Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг сайн хийсэн учир Ebarimt, E-mongolia-г далайд гарцгүй орнууд сонирхож байна.
Төрд буй эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлж, цаашид дижитал эдийн засаг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэх, Монголоос дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг тавьж байгааг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шалгуур, журмыг гаргах үндэсний зөвлөл анхдугаар хурлын үеэр онцлов.
Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй бөгөөд тус хурлаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Энэ үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэнийг ЦХИХХЯ мэдээлжээ.
ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: УИХ-аас Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна. Үндэсний зөвлөл цаашид Монголд инновацын экосистем бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчин бий болгох үүрэгтэй. Мөн, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж, УИХ, Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй хийх технологийн шийдэл нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай”-г тэмдэглэлээ.
Монгол Улсын ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 3.2 хувийг эзэлж байгаа билээ.