Өдгөө Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тасралтгүй 50 хоног үзэгч олонд хүрч байгаа “Тамгагүй төр” жүжгийн хамгийн гайхалтай, бүр нэг бүрчлэн ойроос үзэж харж, утга учир болон иш үндсийг нь нээн яриулмаар ялгарал, үнэт зүйл нь тайзны зураг болоод гоёл чимэглэл. “Тамгагүй төр” жүжгийн ерөнхий зураач Д.Ганзоригийн тухайд сүүлийн арав гаруй жилийн турш угсаатан зүйн чиглэлээр судалгаа хийж, түүнийгээ уран бүтээлдээ шингээн амьдруулахыг чухалчилж ирсэн. Түүний энэхүү ялгарал болоод үнэт зүйл “Тамгагүй төр” жүжгийг яах аргагүй баясал дүүрэн гоо зүй, судалгаанд суурилсан үзэмж төгөлдөр болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Иймд уг жүжгийн амин сүнс болсон тайз болоод хувцас чимэглэлийн талаар зорьж ярилцсанаа хүргэе.
-“Тамгагүй төр” жүжгийг үзсэн хүн бүр сайхан бүтээл, сайхан ур урлалын тухай сэтгэгдлээ илэрхийлж байна. Тайзны чимэглэл, хувцас хэрэгслийн гоё сайхны тухай энэ сайшаал, талархал зүй ёсоор Танд хаяглагдаж таарна байх гэж бодоод зорьж ярилцахаар шийдлээ?
-Баярлалаа. Юун түрүүнд “Hero” интертайментийн захирал Б.Баатарт талархал илэрхийлмээр байна. Намайг “Тамгагүй төр” жүжгийн зураачаар сонгон ажиллуулсанд баярлалаа гэж хэлье. Миний мэргэжил ер нь бол театрын зураач.
-Өө, тэгвэл тайзны хүн тайзандаа ирсэн хэрэг байх нь?
-Тийм ээ, гэхдээ сүүлийн арав гаруй жилийн турш эртний Монголын уран барилга, угсаатан зүй судлалаар уран бүтээл туурвихаар судалгааны чиглэлээр дагнан ажиллаж байна. Монгол хээний уламжлал юу юм, Монголын уран барилгын онцлог юу болохыг судалж танин мэдэх нь эргээд орчин цагт Монголынхоо урлагийг хэрхэн туурвин бүтээвэл зохилтой вэ гэдгийг танин мэдэж, үндэсний язгуур онцлогийг гаргахад их чухал санагдаад байгаа. Манайхан Монголын уран барилга гэхээр Гандан хүрээ хийд, Эрдэнэ зууг ойлгодог. Гэтэл яг судлаад үзэхээр тэс өөр зүй тогтол, ур урлал байх жишээний.
-Юу нь өөр гэж?
-Монгол гэсэн үндэсний онцлогийг тодотгодог ялгарал нь байгалийн зүй тогтол, аж амьдрал, соёл иргэншлийн мөн чанараараа их өөр өөр байдаг. Жишээ нь, Жанрайсаг гэхэд Төвөд Хятад хийцтэй барилга. Дээд талын барилга нь хятад байхад доод хэсгийн цагаан тоосго нь Төвөд урлалыг илэрхийлдэг. Харин Зүүн хүрээ хийд буюу Дашчойлон хийд бол цэвэр монгол хийц. Монгол гэрийн хэв шинжийг хадгалсан онцлог тэнд байна аа даа. Амарбаясгалант хийд бол цэвэр Монголын уран барилгын үнэт зүйл, ур ухааныг цогцлоосон уран барилга. Зүүн өмнөд Азид босоо гурвалжин хэлбэр зонхилж байхад Монголын үндсэн хэв шинж нь хэвтээ гурвалжин болж ирэх жишээний. Хуучин пионерийн ордны Богдын шар ордон байна. Мөн л Монгол уран барилгын хэв шинжээр баригдсан. Энэ болгоныг судалж, танин мэдэх нь сүүлийн үед ихээр яригдах болсон “Монголоороо байх. Монголоороо ялгарах” гэдэг үнэт зүйлийг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хувь нэмэртэй юм болов уу гэж санадаг. Энэ бодлыг минь бүтээл болж, тайзнаа амилуулах санал тавьсан Б.Баатар найруулагчдаа дахин талархал илэрхийлье.
-Та энэ үгийг ярилцлагын турш их олон хэлэх бололтой?
-Хэлэлгүй яах вэ. Уран бүтээлч хүн жинхэнэ утгаараа санаа зоволтгүй уран бүтээлдээрээ ажиллахын сайхныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ойлгож мэдэрлээ шүү дээ. Бид хоёр чинь “Жи интертаймант”-д хамт ажиллаж байлаа. Олон ч уран бүтээлийн ард хамт гарсан. Халимагийн нэрт туульч О.Цагаанзамын “Ээждээ” дууны клипийг хамтарч хийсэн. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмын зураачаар мөн ажиллах боломж олгосон. Даанч “NO NAADAM” эсэргүүцлийн улмаас наадмаа хийж чадаагүй. Харамсалтай шүү.
-Гэхдээ Та “Тамгагүй төр” жүжигт ажилласан байна шүү дээ?
