Энэ сарын 3-наас эхлэн Монгол, Казахстан Улсын хооронд шууд нислэгтэй болсны нээлтийн ажиллагаа болсон юм. Энэ үеэр Бүгд найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинтай цөөн хором ярилцснаа хүргэе.
-Хоёр улсын хооронд шууд нислэгтэй боллоо. Ингэснээр нийгэм, эдийн засагт ямар шинэ боломжийг бүрдүүлнэ гэж та харж байна вэ?
-Маш олон талын эерэг нөлөөллийг авчирна. Бизнес эрхэлдэгчдийн хувьд өргөн боломжийг нээж өгнө. Өмнө нь хоёр улсын хооронд бараа таваар тээвэрлэхийн тулд газраар тээвэрлэдэг байсан. Үүнд их хугацаа шаардахаас гадна чирэгдэл их байсан. Тэгвэл шууд нислэгтэй болсноор бизнес эрхлэх таатай орчныг бий болгоно. Дагаад эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Дагаад аялал жуучлал хөгжих боломжийг нээнэ. Казахстан Улсын иргэд сүүлийн жилүүдэд гаднын улсаар аялах нь элбэгшсэн. Шууд нислэгтэй болсноор Монгол Улсын хөгжил, түүхэн соёл, зан заншилтай танилцахыг хүссэн Казах түмний цуваа тасрахгүй гэдэгт итгэлтэй байна.
-Шууд нислэг үйлдэх шалгаруулалтад олон компани оролцсон байх. Яагаад “SCAT” авиа компанийг сонгосон юм бэ?
-Сонгон шалгаруулалт хийхдээ хамгийн түрүүнд хямд тийзтэй, хамгийн тав тухтай үйлчилгээ үзүүлдэг авиа компанийг сонгохыг зорьсон. Энэ шалгуурыг “SCAT” компани хангасан. Казахстан Улсаар дамжаад Европ руу зорчих боломжтой гэдэг утгаараа аль болох хямд тийзтэй байх тусмаа иргэдэд ашигтай. Тиймээс үүнийг голчилсон.
-Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Казахстаны иргэн болсон олон иргэн бий. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Юуны түрүүнд иргэний үнэмлэх олгосон. Дээр нь нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлыг шат дараатай шийдэж байгаа. Монгол, Казахууд хоол хүнсний хэрэглээнээс эхлээд царай төрх, үүх түүхээс эхлээд маш олон талаараа адилхан. Шударгаар хэлэхэд хийх ёстой ажлыг цаг тухайд нь хийлгүй хойш тавьдаг, залхуурдаг байдлаараа их адилхан. Ингэж хэллээ гээд хүмүүс уурлахгүй байх гэж бодож байна. Иргэншилээ солих, гаднын улсад амьдрах нь нэгдүгээрт тухайн хүний сонголтоос үүдэлтэй. Хоёрдугаарт, эдийн засгийн боломжоос болдог болов уу. Манай улсын хувьд хөгжиж байгаа улс учраас бизнесийн таатай орчиныг бий болгосон гэж хэлж болно. Тэнд бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнийг дагаад бизнес эрхлэж, санхүүгийн чадавхиа сайжруулах боломж өндөр бий. Энэ утгаараа Казахстаныг зорих иргэд олон байна.
-Ажиллаж, амьдрахаар очсон гаднын иргэдийг хэрхэн дэмждэг вэ?
-Казахстанд амьдрахаар шийдсэн бүхий л иргэдийн гэр бүлд нь мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Шинэ газарт сууршиж, хөл дээрээ бат зогсоход цаг хугацаа шаардлагатай. Дагаад санхүүгийн тусламж дэмжлэг хэрэгтэй шүү дээ. Энэ утгаар нь Засгийн газраас дэмжлэг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн Казасхтанд ирсэн тохиолдолд хэрхэн туслах, хэрхэн анхаарч ажиллах талаар тусгай программ байдаг. Энэ программд тусгасаны дагуу ажилладаг гэсэн. Түүнчлэн зарим хотуудад гаднын иргэдийг байршуулах тусгай орон сууц барьсан. Эндээ гаднын иргэдийг амьдруулдаг.
-Танай улс бол нийслэлээ амжилттай нүүлгэж чадсан улсын тоонд ордог. Улаанбаатар хотыг нүүлгэх үү эсвэл илүү боловсронгуй байдлаар хөгжүүлэх үү гэдэг асуудал олон жил яригдлаа. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлд хүрч чадсангүй. Танай улсын эдийн засгийн хөгжлийн гол түлхэц нь юу юм бэ?
-Бид нэг зүйлд санал нийлдэг. Энэ бол Казахстаны төрийн тэргүүнээс эхлээд салбар яамдын сайдууд, бүх нийтээрээ нэгнийгээ ойлгож, нэг зүг рүү харж чаддаг. Үүнд л манай улсын эдийн засгийн гол түлхэгч хүч оршдог гэж бид үздэг. Дээр нь гаднын хөрөнгө оруулагчид бизнес эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгсөн хууль, эрх зүйн орчиныг бий болгосон.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (12)