Барилгын материалаа дийлэнх хувийг урд хөршөөс хангадаг, өөрсдийн гэсэн томоохон үйлдвэргүй манай улсын хувьд нэгэн онцлох үйл явдал өнгөрөгч баасан гарагт тохиолоо. Тодруулбал, Монголын алт компани бүтээн байгуулсан “МАК EURO WINDOOR” үйлдвэр нээлтээ хийсэн юм. Уг үйлдвэр нь 30 мянган мкв цонх, хаалга, фасат үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман, Австри технологоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээрээ ихээхэн онцлогтой.
Тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж ерөөлийн билэгт үгээр үйлдвэрийг “мялааж” байлаа.
Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди “1950-аад онд манай хөршүүд эсгий үүдтэй байсан. Тэр үед ганц нэг модон хаалга нэвтэрч, модон хаалгатай айл чинээлэг, орчин үеийн айлын тоонд ордог байв. Эсгий үүднээс модон хаалга руу тэр дундаа европын стандартыг эх орондоо нэвтрүүлж буй баярт үйл явдалд оролцож, улс орныхоо хөгжлийн нэгээхэн хэсгийг тольдон харж байгаад баяртай байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Европ стандартыг Монголд нутагшуулах технологийг дамжуулж байгаа МАК-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Энэ технологийг нэрвүүлснээр дулааны алдагдлыг багасгаж, соёлын төвшин нэмэгдэж, хүний ахуйн соёл, амьдрах орчин, сэтгэл санааны таашаал бүгд дагалдах болно. Энэ сайхан үйлийг хийж байгаа хөдөлмөрч, бүтээлч хамт олны ажил үйлс нь улам өөдрөг байх болтугай. Шинэ шинэ зүйлийг Монголдоо нэвтрүүлээрэй, шинэ шинэ технологийг гаднаас авчраарай, олон олон хүнийг ажилтай, орлоготой, баяр хөөртэй байлгахад нь тус дэм болоорой” гэв.
Харин “МАК” группын бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “МАК компанийн бүтээн байгуулалтын түүхийн нэгэн баярт мөчид хамт байгаа та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Монгол Улс өнөөдөр барилгын материалынхаа 50 орчим хувийг өмнөд хөршөөсөө худалдан авч байна. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан гадаад валютын урсгалыг багасгах, өндөр чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бодлого зорилтыг МАК компани үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлдээ тусгасан билээ. Бид өнөөдөр ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн өндөр автоматчилал бүхий тоног төхөөрөмжтэй, жилдээ 30,000 м.кв хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байна. Энэ үйлдвэрийг манай Монгол залуучууд ажиллуулж, хөнгөн цагаан, мод, хуванцар хүрээтэй, хийн дүүргэлт бүхий хоёроос гурван давхар шилэн суулгацтай цонх, хаалга, шилэн пасадыг хэрэглэгчдэд санал болгохоос гадна ганжуулсан төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий шилэн хийцийг нугас түгжээний хамт багцлан угсарч үйлдвэрлэх болно. Нээлтээ хийж байгаа энэ бүтээгдэхүүнүүд маань манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацааг хэмнэсэн, евро стандартны шаардлагыг хангасан, хийц загварын хувьд олон сонголттойгоороо онцлогтой. Цаашид эх орныхоо эрдэс түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан, бетоны хийн 2-3 жижиг үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх дараагийн зорилтоо тодорхойлоод байна. МАК-чуудын үйлдвэрлэсэн цонхоор мөнхөд гэрэл гэгээ цацарч, амжилт бүтээл, аз жаргал бялхаж байхын ерөөл өргөн дэвшүүлье” хэмээн үйлдвэрээ албан ёсоор хаалга дэлгэхэд урдаас нь Эрдэмийн театрын гоцлол бүжигчид алд цэнхэр хадаг барин гунхан бүжих нь гадаадын зочдын нүдийг баясгаж байлаа.
Нээрэн ч манай улс урд хөршийн хүнс, бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай болоод удаж байна. Энэ хэрээр дотоодын валютыг урд хөрш рүү алддаг. Тэгвэл дотоодын компаниасаа тэр дундаа европ стандартаар хэрэглэгчийн хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэг нь томоохон дэвшил юм.
МАК компанийн Төслийн удидлагын газрын захирал П.Тэмүүлэн үйлдвэрээ танилцуулахдаа “Үйлдвэр нийт 7000 мкв талбайтай, гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг хөнгөн цагаан цонхны рам, пасат үйлдвэрлэх хэсэг. Харин хоёрдугаар хэсэгт шил боловсруулах хэсэг, гуравдах хэсэгт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан мод боловсруулах хэсгээс бүрдэнэ. Нэг, хоёрдугаар хэсэг тус бүр жилдээ 30 мянган мкв цонх, хаалга, фасат, шил үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин гурав дахь хэсэг нь 6000 мкв модон цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид ОХУ-ын Сибирээс хамгийн дээд зэрэглэлийн модыг авчираад өөрийн машинаар оруулж боловсруулаад дээд зэргийн чанартай, евро стандартын цонх хаалга үйлдвэрлэж байна. Тоног төхөөрөмж, технологмйн сонголт хийхдээ Германы тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Германы тоног төхөөрөмж сонгосоны учир нь стандартын алдагдал байхгүй. Монголчууд мэднэ дээ. Модон цонхнууд жил, хоёр жилийн дараа гаждаг, Онгойхоо больчихдог гэх мэт асуудлууд гардаг учраас модон хаалганд ам муутай байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд европ технологи ашиглаж Монголын хэрэглэгчиддээ сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэхийг зорьж байна. харин шил боловсруулах хэсэг дээр Австрийн Лисе компанийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг сонгосон. Автомат төхөөрөмж дээр шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар зүсээд, бүрэн автомат шугамаар аргонжуулж битүүмжилдэг. Хүний оролцоо байхгүйгээр автомат машин маань бүгдийг нь хийдэг гэсэн үг. Тэгэхээр шилээр дулаан алдалт байхгүй. Дээрээс нь шил, цонх хийхдээ дан энгийн шилээр хийх биш, нэг талдаа дулаан алдалт багатай шил, нөгөө талдаа энгийн шил гэх мэт хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнээ хийж байна. Хөнгөн цагааны хэсэгтээ Германы Шуко брэндийн тоног төхөөрөмжийг сонгосон. Шуко брэнд дэлхийд тэргүүлэгч. Тэр утгаараа бүх цоож, нугас, тоноглол маань Шукогоос шууд нийлүүлэгддэг. Тиймээс бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн евро технологийн маш чанартай бүтээгдэхүүнүүд юм” гэсэн юм.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор дунджаар 100 гаруй хүн ажлын байраар хангах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлагууд нээлтийн үеэр хэлж байсан юм. тэгвэл үүнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “МАК-ийн хаалга, цонхны үйлдвэр ашиглалтад орсноор шууд болон шууд бусаар барилгын салбар, хот төлөвлөлтөд томоохон нөлөөтэй. Улаанбаатар хотын дагуул хотуудад аж үйлдвэрийн бүсийг бий болгосноор ажлын байрыг бий болгож нийгмийн дэд бүтэц сургууль, цэцэрлэгийг барихын хэрээр нийслэл хот дагуул хот хөгжих боломжтой” гэдгийг хэлсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (8)