-Тийм ээ, тийм. Хувь уран бүтээлчийнхөө мөрөөдлийг биелүүлэх сайхан ажил боллоо. Уран бүтээлч хүнд мөрөөдөл байлаа гээд дан ганц уран бүтээл туурвина гэж байхгүй. Түүнийг гүйцэлдүүлэх боломж олгосонд талархаад баршгүй. Дээр нь, театрын зураачийн хувьд Дорноговь аймгийн Саранхөхөө театрт хэсэг ажилласныг эс тооцвол үнэндээ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ажиллах боломж олдож байсангүй. Театрын зураач хүний хувьд Улсын драмын эрдмийн театрын тайз гэдэг өөрөө мөрөөдөл. Нэр төрийн хэрэг. Ёстой давхар давхар л мөрөөдөл биелдэг юм гэдэг нь боллоо доо. Өмнө нь гэхдээ би “Тамгагүй төр” жүжгийн тайзны зураачаар ажиллаж байсан юм байна.
-Хаана вэ?
-Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын тайзнаа, театрын дарга Н.Пүрэвдоржийн найруулгаар “Тамгагүй төр” жүжгийг тавих үед тайзны зураачаар нь ажиллах хувь тохиосон. Тэр үед юм ч ховор байж. Хөдөөгийн театр болохоор тайз ч жижигхэн. Нөхцөл байдалдаа тааруулж, аятайхан өнгө оруулахыг хичээсэн. Сая энэ дурсамж маань сэргээд их сайхан байлаа. Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуай маань харин тэр тайзыг маань “Донжийг нь олоод хялбархан аятайхан шийдэж чадсан байна” гэж хэлж байсан гэсэн шүү. Тэр агуу хүнтэй тухайн үед уулзаж, ярилцаж санал сэтгэгдлийг нь сонсохгүй яавдаа гэж сая хааяа бодогдож байлаа.
-Сая Та тухайн үед бодогдоод хийж амжаагүй, бүтээж чадаагүй бүтээлээ туурвиж чадав уу, гол нь?
-100 хувь. Сүүлийн хоёр жил дагнан ажилласан болохоор уран бүтээлчидтэйгээ ярилцаж, өөрчилж шинэчлэх цаг хугацаа ч их байлаа. Материалын хангамж, боломж бололцоо ч сайн байсан. Үндсэндээ тайзны ажилд маань манай багийн 20 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтан ажилласан.
-Энэ тайзаар дамжуулан Таны хэлэх гэсэн гол санаа?
-Төрт улс, төр улс гэдгийг тодруулж харуулах үндсэн зорилготой байсан гэж хэлж болно. Дэлхий дахинд ч, монголчууд бид ч манайх нүүдэлчин улс, нүүдлийн улс гэж хэлдэг. Мөн Монгол гэхээр XIII зууны Монголыг яриад эрт гарвал, үүсэл хөгжил, эртний эзэнт гүрнийхээ үүх түүхийг төдийлөн дэлгэж ярьдаггүй. Иймд археологичдын судалгаан дээр үндэслэн гурван мянган жилийн өмнөх эзэнт гүрэн, төрт улсыг нээн харуулж, бодит олдворууд дээр түшиглэсэн эд хэрэглэл, гоёл чимэглэлийг тайзны бүтээлээр дамжуулан олон түмэндээ таниулах, сурталчлахыг чухалчилсан. Сүүлийн жилүүдэд манай археологчид маш сайн ажиллаж байгаа. Үр дүнд нь Хүннүгийн үеийн олдвор ч ихээр олдож байна. Тэр гоё, сайхан өгөгдөл нь бүрэн дүүрэн олдож байхад яагаад бид нар “Төрт улс байсан” гэдгийг ярихгүй, хашгирахгүй, үзүүлэхгүй байх ёстой гэж. Биднийг чимээгүй байх хооронд бусад улс орнууд манай түүхийг, олдворуудыг, үнэт зүйлийг өөрсдийн нэр дээр хаяглах нь их болж байна. Миний бодлоор уран бүтээлч хүн үүн дээр хашгирах ёстой гэж боддог. Гэхдээ хашгирна гэдэг нь жагсана, тэмцэнэ гэсэн үг биш л дээ. Уран бүтээлээрээ илэрхийлэхийг хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Казакстан гэхэд манай түүхийг ихээр ярьж байна. Иймд улсынхаа түүхийг алдахгүй, улсынхаа үнэт зүйлийг танин мэдүүлэхийн, хамгаалахын тулд улам илүү хүчтэй, чанга хашгирах эхлэл, хашгираан маань “Тамгагүй төр” жүжиг боллоо.
-Та тэгвэл “Тамгагүй төр” жүжгийн тайзыг урлахад тухайлан ашигласан, дууриалган бүтээсэн үнэт олдвор, түүхэн дурсгалуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Анхнаасаа маш сайн төлөвлөж ярилцсан. Үзэгч Улсын драмын эрдмийн театрын хаалгаар ороход л эзэнт гүрэн, төрт улс байсан гэдгийг илэрхийлэх сүр хүч, гоё сайхан орчин угтах ёстой гэдэг зохиомж бий болгохоор ярилцсан. Түүнийгээ ч хийсэн. Улсын драмын эрдмийн театрын тайзыг тойруулж байрлуулсан эзэнт гүрний үеийн түүхэн олдвор дээр тулгуурласан үзмэрүүдийн хэв загварыг бүтээсэн. Ингэснээр үзэгчид маань 3000 жилийн өмнөх төрт улс руу эргэн аваачих оролдлого хийсэн. Мэдээж төгс болсон нь бол үгүй. Гэхдээ анхны оролдлого гэдэг утгаар амжилтыг чамлаж болохгүй байх.
-Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар зөвлөгөө өгч ажилласан гэж сонссон. Үнэн үү?
