Сагсанбөмбөгийн спортод амжилттай яваа залуу тоглогчдын нэг бол яахын аргагүй А.Энхбаясгалан. Оюутны лигээс эхэлж сагсан бөмбөгийн спортод өөрийн орон зайг бүрдүүлсэн түүний хувьд “М Гарьд” багтай шинэ улирлаа эхлүүлнэ. 17 насандаа анх Сагсанбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс гараагаа эхэлж байсан тэрбээр өдгөө Монгол улсын шигшээ багийн тамирчнаар нэрлэгдээд буй. Ингээд уншигч та бүхэнд “М Гарьд” багийн тамирчин А.Энхбаясгалантай ярилцсанаа хүргэе.
А.Энхбаясгалангийн талаарх сонирхолтой баримтаас:
-Тэрбээр 1997 оны наймдугаар сарын 14-нд Булган аймгийн Булган суманд төржээ.
-Наймдугаар ангиасаа волейболоор хичээллэсэн түүний хувьд төгсөх ангиасаа эхлэн сагсанбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн.
-17 насандаа Сагсанбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Шилдэг тоглогч” болсноор МУИС-д урилгаар суралцах эрхтэй болсон.
-Тус урилгаараа 2015 онд МУИС-ын Бизнесийн сургуульд элсэн суралцаж байв.
-Найз охинтойгоо үерхээд нэг жил хагас болж байгаа.
-193 см өндөр, 91 кг жинтэй.
-Чөлөөт цагаараа агаарт гарч амарч өнгөрөөх дуртай.
-Ногоон өнгөнд дуртай.
-Ээжийн хийсэн банштай цай, аарцтай будаатай шөлөнд дуртай.
-Харин түүний хамгийн сайн хийдэг хоол нь будаатай шөл гэнэ.
-Ярилцлагаа таны оюутан наснаас эхэлсэн нь зөв байх. А.Энхбаясгалангын хувьд оюутны лигийн дөрвөн жилд МУИС-ын №1 тоглогч хүртэл явсан. 2019 оны буюу төгсөх жилийн оюутны аварга тод санагдаж байна, нэг талаараа харамсалтай үйл явдлууд болсон хэдий ч түүхэнд үлдэхээр үнэ цэнтэй оюутны аваргын финал байсан байх. Тэр үеийн оюутны аваргыг эргэн дурсвал?
-Миний хувьд хоёрдугаар курсээсээ төгсөх хүртлээ багийн ахлагч байсан. Оюутны анхны жилдээ финалийн шатанд Сити их сургуулийн багтай тоглоод мөнгөн медаль хүртсэн. Харин түүний дараа жил дахиад Сити их сургуулийн багтай таарч хожигдсон түүх бий. Гуравдугаар курстээ манай баг шилдэг дөрвөн багийн тоглолтод баззардуулаад дөрөвдүгээр байранд орсон. Төгсөх жилийн финалын тоглолтод “Этүгэн ирвэсүүд” багтай аваргын төлөө тоглоод мөнгөн медаль хүртсэн. Тэр жил Оюутны лигийн холбоо, SPS телевизээс “NBA final league”-ийн тоглолт үзэх эрхээр шагнуулж байсан.
-Монголын оюутны лигийг харвал тодорхой хэдэн баг сайн явж байна. Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчийн хувьд онцлог нь юу вэ? Таны хувьд?
-Манай Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчийн хувьд багийн системийг гол зарчмаа болгож ажилладаг. Анх оюутан болоод ирэхэд тухайн тоглогчийн ур чадварыг багийн системд уусгаж, багийн тоглолтод сургахад их нөлөө үзүүлдэг.
-МУИС-аас тоглож байгаад “Архангайн алтан дорнодын дайчид” багт тоглож байсан. Тухайн үеийн 21 аймгийн дээд лигт тоглох мэдрэмж ямар байсан бэ?
