснаас хойш 22 жилийн хугацаанд ердөө хоёр дархан аварга цолтон төрсөн нь А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар байна. Тэд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш 24 жилийн дараа төрсөн “ихэр дархан аварга”-ууд юм. Энэ нь хамгийн удаан хүлээгдэж ирсэн дархан аварга болно. Үүнээс өмнө хамгийн анхны дархан аварга буюу Б.Түвдэндоржоос хойш 14 жилийн дараа Д.Дамдин дархан аварга болсон нь хоёрдугаарт бичигдэнэ. Тэгвэл шинэ зууны дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг залгах нь хэн бэ.
Боломжтой гэвэл Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат юм. Тэд энэ жил түрүүлж гэмээн дархан аварга болох билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)