-Д.Эрдэнэбаатар археологич яах аргагүй “Тамгагүй төр” жүжигт археологийн дурсгалыг хэрхэн ашиглах вэ, хаанаас ямар үзмэр олдсон, юуг нь тайзнаа дүрслэн харуулах нь чухал болох талаар маш сайхан харамгүй сэтгэлээр зөвлөгөө өгсөн. Өөр олон ч археологичоос асууж тодруулсан. Уншиж судалсан. Та сая ямар олдворыг хэрхэн зурагласан бэ гэдгийг асуусан даа.
-Тийм ээ?
-Тэр тухайд хэлэх, ярих үг их байна аа. Жишээ нь, тайзны шал болон Гүргэл хатныг жүжгийн төгсгөлд дээш нь өргөж, хорвоогийн мөнх бусыг олж байгаа агшинд доороос нь өргөж байгаа ширдэг гэхэд Ноён уулаас олдсон хүннүгийн үеийн ширмэл ширдэгээс жишээлж хийсэн. Урьдчилсан байдлаар сэргээн засварласан хээ угалз тэнд бүгд бий. Мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон дэлхийд “Адидас гуталтай эмэгтэй” гэдгээр алдаршсан чулуужсан шарилтай эмэгтэйн гутлаас жишээ авч, Гүргэл хатны гутлыг урласан. Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгын малтан судалгаанаас олдсон түрүү Дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булшнаас олдсон чавхдаст хөгжмийн зэмсгийн урлалыг тайзнаа залсан. Сүүлд “Алтай ятга” гэдгээрээ патентлагдсан бүтээл. Архангай аймгийн Өлзийт сумаас олдсон эртний Хүннүгийн нийслэл Луут хотын тууриас олдсон чимэглэлийн дүрс, загвар болон бусад археологийн олдворууд дээр тулгуурлан гол дүрүүдийнхээ хувцасны чимэг, зүүлтийг хийсэн. Бүх хээ угалз бүгд буган хөшөөний дүрс бичээс, хадны сүг зураг зэргийн дагуу зурагдаж, бүтээгдсэн. Товчхондоо, “Тамгагүй төр” жүжгийн элемент нэг бүр, тайзны чимэглэл тус бүр , хувцас хэрэгсэл бүгд ямар нэгэн агуулга болон зорилгогүй зурагдаагүй, бүтээгдээгүй. Түүхэнд хэрхэн тэмдэглэгдэн үлдсэн байна, археологийн ямар олдвор олдсон байна гэдэгт тулгуурлан бүтээсэн.
-Сүүлийн жилүүдэд жилдээ 30-40 археологийн баг гарч, хөдөө нутгаар судалгаа хийж байгаа. Энэ хэрээр олдворуудын тоо нэмэгдэж, дэлхийд Монголын түүхийг баталгаажуулах боломж нээгдэж байна. Гэсэн ч тэр болгон газрын гүнээс гарч ирээд музей болон сан хөмрөгт хадлагдаг төдийд орхигддог. Энэ байдлыг Та бүхнийг уран бүтээлдээ, тайзнаа сэргээн харуулсан нь “Тамгагүй төр” жүжгийн гол үнэт зүйл юм байна гэж ойлгосон. Тэгэхээр миний дүгнэлт бараг л зөв байх нь ээ?
-Ерөөсөө л тэр шүү дээ. Хүннүгийн үеийн олдворуудаас бүрдсэн танхим ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейн доод давхарт байдаг. Угсаатан зүй судлалаар дагнан ажиллах сонирхолтой зураачийн хувьд зорьж очиж үзсэн. Харамсалтай санагдсан. Тэр бүхэн чинь Монголын төрт улс, эзэнт гүрний түүх шүү дээ. Гэтэл Монголд өнөөдөр дэлгээд харуулах олдвор нь хэд байгаа билээ. Олсноо олон нийтэд танилцуулж, улс орноо сурталчлах боломж нь ямар билээ. Ингээд бодохоор “Тамгагүй төр” жүжгийн тайз өөрөө зөвхөн уран бүтээл төдийгүй Монголын сурталчилгаа, Монголоо таниулах гол бүтээл болох ёстой гэдэг зорилгоор энэ бүтээл дээр ажилласан. Ажилласныхаа үр дүнг үзэгчдээс, урлаг судлаачдаас, хамт олноосоо сонсох их сайхан байна.
-Та тэгэхээр яалт ч үгүй урам дүүрэн яваа байх нь ээ?
-Өө, дүүрнээр барах уу. Сайхан байна.
-Та тэгвэл шинэ уран бүтээл туурвих хүсэл эрмэлзэл мөн л дүүрэн байгаа нь байх нь. Тийм үү?
-Үнэн үнэн. Гол нь бид нар шинэ зүйл бүтээгээгүй байхгүй юу. Эзэнт гүрнийхээ түүхийг олонд тунхаглах, батлан харуулахын төлөө л уран бүтээлээ туурвиж яваа уран бүтээлчид. Иймд археологичдынхоо олж нээсэн тэр сайхан олдворуудын хээ угалз, чимэг зүүлт, архитектурын гайхамшгийг орчин цагт шинэчлэн буулгаж, хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвина. Хүн төрөлхтөний өлгий нутаг болсон Орхоны хөндийгөө сайтар судалж, танин мэдмээр байна. Түүгээрээ уран бүтээл хиймээр байна. Хүннүгийн олдвор сүүлийн жилүүдэд Өвөрмонгол, Буриад болон манай Монголын нутаг дэвсгэрээс ихээр олдож байна. Өвөрмонгол, Буриадаас оос олдож байгаа олдвор хэрэмтэй байхад манайх хэрэмгүй байдаг. Энэ нь төв цэг нь энд, манай эх оронд байгааг илтгэдэг. Мөн зөвхөн Монголын түүх, соёл гэлтгүй эртний Грек, Ромын үеийн олдвор ч олдож байна. Энэ нь эртний улс орнуудын харилцаа холбоо, соёлын солилцоог батлан харуулдаг. Тэгэхээр энэ бүхэн маань нэг улсын гэхээс илүүтэй нийт дэлхийн соёлын өвийг таниулан сурталчлах боломж юм. Гэхдээ бас шүүмжлэл байна аа, байна.