-Өнгөрсөн 2017-2019 онд “Архангайн алтан дорнодын дайчид” багаас тоглосон. Тухайн үед Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагч маань Архангайн дайчид багийн дасгалжуулагч болоод МУИС-д тоглож байсан төгсөгчид болох О.Энхбаатар, Х.Эрдэнэ-Очир, М.Цэвээндорж бид дөрөв анх Архангайн дайчид багт орж байсан. Ингээд гурван жил дараалалж дээд лигийн аваргаар шалгарсан. Энэ үед хамгийн зузаан бүрэлдэхүүнтэй баг байсан. Эхний жилд Г.Баттөр ах байж байгаад хоёрдох жилд Б.Билгүүн ах, О.Сэргэлэн ах нар нэмэгдэж орж ирсэн. Гуравдах жилд Ц.Азбаяр ах, Т.Санчир ах орж ирээд гоё бүрэлдэхүүнээр лигт оролцож байсан. Тухайн үеийн хамгийн том тэмцээн бол 21 аймгийн лиг, дээд лиг тусдаа болж байсан. Тэр ч утгаараа сайхан дурсамж олон бий.
-Тоглогчийн дугаарын хувьд Коби Брайнтыг шүтдэг болохоороо 24 дугаарыг сонгосон уу?
-Анх Булган аймгаас тоглож байхдаа 9 дугаартай тоглож байсан. МУИС-д ороод энэ дугаараа авах гэтэл давхацсан. Би Коби Брайнтын тоглолтыг үзэх дуртай, хувь хүнийх нь зан чанар нь таалагддаг, хүндэлдэг учраас эргэлзэлгүй 24 дугаарыг сонгосон. Хэсэг завсарлаад “Стормс” багт тоглохдоо буцаад 9 дугаартай тоглосон чинь нэг л дасаж өгөхгүй байсан. Тиймээс эргээд 24 дугаараа авсан.
-21 аймгийн лигт тоглосны дараа яагаад Этүгэн ирвэсүүд багийг сонгосон бэ? Дээд лиг, 21 аймгийн лиг нэгдэхэд Архангайн дайчид багаасаа тоглоно гэж бодож байсан уу? Сонголт юунд байв?
-Оюутны лиг дуусаад О.Баярцогт дасгалжуулагч дээр очно гэсэн бодолтой байсан. Яагаад гэвэл оюутны лигт тоглож байсан түвшнээс илүү тоглодог болж байж дээд лигт тоглох, шигшээ багт орно гэдгийг мэдэж байсан. Тиймээс дараагийн түвшинд гаръя, хувийн ур чадварын бэлтгэл хийе гэж О.Баярцогт дасгалжуулагчаас сурах зүйл их байсан учраас “Этүгэн ирвэсүүд” багийг сонгож байсан. Ер нь бол дасгалжуулагчаа сонгосон. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл дасгалжуулагчтайгаа хамтдаа багаа бүрдүүлээд явж байна.
-NBA үзэж байгаа юу? Ямар баг дэмжиж байна вэ? Тоглолтыг нь үзэх дуртай, үлгэр дуурайлал авдаг тоглогч бий юу?
-Би NBA-ийг 2012, 2013 оноос үзэж эхэлсэн. “Golden state wariors” сууриа тавьж эхэлж байсан үе. Тэр үеэс эхэлж энэ багийн тоглолтыг үзэж, дэмжиж ирсэн. Яагаад гэвэл багийн тоглолт жигд, дасгалжуулагч, тоглогч нарын харилцаа сайтай учраас энэ багаас их зүйл сурч байдаг. NBA-ийн хувь тоглогч нараас Коби Брайнтыг үзэх дуртай байсан. Одоо бол “Devin Booker”-ийн тоглолтыг үзэж байна. Тоглолтын хувьд Кобитой төстэй, дундын зайнаас тоглодог, шидэлт тохолтуудад нь дуртай.
-Монголын дээд лигийн тамирчдаас дэмждэг тоглогч бий юу? Сагсан бөмбөгийн тамирчин болохоосоо өмнө тоглолтыг нь үздэг, дэмждэг тоглогч байсан уу?
