Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн далд уурхайн хөрөнгө оруулалт тооцсоноос 1.9 тэрбум ам.доллароор хэтрэх эрсдэл үүссэн тухай “Financial times” мэдээлжээ. Мөн далд уурхайн зэсийн бүтээгдэхүүн гаргалт 2023 оны дунд үе хүртэл хойшлох тухай дурдсан байна. Анх эл төлөвлөгөөг 2020 оны эхээр гүйцэтгэнэ гэж байсан ч 2021 оны гуравдугаар улиралд багтаах төлөвтэй байсан билээ. “Оюутолгой” компани өнгөрсөн онд Монгол Улсад татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулсан аж.
Харин “Рио Тинто” группийн баруун Австрали дахь Winu хайгуулын төслийг энэ оноос өмнө ашиглалтад оруулах тухай мэдээлэл байна. УИХ-аар Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхлээд буй. Дүгнэлтэд Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурсан, хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй, төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөөд байгаа юм.
Тэгвэл Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллароор хэтрэх эрсдэл үүссэн нь улс төр, УИХ-д дахин маргаан дагуулах бололтой. Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар “Улстөрчид, попууд одоо Рио-г зайл гэж орилно. Нийгмээс асар их дэмжлэг авна. Оюутолгой төслийг зогсоох шийдвэрийг УИХ сонгуулийн өмнө гаргана. Энэ бараг Рио-гийн өөрсдийнх нь хүлээж байгаа тактик. Тэгээд Засгийн газрыг Арбитрын шүүхэд дуудна. Монгол Улс 10 тэрбум ам долларын өрөнд унана. Өрөө зарна. Авах нь Хятад. Рио уснаас цэвэрхэн гарч яваад, Австрали дахь Winu "нуурандаа" жаргана.
Энэ бүх сценари магадгүй манай төрийн өндөрлөгүүд, Рио-гийн хооронд хийсэн тохирооны дагуу явагдаж байж ч мэднэ. Саяхан Хятадын том дарга ирээд "ирээдүйн өмч"-өөрөө орж шалгаад гарсан шүү дээ. Дажин эсвэл тохирооны алин болохыг цаг хугацаа л харуулах биз дээ” гэжээ.
Түүний дурдсанчлан Winu хайгуулын төсөл нь баруун Австрали байрлалтай “Рио Тинто” группийн 100 хувь эзэмшлийнх. Австрали, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн хэмжээний энэхүү уул уурхайн группийн хувьд уг төсөл нь зэсийн дараагийн томоохон орд гэдгийг олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Энэхүү уурхай нь алт, зэсийн ордууд төвлөрсөн өмнөд Пилбарагийн Ньюкрест Телфер уурхайгаас 130 км-ийн зайд оршдог байна. “Рио”-гоос мэдээлснээр гадаргад 24 өрөмдлөг хийсэн бөгөөд цаашид 250 сая ам.долларын өртөг бүхий хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
С.Сүлд
Сэтгэгдэл (8)