-Юу гэж шүүмжилсэн байна вэ?
-Хувцас судалгаагүй. Хэт ганган чамин болсон байна зэргээр бичиж байгаа харагдсан.
-Энэ тухай Танаас асууя гэж бодож байсан юм. Та өөрөө хэлчихлээ. Нээрээ хэт ганган биш үү. Өмнө нь тайзнаа тавьсан “Тамгагүй төр” жүжгийн хувцас тайз гэхэд орчин үеийнхээр бол жинхэнэ утгаараа минималист чиг баримжаатай харагддаг. Гэтэл гэнэт ганган чамин, алт мөнгө тунарсан харагдахаар “Энэ яг монгол хувцас мөн үү” гэж асуух нэгэн гарч ирж таарна л даа?
-Энд нэг зүйлийг маш сайн тунгаан бодох хэрэгтэй. Тархи угаалт гэдэг өөрөө эх орныхоо үүх түүх, соёлыг хүртэл дарагдуулж, эрчийг нь бууруулж, өнгийг нь гундаан боддог, ойлгодог болгодог юм байна. Ядуугаар харвал ядуу л харагдана. Баян тансаг гэж бодвол баян тансаг л харагдана. Ардын хувьсгалаас өмнөх эхнэр гоёл гэхэд чамин тансаг, гар ажиллагаатай, гоёмсог, чамин байлаа. XIII зууны үеийн хаад хатдын хувцас байна. Дэлхийн талыг эзэлсэн байсан ард түмэн, дэлхийн худалдаанаас, өнцөг булан бүрээс эд хэрэгсэл цуглуулах боломж дүүрэн байсан цаг үе. Тийм их боломжин дунд байсан ард түмэн, тэр ард түмний хаан хатад муу юм өмсөх үү. Бид нар түүхээ ч, түүхийн олдвороо ч тэгж үнэлж харах хэрэгтэй.
-Нүдээ нээ гэж үү?
-Тийм ээ, улс орныхоо түүхийг үнэлж нүдээ нээе гэж хэлмээр байна. XIII зууны үед гэхэд жилд 13 удаа их найр хийдэг байсан. Тэр бүрт нийцсэн, өвөл зун хавар намрын өмсгөл зүүсгэлийг бодох хэрэгтэй. Хаант улс шүү дээ. Хүннүчүүд гэхэд өөрсдөө хээгээ нэхэж, гоёдог байсан. Тэр хээ маш гайхамшигтай. Зөвхөн хээн дээр ярихад манайх сүүлийн үед үндсэн монгол хээгээ алдаад байна. Сүүлийн үед дандаа Төвөд хээг монголчлох нь давамгайлах болж. Ийм байж боломгүй. Өлзий хээг гэхэд Хятад манайх, Монгол манайх гээд явж байна. Сүүлдээ босоо өлзий хээ Монголынх, хэвтээ өлзий хээ Хятадынх гэж ярих болсон. Гол нь, Төв Азийн улс орнууд нэг хээний бэлгэдэлтэй байж болно. Монгол Улсын түүх нь өөрөө агуу шүү дээ. Иймд анхны улбаа хаанаас вэ гэдгийг бид нар судлах хэрэгтэй. Монгол хээ өөрөө төгсгөлгүй үүл шиг үргэлжилдэг. Энэ нь уудам дэлгэр нутаг орон, хүн зоны ёс заншил, үргэлжлийн бэлгэдэлтэй холбоотой. Хэнтий аймгийн Биндэр сумын Рашаан хаднаас олдсон Чулуун зэвсгийн үеэс эхтэй овгуудын тамга, арслан зааны сийлбэр, нанхиад хиад үсэг байна. Бидний юм газар дор болон газар дээр ингэж тамгалагдан үлдсэн байна. Энэ бүх баян дурсгал байсаар байхад ядуу байсан гэж, ядуу харагдах ёстой гэж хэлэх нь зохисгүй юм. Улс орныхоо түүхийг үнэлж, хүндэлж сурмаар байна шүү дээ. Сургамаар байна. Луун бэлгэдлийг гэхэд Хятадынх гэж үздэг. Гэтэл Хүннү гүрэн луун бэлгэдэлтэй байсан байх жишээний.
-Тэр болгоныг тайзнаа амилуулахад хэр олон уран бүтээлч оролцсон бэ?
-Би зөвхөн тайзны зураачаар ажилласан. Манай багт харьцангуй цөөхөн хүн ажилласан гэхэд л 20 гаруй уран бүтээлч бүх л ур чадвараа шавхан ажилласан. Хувцас хэрэгсэлд “Торго” салон бүрэн бүрэлдэхүүнээрээ сүүлийн хоёр жил ажиллах шиг болсон. Инженерийн багийнхан гэхэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тэр унаж, босдог тайзыг хийсэн. Гүргэл хатныг өргөдөг хэсгийг гэхэд Германаас инженер техникийн ажилчид ирж ажилласан. Тайзны шийдэл өөрөө шинжлэх ухаан байсан. Хувцасны зургийг харин Б.Баатар найруулагч өөрөө гаргасан шүү. Өөрөө зураач хүн болохоор яах аргагүй их гоё гаргаж ирж байна лээ дээ. Хажуунаас нь хараад л сууж байлаа.