-Анх 17 насны улсын аваргын тэмцээнд тоглож байхдаа ордонд очиж дээд лигийн тоглолт үзэхдээ Г.Баттөр ахын тоглолтыг үзэх дуртай байсан. Зурагтаар тоглолтыг нь үздэг байсан хүүхэд спортын ордонд ороод дэргэдээс нь үзэхэд ах нарын тоглолт маш гоё санагдаж байсан. Тэр дундаас Г.Баттөр ах маш сайн тоглож байсан. Удалгүй өөрөө нэг багт ороод тоглосон. Ах нараасаа, Төрөө ахаасаа одоог хүртэл үлгэр дуурайлал авдаг. Ах нар маань ч бас дүү нартаа сайн үлгэр дуурайлал болдог.
-Анзаараад байхад чиний Г.Баттөрөөс сураагүй ганц юм нь эмоци байх. Даруухан тоглолттой харагддаг. Г.Баттөрийн хувьд эмоци өндөртэй тоглогч шүү дээ, түүнээсээ өөрөө хурцлагдаж байдаг. Харин А.Энхбаясгалангийн хувьд шийдвэрлэх үед оноо авсан ч гэсэн тайван байгаа харагддаг.
-Тийм байх. Би ил эмоци гаргаж чаддаггүй юм аа. Харин дотроо бол гоё байдаг.
-Танай гэр бүлд спортын хүн бий юу? Айлын хэддэх хүүхэд вэ?
-Би айлын дундах хүү. Дээрээ нэг эгч, нэг охин дүүтэй. Манай ээж, өвөө маань волейболоор хичээллэдэг байсан. Тэр ч утгаараа ээж маань спортын эвсэлтэй, төрмөл өгөгдөлтэй. Ээжийн маань тэр хөдөлгөөний эвсэл, өгөгдөл нь надад өвлөж ирсэн юм болов уу гэж боддог.
-Волейбол тоглож байгаа юу? Эсвэл бүр орхисон уу? Тоглох цаг зав хэр байдаг вэ?
-Волейбол тоглоогүй удсан байна. Анх сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэхдээ волейбол суурьтай эхэлсэн хэдий ч одоогоор бол орхисон байгаа. Хааяа нэг найзуудтайгаа ч юм уу жилдээ цөөхөн удаа л тоглодог.
-Монголд тамирчны амьдралаар амьдрах боломжтой юу? таны хувьд? Өмнөх үетэй адил өглөө ажил, орой бэлтгэл гэж явж байна уу?
-Их сургуулиа төгссөнөөс хойш тогтсон ажил хийгээгүй байгаа. Ажил, амьдралаа 100 хувь сагсанбөмбөгт зориулж байна. О.Баярцогт дасгалжуулагч дээр ирснээс хойш жилийн дөрвөн улирал байнгын бэлтгэлтэй байгаа. Одоогоор гэр бүл зохиогоогүй болохоор тамирчны амьдралаар амьдарч байна даа. Нэг үеэ бодвол тамирчны статусаар ажиллаж, амьдрах боломжтой болсон гэж бодож байгаа. 100 хувь амьдралаа сагсанбөмбөгт зориулахад болохгүй зүйл байхгүй.
-А.Энхбаясгалангийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Уншигчдад сонирхуулах боломжтой юу?
-Долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт өглөөний шидэлт, өдрийн бэлтгэлтэй. Харин мягмар, пүрэв гарагт хүчний бэлтгэл хийж өнгөрдөг. Амралтын өдрүүдийг амрахад зориулж байна даа.
-Дэлхий нийтийн сагсан бөмбөгийг харвал, NBA, “Golden state warriors”-ийн хувьсгал гэх үү, гурвын зайнаас тоглох дуртай болчихлоо. Харин Монголын сагсчдыг харвал өөрөө, О.Ууганбаяр, Э.Дорж-Арилд ч юм уу дундын зайнаас шиддэг хүмүүс байна. Энэ онцлогоо чи хаанаас сурсан бэ, Дасгалжуулагчийн заавар байна уу, чиний онцлог байна уу?
-Ажиглаад байхад Монголд нэг бол гурвын зайнаас шиддэг, нэг бол дайрч ороод оролт хийдэг. Гурвын зайнаас шидээд, дайрч ороод, дундаас шидэж байгаа тоглогч цөөхөн байна. Жишээлбэл, Уугаа ах, Э.Дорж-Арилд ах нар байна. Миний хувьд бүх талын тоглолтыг эзэмшье гэж бодож байгаа. Тиймээс сүүлийн үед гурвын зайны шидэлтээ давтаж байна, ур чадвараа нэмэхийн тулд АНУ-ын тоглогчдын үздэг хичээлийг үзээд, олон шинэ зүйлс туршиж үзэж байна.