-Өнгө гэхдээ хэт хүрэнтэж нүүгэлтээд байгаа санагдаагүй юу. Тайз нь жижигхэн болоод тэрүү, төгсгөл хэсэгтээ гол дүрүүд тодорч харагдахгүй, уусаж харагдаж байгаа санагдсан. Ер нь яагаад хүрэн өнгөөр голчилсон юм бэ. Уг нь, монголчууд тэнгэрийн өнгө гэдгээр хөх өнгийг шүтдэг гэж ойлгодог?
-“Тамгагүй төр” жүжиг өөрөө эмгэнэлт драмын жүжиг. Зураач, найруулагчийн хувьд жүжгийн төрлийг өнгөөр буюу улаан хараар төрийг, хүчийг илэрхийлэхийг зорьсон. Олон өнгө ороод ирэхээр чихрийн цаас шиг харагдана. Яг тайзнаас харахад тийм өнгөний хашгиралт таагүй харагддаг. Иймд өнгөөр дамжуулж хэт хашгирч болохгүй байх зорилго барьсан. Ер нь бол улаан залаат монголчууд гэж ярьдаг. Зарим хүнээс хөх өнгө давамгайлах байсан. Монголчууд тэнгэрийн өнгө шүтдэг гэдэг шүүмжлэл гарсан. Мэдээж бодох асуудал. Гэхдээ сүр хүчийг илэрхийлэх илэрхийлэмж нь өөрөө хүрэн улаан өнгөн дээр илүү тод харагддаг. Өнгөний сонголтыг нэлээн зүйлийг ярилцаж байж шийдсэн. Тайз хүмүүс хүрэн улаан өнгөтэй гээд байна. Уг нь бол тэнд нарийн харвал бүх өнгө байгаа. Гэхдээ тэр болгоны уусалт, нэгдлийг аль болох зөв зохицуулахыг хичээсэн учраас ялгарч харагдаагүй байх. Миний хувьд 2012 онд Өвөрмонголын Ордост байдаг “Чингисийн онгон” аялал жуучлалын цогцолборын өргөтгөлийг хийсэн. Тэр үед мөн нутгийн уран бүтээлчид нь “Таны өнгөний сонголт хэт уйтгартай байна. Манай арын танхим их сул өнгөтэй харагдаад байна” гэдэг асуудал тавьж байсан. Миний хувьд зарчмаа л барьсан. “Яваандаа энэ өнгө хоорондоо уусаад нэгдэж харагдана. Танай өнгө харин хэт тод байна” гэдгээ хэлсэн. Сүүлд очиход нөгөөдүүл маань “Таны байгуулсан танхим их гоё дулаан, зөөлөн харагдаад байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр өнгөний уусгалт, шингэлт гэдэг харахад энгийн мэт боловч цаанаа зургийн зүй тогтол л доо. Өнгөөр хэлэх, ярих, зүй тогтлыг илэрхийлэх гээд тусдаа хичээл байдаг. Тэр болгоныг л бодож хүрэн өнгийг сонгосон. Монгол чинь өөрөө их зөөлөн өнгөтэй орон шүү дээ. Хятад гэхэд өнгийг маш хурц, тодоор гаргадаг. Хүйтэн өнгөний сонголт ихтэй. Тэгэхээр ялгаа нь ойлгогдож байгаа биз.
-Таны тухай судалж байхад “Чингисийн онгон” цогцолборыг байгуулахад оролцсон гэдэг тань яалт ч үгүй нүдэнд тод туссан. Азаар Та энэ тухайгаа өөрөө ярьчихлаа. Дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Угсаатан зүйн чиглэлээр судалгаа хийж, түүнийгээ уран бүтээл туурвиад эхлэхээр хүмүүс санал тавьж эхэлсэн. Санал авах хүртлээ бас их удаан явсан. Хүнд хэцүү үе ч байсан. Ямар ч байсан даваад гарсан. Миний хувьд урд талын гурван танхимын арын өргөтгөлийг монгол зургийн зураач залуусынхаа хамт очиж хийсэн. Сүүлд нэг очиход орой дээр нь залсан ганжирыг хэт их алтдаад бодож, санаж хийсэн амин сүнсийг маань байхгүй болгочихсон харагдсан. Гэхдээ нэгэнт үнэ хөлсөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн хувьд тэр бол өөрсдийнх нь хэрэг л дээ.
-Сүүлийн үед Монголын уран бүтээлчид Өвөрмонгол руу олноороо очиж ажиллах болсон. Мэдээж энэ нь хувь хүний ур чадвар үнэлэгдэж байгаа бол хэрэгтэй газартаа хэрэгтэй цагт нь уран бүтээлээ туурвих эрх. Гэхдээ зарим хүний хувьд “Уран бүтээлчдээр Монголд нь сайхан бүтээл туурвих боломжийг нь олгоосой. Монголын үнэт зүйлийг “зөөвөрлөөд” дуусгах нь” гэж шүүмжлэх нь бий. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ордост ажиллаж байхад нэг хүн яг тэгж хэлээд уурлаж байсан. “Та нар Монголдоо юм хий” гэж.
-Та юу гэсэн бэ?
-“Би Монголдоо хиймээр л байна. Хийх боломж алга аа” гэж. Гэтэл уран бүтээлч хүн туурвиж, бүтээж байх л ёстой байхгүй юу. Гэтэл Монголд үнэнийг хэлэхэд яагаад ч юм хийж болдоггүй. Мөнгө нь болдоггүй. Дэмжлэг нь болдоггүй. Яг юундаа ч байгаа юм бүү мэд. Үнэн нь л энэ. Дараа нь гэхэд би “Цагааншонхор” ХХК-ийн захирал Ч.Энхтайваны захиалгаар Хэнтий аймгийн Мөрөн суманд Чингис хааны цогцолбор байгуулахаар ажилласан. Харамсалтай нь, хийгдсэнгүй. Тэр ажил маань зогссон. Үндсэн загвар, архетиктур нь бэлэн. Ч.Энхтайван захирал оюуны өмчийг нь эзэмшиж байгаа. Сураг сонсоход хөрөнгө санхүүгээс эхлээд улс төр ч орсон шиг байна лээ. Монголд ер нь тийм байхгүй юу. Нэг юм хийх гэхээр л болохгүй болчихдог. Их хэцүү. Гэхдээ бүтэхгүй байна гээд хийхгүй, судлахгүй, бүтээхгүй байж болохгүй. Сүүлд гэхэд Чингис хааны гал голомтын тахилгын орд, Хархорум хотын Мандал бадралын орд буюу Цогт их сүм ямар байсан байж болох вэ гэдгийг судлаад загварыг нь гаргаад сууж байх жишээний. Хэзээ нэгэн цагт барих, байгуулах боломж олдох ч юм билүү. Өөдрөг байх хэрэгтэй шүү дээ, уран бүтээлч хүн чинь. Тэр үед нь бэлэн загвар байж байвал алдаа оноог нь засаад бүтээх ч юм билүү хэн мэдлээ дээ, тийм ээ.
-Та харьцангуй өөдрөг хүн байх нь. Зураач, ер нь уран бүтээлч хүн ийм өөдрөг байна гэдэг сайхан шүү дээ?
-Өө, нэг үе гутарч гуних үе байсан. Одоо харьцангуй өөрөө сайн бүтээл туурвидаг бол ажил амьдралд үр дүнгээ өгдөг сайхан үе ирсэн байна. Гол нь, тэр үнэ цэнийг бий болгохын төлөө уйгагүй ажиллаж, судалж, бүтээх ёстой юм шиг байна лээ. Нэг үе бол амаргүй байсан шүү. Эхнэр хүүхдээсээ салсан. Эргээд бодоход сайн хань байж чадаагүйдээ харамсдаг. Хоёр хүүдээ бол харин чадлаараа сайн аав байхыг хичээсэн. Одоо ч хичээж байна. Зураач хүний хувьд зураг, уран бүтээл зарагдахгүй бол тэгээд жинхэнэ утгаараа таг зогсдог. Эсвэл бүтээлийнхээ ард гарчих санаатай урландаа тэр чигтээ бүгнэ. Эмэгтэй хүний хувьд унаж, босох хоёр туйлтай ийм амьдралыг тэвчиж амьдрахад хэцүү. Амьдрал ярих юм бол алдаа, оноо байна аа байна.
-Гэхдээ нэг үеэ бодоход Монголын зураачдын бүтээл гадаад, дотоодод маш сайн үнэлэгдэж, тэр хэрээр үнэлэмж нь эрс өсч байгаа харагддаг?
-Үнэн үнэн. Их сургуулиа төгссөн л бол чөлөөт уран бүтээлчээр ажиллах боломж нээлттэй болсон нь их нөлөө үзүүлж байна. Ардчилсан нийгмийн давуу тал юм л даа. Анх намайг 1988 онд төгсөж байхад бол шууд ажил хуваарилаад, тэнд ажилла гээд томилолт бичээд өгчихдөг байсан. Миний хувьд гэхэд Архангай аймгийн театрт анх зураачаар ажилласан. Харьцангуй цаг наашилсан ч бас л боломж хязгаарлагдмал байсан үе. Томилолт авсан газраа л ажиллах ёстой. Одоо бол гоё шүү. Бүрэн дүүрэн эрх чөлөө байна. Тэр эрх чөлөөгөө аль болох дүүрэн ашиглаж чадвал уран бүтээл тэр хэрээр өндрөөр үнэлэгддэг болсон байна.
-Таны уран бүтээлийн нэг төрөл нь байгалийн зураг гэж ойлгодог. Одоо байгалиа зурж байна уу. Эсвэл цэвэр түүх, угсаатан зүй судлалаар дагнадаг болсон уу?
-Зурна аа, зурна. Зуралгүй яахав. Байгалийн зураг уран бүтээлч хүний өнгөний мэдрэмжийг их тэлж, нээж өгдөг. Бүтээлээ амьд, органик харагдуулах чадвар суулгадаг. Дээр нь, сүүлийн үед байгалийн архив болох шинжтэй болоод ирлээ.
-Тэр нь яаана гэсэн үг үү?
-Байгаль маш ихээр сүйдэж, сүйтгэгдэж байна. Тухайн үед зурсан байгаль дараа дахин очиход байхгүй болчихдог болсон байна. Иймд өнөөдрийн харсан байгалийн гоо зүй, дурсгалыг авч үлдэх нь зураачдын үүрэг юм болов уу гэж бодогдох болсон. Дээр нь, байгалийн зургийн нэг сайхан зүйл нь сайн зарагддаг давуу талтай. Угсаатан зүй, түүхэн зургийн хувьд бол арай өөр. Уншиж судлах, үзэж харах, ухаж ойлгох чадвар шаарддаг. Тэгсэн борлуулалт нь байгалийн зургаа гүйцдэггүй.