-Анхнаасаа дундын зайнаас шидэж сурсан уу, өөрчилье гэж бодож байсан уу?
-Гурвын зайнаас шидэх бол гоё мэдрэмж л дээ, кайфтай. Гэхдээ голцуу дундаас шидэлтийн тоглолтод суурилж явдаг. Тоглолтын үеэр ч тэр аль болох дундын зайнаас тоглоод сурчихсан байдаг. Харин карентинаас хойш бүх талын ур чадвараа хөгжүүлэхийг илүүд үзэх болсон.
- Байрлалын хувьд цэвэр дөрөвдүгээрт тоглож байна уу? Аль ч байрлалд тоглодог байлаа гэсэн байрлалаа өөрчлөх шилжилт ямар байна вэ? “NBA” ч тэр төвийн тоглогчгүй хувилбарт шилжиж байна?
-Энэ ч гэсэн “Golden state warriors”-ийн систем. Миний хувьд аль ч байрлалаас тоглодог байхын тулд ур чадварын бэлтгэлээ хангаж байгаа. Бэлтгэлээ сайн хийвэл ямар ч асуудалгүй. Удаан хугацааны бэлтгэлийн дараа өөрчлөлт гарна гэж боддог.
-Этүгэн ирвэсүүд энэ жил Г.Баттөр, Д.Мөнхтүвшин зэрэг туршлагатай бүрэлдэхүүнтэй байлаа. Харин зорьсон амжилтдаа хүрсэн үү? Аваргын амбицтай орж ирсэн байх. Өмнөх улирлыг юу гэж дүгнэсэн бэ?
-Аваргын төлөөх амбиц байсан. Өнгөрсөн плей-офф дээр Архангайн дайчид багийн тоглогчдын ур чадвар тэнцүүхэн, сэлгээ жигд тоглогчтой байсан. Сагсан бөмбөгт яг гарааны таван тоглогчоор эхлээд түүгээрээ дуусна гэж байхгүй. Манай багийн хувьд сэлгээ дутмаг байсан байх гэж харж байгаа.
-А.Энхбаясгалангын хувьд дасгалжуулагчаа дагаад өөр өөр багт тоглож байгаа гэж байна. Энэ удаад дээд лигийн шинэ багт очоод багийн дотоод уур амьсгал хэр байна вэ? Хүндрэлтэй, эсвэл давуу тал нь юу байна гэж харж байна?
-“М Гарьд” багийн хувьд олон жилийн түүхтэй, өөрсдийн гэсэн соёл тогтсон баг. Багийн бүрэлдэхүүний хувьд нэг үеийн залуучууд байгаа учраас хоорондоо ойлголцоход асуудалгүй байгаа. Шинэ бүрэлдэхүүнээрээ Эрдэнэтийн уурхайчид багтай, Ш.Энхийн-Одийн багтай тоглолт хийсэн. Сүүлийн үед байнгын бэлтгэлтэй байгаа.
-Шигшээ багт нэрээ дуудуулах мэдрэмж ямар байсан бэ?
-О.Баярцогт дасгалжуулагч бид хоёр карентиний үеэс эхэлж бэлтгэлээ базаасан. Өмнө нь МУИС-д байхдаа 2018 оны Жакартагийн шигшээ багт дуудагдаж байсан. Тухайн үед өөрийгөө арай болоогүй гэж мэдэж байсан болохоор бэлтгэлдээ ч ороогүй. Харин энэ жил дээд лигт байр сууриа олох, тоглолтын түвшин ахиулах, бүх оддын тоглолтод орох, улсын шигшээ багт багтах зорилгоор карентинаас хойш бэлтгэлээ хангасан. Мэдээж нэрээ дуудуулах сайхан, хамт нэр дуудагдсан бүрэлдэхүүн ч бас гоё байсан. Цахимаар харахад хүмүүс сайхнаар хүлээж авсан байсан.