-Гэхдээ хүмүүсийн амбиц нэмэгдсэнтэй холбоотой харьцангуй сайн үнэлэгддэг болчихоогүй гэж үү?
-Үнэлэгдэнэ. Гэхдээ их ховор. Цөөн худалдан авагчтай гэж хэлэх юм уу.
-Сонирхож асуухад Ч.Энхтайван гуайд гэхэд Та Чингис хааны цогцолборын загвараа сайн үнэ хүргэж чадсан уу?
-Сайн сайн. Яг тоо хэлээд дэмий байх. Гэхдээ хүн чинь гэнэт их мөнгөтэй болохоор бас их тэнэгтдэг юм байна лээ шүү.
-Яаж тэр вэ?
-Өө, баян хүний дүрд тоглох маягтай л юм болсон. Энд тэндгүй мөнгөө цацна. Дуусахгүй мөнгөтэй хүн шиг нэг хэсэг ёстой тэнэгтсэн. Дуусдаггүй юм шиг л тоглосон.
-Мөнгө тань дуусахаар ямар мэдрэмж төрсөн?
-Аймар. Ёстой аймар шүү. Жинхэнэ утгаараа дээрээс унасан. Тэр үед зөвхөн Ч.Энхтайван ч биш Өвөрмонголд Ордос, Одон телевизид ажиллачихсан байсан үе. Эргээд харахад яг уран зураг, хувь уран бүтээлчийнхээ тухайд харьцангуй моднаас гарчихсан. Залуу зураачид олноороо гарч ирсэн. Тэр хэрээр зургийн үнэ хүртэл буурсан байсан. Урлангаа зарсан. Түрээсийн урлантай болсон. Сүүлдээ “За хүнд ч ер нь нэг их юм хэрэггүй дээ” гэдэг дээрээ ирсэн. Амьдрал л юм даа.
-Гэхдээ би уран бүтээлчдийг маш “шуналтай” хүн гэж боддог юм аа. Уран бүтээл чинь өөрөө хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэдэг утгаар?
-Тэр шунал байлгүй яахав. Тэгж байж л бүтээл гарна шүү дээ. Өөрийн тань хэлсэнчлэн тэгэхээр шуналтай шуналтай. Уран бүтээл хийгээд, тэрийгээ үнэлүүлэхээр их онгирно. Ер нь бол уран бүтээлч хүн гэдэг бизнесмэн биш юм байна лээ. Дахиад шинийг урлачих юм чинь, хийж чадах юм чинь гэдэг хүсэлдээ их тайвширна. Болчихно гэдэг найдвараа алддаггүй шиг байгаа юм. Тэр нь хаа очиж давуу тал юм даа. Дээр нь, хуучин шигээ миний зураг чинь 3-5 саяар үнэлэгдэхээ бас больсон байна.
-Ойролцоогоор хэдээр үнэлэгдэж байгаа вэ?
-Яг тоо хэлээд яахав. Ер нь нэлээн өссөн шүү.
-Сайн байна шүү дээ?
-Сайнаар барах уу. Гол нь тасралтгүй хийж бүтээх л юм байна лээ.
-Одоо тэгэхээр таны сэргэлтийн үе байх нь ээ. Уран бүтээлчийн тань хувьд асуухад?
-За бас яг сэргэлт гэх нь хаашаа юм. Тэр үеэ бол давчихсан байх аа. Харин хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэж бол хэлж болно байх. Нэлээдгүй бүсээ чангалж, олон хэцүүг тэвчиж байж олсон амжилт минь юм болов уу даа.
-Нууц биш бол Б.Баатар найруулагч Таныг хэр өндрөөр үнэлсэн бэ?
-Үнэлсэн учраас л тоогдож ажилласан байх гэж бодоод байгаа. Б.Баатар найруулагч хамтарч ажиллаж байгаа хүнээсээ маш их сэтгэл шаарддаг уран бүтээлч. Өөрөө уран бүтээл бүрээ хийсэн шиг хийдэг, олонд хүргэсэн шиг хүргэдэг хүн болохоор хувцасны жижиг деталь, тайзны жижиг хадаасыг хүртэл хадаас гэхгүй анхаарч ажилласан. Надад “Ганзориг ах аа, хоёулаа хамтраад жинхэнэ уран бүтээл хийе. Урлаг хийе” гэж хэлсэн. Тэр үгээ мэдээж “Тамгагүй төр” жүжигт оролцсон бүх уран бүтээлчдэд хэлсэн байх. Ингэж хэлэх чинь гоё биз дээ. Бүгд хөөрсөн байх. Хийе бүтээе гэж зорьсон байх. “Тамгагүй төр” жүжиг яагаад жүжигчид, тайз, хувцас хэрэгсэл бүх зүйлээрээ монголчуудын нүдийг нээж, үзэгчдэд үнэлэгдэж байгаа гол хүчин зүйл нь “Жинхэнэ уран бүтээл хийе” гэдэг найруулагчийн хүсэл бүтсэнд байгаа байх. Би өмнө нь Москва хотод болсон үзэсгэлэн яармагт Монголынхоо танилцуулга хэсгийн тайзыг засч байсан. Тэндээс нэг зүйл ойлгосон маань ерөөсөө аливаа зүйлийн стандартыг мөрдөх юм байна гэдэг л бодол. Тайз байна уу, дуу байна уу, үйлдвэрлэл байна уу хамаагүй. Тэр болгон өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Дэлхий тэр болгоныг стандартчлаад мөрддөг болсон байхад тэр стандартад хүрэхийн төлөө зорих ёстой юм байна лээ. Тэгж чадахгүй байгаагийн улмаас уран бүтээл хүнд хүрэхдээ сул болж байна. Дэлхийд танилцуулахад гологдож байна. “Тамгагүй төр” жүжгийг өнөөдөр дэлхийн аль ч улс оронд тоглосон гологдохгүй боллоо гэдгийн суурь үнэ цэн нь энэ байхгүй юу. Дэлхийн театрын, урлагийн стандартыг урлагт авчирлаа шүү дээ. Продюсерийн баг маш сайн ажиллалаа.
-Та тэгвэл жинхэнэ утгаараа урлагийн бүтээл туурвиж чадлаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа байх нь ээ. “Тамгагүй төр” жүжгээр?
-Итгэлтэй байна. Уран бүтээлд аргалах гэдэг зүйл ер нь их буруу. Яахав ур чадвараа ашиглаад аргалж болно. Гэхдээ энэ нь үзэгчийг хуурсан хэрэг болно. Үнэхээр нэг ч хуурах, аргалах тухай яриа байсангүй. Хийсэн шиг хийж чаддаг л юм бол хийж болох тийм нөхцлийг бүрдүүлсэн найруулагч Б.Баатартаа, продюсерийн багийнхандаа талархал илэрхийлье. Муу бүтээл туурвичихаад түүнийхээ ард нуугдах шиг ичгэвтэр хэрэг байхгүй. Боломж бололцооноос үүдээд ичих үе олон гардаг. “Тамгагүй төр” жүжигт ажиллахад ёстой тэгж ичих, айх шалтгаан гарсангүй. Тусдаа жүжигчид, бүжигчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн инженерийн баг ажиллалаа. Тэр болгоныг харж, хамт ажиллах их сайхан юм байна аа. Үнэхээр сайхан шүү. Өмнө нь Улсын драмын эрдмийн театрт ажиллаж үзэх юмсан гэдэг алсын бодол дараатай явдаг байсан. Тэр мөрөөдөл маань биеллээ. Дахин ажиллах боломж олдвол дахиад ч ажилламаар байна.
-Та тухай мэдээлэл цуглуулж байгаад МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтарч бүтээсэн “Вируаль Хархорум” төсөлд зураачаар ажилласныг тань мэдсэн. Манайх гэхэд гэр бүлээрээ нээлтийг нь хүлээж байгаад үзсэн. Тэр маш гоё бүтээл болсон байсан. Танд хожим ч гэсэн баяр хүргэе. Хархорум хотын төсөөлөлд Та маш гоё өнгө, мэдээлэл нэмж чадсан шүү?
-Баярлалаа. МУИС-ийн багш, доктор, профессор А.Энхбаярын санаачилгаар бүтсэн төсөл. А.Энхбаяр багш маань санал тавьж, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар багш зөвлөгөө өгч ажилласан. Олон ч хүний хүч хөдөлмөр, оюутнуудын ур ухаан шингэж бүтсэн төсөл. Миний хувьд Хархорум хотыг өөрийнхөө хувьд нэлээн олон жил судалсан. Судалгааг минь А.Энхбаяр багш анзаарсан шиг байгаа юм. Санал тавихад мөн л маш их баярлаж хүлээж авсан. Өмнө нь бүтээгдсэн хэд хэдэн загварт бага зэргийн алдаа гарсныг залруулах юмсан гэж бодож байснаа биелүүлсэн.
-Тухайлбал?
-Цогт-Асар их сүмийн төсөөллийг засах боломж олдсон. Түүнийг маань Японы судлаачид хүлээн зөвшөөрсөн байна лээ. Бас их баярласан. Гол нь, бид нар угсаатан зүй, түүхийн чиглэлийн бүтээл туурвиж байгаа бол гоё сайхан байхаас гадна гол нь зөв зүйтэйгээр, баримтын алдаагүй урлахад онцгойлон анхаарах хэрэгтэй. Оюутнууд, багш судлаачид маш сайн ажилласан. Гэхдээ эргээд харахад мөнгө санхүүгээс болоод дутуудуулсан зүйлс бий. Жаахан харамсалтай.
-Гэхдээ Та эхлэлийг нь тавьж чадсан байна. Ийм төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулсан нь чухал шүү дээ?
-Тийм ээ. Үнэхээр их сургуулийн ганц анги хийхэд томдсон ажил. Монгол Улсын хэмжээнд, төр засаг бүхлээрээ дэмжиж ажиллах ёстой байсан. Тэгж ажиллаж чадсан бол илүү л сайхныг бүтээх байсандаа гэсэн харамсал байна аа байна.
-Гэсэн ч Та илүү ихийг бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа гэдгээ ярилцлагын турш олонтаа хэллээ шүү дээ. Иймд танд улам их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Цаашдаа илүү сайн, илүү олон сайхан бүтээл туурвихын төлөө ажиллана. Урам зориг дүүрэн сайхан бүтээл дээр ажиллах хувь тохиосонд талархаад ханамгүй л явна. Олон хүн “Чи хэдээр ажиллав” гэж асуух юм. Ийм бүтээл дээр ажиллахад мөнгө чухал биш. Найруулагчийн итгэл, урам хоёроор жинхэнэ утгаараа хөглөгдлөө. Ёстой хөл газар хүрэхгүй гэдэг шиг л баярлаж, талархсан өдрүүд өнгөрч байна. Б.Баатар найруулагчдаа дахин талархал илэрхийлье. Баярлалаа.
Г.Отгонжаргал
Сэтгэгдэл (3)