-Шигшээ багийн бэлтгэл, багийн бэлтгэл хэр ялгаатай байна вэ? Сая “FIBA Asia cup 2022” тэмцээн болох байсан хойшиллоо. Энэ хугацаанд нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Энэ бэлтгэлийн нөлөө хэр үр дүнтэй байв?
-Бид дөрөвдүгээр сарын сүүлээс эхэлж бэлтгэлээ эхэлсэн. Тэмцээн болохоос найм хоногийн өмнө тэмцээн хойшилсон. Миний хувьд шигшээ багийн өөр түвшний олон тамирчидтай, өөр дасгалжуулагчтай бэлтгэл хийж өөрийгөө сорьж үзье гэж бодсон. Үндсэн шигшээгийн бүрэлдэхүүнд багтахын тулд бэлтгэл дээр өрсөлдөөн явагдаж байдаг.
- Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй бол яана гэдэг айдас байсан уу?
- Айдас байгаагүй ээ. Ерөнхийдөө байрлал дээрээ дажгүй гэж бодож байсан.
-Т.Санчир шигшээ багийн ахлагч байсан. Багийн ахлагчийн хувьд бэлтгэлийн турш тоглогчдод үзүүлэх нөлөө хэр байсан бэ?
-Шигшээ багийн эхний бэлтгэл дээр багийн ахлагчаар Т.Санчир ахыг сонгосон. Залуу тоглогч нар олон байсан болохоор эхний бэлтгэлээс эхлээд үлгэрлээд явсан. Бэлтгэлээ таслахгүй, цаг тухайд нь ирээд дүү нартаа тусалж дэмжсэн. Олон улсын тэмцээнд яваад үзсэн, Азийн топ таван тамирчны нэгээр нэрлэгдсэн хүн өөр байдаг юм билээ. Миний хувьд сайн багийн ахлагч байсан гэж бодож байна.
-Гадаадад байсан гурван тоглогч шигшээ багт ирсэн. Тэдний тоглолтын түвшин хэр байсан бэ? Ялгаа гарч байв уу?
-Хамгийн түрүүнд Н.Батбаяр ирсэн. Сар гаруй хугацаанд амарч байгаад ирсэн гэхэд тоглолтын түвшин сайн байсан. Солонгос сагсанбөмбөгийн суурь өөр байдаг юм билээ. Д.Баясгалантай 2015 оны Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хамт явж байсан. Харин Ш.Энхийн-Одтой өмнө нь тоглож байсан, Н.Батбаяртай тоглож үзээгүй байсан. Энэ гурваасаа давуу талуудыг нь харж авсан. Жишээлбэл, Н.Батбаярын гүйлтээс яаж гарч ирж тоглож байна, Д.Баясгалангийн холбогчийн ур чадвар, тэсрэлт ямар байна, Ш.Энхийн-Од багаасаа Америкийн сагсан бөмбөгөөр хичээллэсэн, ур чадварын хувьд ямар байна гэх мэтээр давуу талыг нь харж байсан. Монголдоо байгаа тамирчдаас нэг, хоёр шат илүү санагдсан. Суурийг нь зөв тавиад өдрийн хоёроос гурван бэлтгэл хийгээд ирэхээр түвшин илүү байгаа байх.
-Дээд лигийн тамирчдаас нэгийн эсрэг нэг тоглоход хамгийн хэцүү, чамайг сайн хамгаалдаг, эвгүй довтлуулдаг тоглогч хэн бэ? Онцгойлж хэлбэл?
-Томми ах (Б.Билгүүн) зэвүүн тоглолттой, аргалж хамгаална. Өндөр болохоор блоклуулчих гээд, зальтай. Өөрөө Солонгост байсан болохоор хөлийн ажиллагаа, хамгаалалт сайтай.
-А.Энхбаясгалан 3х3-аар хичээллэх сонирхол бий юу?
-Хичээллэж байгаагүй ээ. 3х3-аас илүү 5х5 төрөлдөө сонирхолтой. Талбай дээр нэг л удаа тоглож үзсэн. Илүү ачаалал авдаг юм билээ.
-“М Гарьд” багийн хувьд ойрын зорилгоос хуваалцвал? Багийн бүрэлдэхүүн сайн тоглогч нар цугларлаа, туршлагатай дасгалжуулагч ирлээ шүү дээ?
-Багаараа уулзаад зуны бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ирэх жилийн дээд лигт аваргын төлөө гарах зорилготой. Үүнийхээ төлөө урт хугацааны төлөвлөгөө боловсруулаад явж байна.
-Энэ жилийн дээд лигийн тоглолтод легионер тамирчид ирсэн. Легионер тамирчны сонголтод аваргын хувь заяанд нөлөөлж байна гэж бодож байна уу?
-Ер нь бол тийм. Өмнө нь легионер тамирчид тоглолтын үед хоёр тамирчин талбай дээр гардаг байсан. Хоёр тоглогч тоглолтын хувь заяаг шийдэх чадвартай. Харин энэ жил талбай дээр нэг гарсан болохоор Монгол тоглогчдын үүрэг нэмэгдээд ирж байгаа юм. Манай улсын хувьд легионер тамирчин авч ирнэ гэдэг азын асуудал болдог. Бичлэгийг нь үзэхэд сайн тоглогч байгаад байдаг. Ирэхдээ янз бүр ирдэг. Бөмбөг бариагүй нэг жил орчим болчихсон, хар тамхи хэрэглэдэг ирэхийг ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн улирал Этүгэн ирвэсүүд багт ирсэн легионер тамирчин маань тийм хүн ирсэн. Тийм учраас азын асуудал болсон гэхэд хилсдэхгүй.
-Монголын дээд лигийн хамгийн амбицтай тоглогч гэвэл тэргүүн эгнээнд Г.Баттөр, Б.Мөнхболд гэж ярина. Хүмүүсийн яриагаар бол М Гарьд багийг Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарын баг гэж ярьдаг. Том ах нарын хувиар багийн тоглогчдод хэр нөлөөлж байна вэ?
-Одоохондоо гүйцэд бие биеэ мэдэх хугацаа хараахан болоогүй байна. Энэ багтаа нийлснээс хойш анзаарахад багийн дүү нартаа туслах үүрэгтэй болсон юм болов уу гэж харж байгаа. Мэдээж туршлагатай ах нар зааж зөвлөж байгаа. Тоглолтын хувьд гол тоглолтыг авч явах биш, үүргийн тоглогч болсон юм шиг санагдсан.
-Томоохон тоглолтын өмнө өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ? Тэр үедээ сонсож өөрийгөө зоригжуулдаг дуу, эсвэл өөр зүйл бий юу?
-Тийм дуу байхгүй юм байна. Аль болох бодлоо цэгцлээд сагсанбөмбөгөөс өөр зүйл бодохыг хичээдэг. Их юм бодоод байвал тоглолтдоо орж чаддаггүй.
-Тоглолтын цаг дуусаж байхад гурван оноогоор хожигдож байна гэж төсөөлье. Гурвын зайнаас шидэх боломж олдвол чи хэнд бөмбөгөө дамжуулах байсан бэ?
-О.Эрдэнэцогт байх. Гурвын зайнаас шидэлт сайтай. Дээрээс нь сэтгэл зүй сайтай тоглогч.
-“FIBA Asia cup basketball” хойшлогдсон. Энэ тэмцээн болсон бол гэсэн харамсал байсан уу?
-Мэдээж байсан. Бид бүрэлдэхүүнээрээ байрлаад нэг баг болоод жигдэрч эхэлж байсан. Тоглогч нарын хувьд ч сайн.
-Одоо шигшээ баг бэлтгэл хийж байгаа юу?
-Ирэх наймдугаар сарын 01-ээс шигшээ багийн бэлтгэл эхэлнэ. Сая шигшээ баг нэгдээд олон улсын тэмцээнд орох эрх нээгдэж байна. Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сараас эхлээд ирэх он дуустал олон тэмцээн байгаа. Шигшээ багийн дарга М.Отгонбаяр ахын хэлснээр шигшээ баг долоо хоног бүр уулздаг, байнгын бэлтгэлтэй, идэвхтэй байна гэсэн.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (1)