Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар ардчиллын 30 жилийн ойн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 1989 оны арванхоёрдугаар 10-нд Монголд ардчилсан цуглаан зохион байгуулж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, уг цуглааныг ардчиллын албан ёсны эхлэл болгон авч үздэг юм.
Тэдний зүгээс ардчиллын ойн арга хэмжээнд АН манлайлан оролцох ёстой гэж үзжээ. Энэ хүрээнд “Монголын ардчилллын оролцоо” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион явуулсан бөгөөд хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, АН-аас ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдөр олон улсын хурал зохион байгуулахаар болжээ. Уг хурлын бэлтгэл ажил явагдаж байгаа юм байна.
Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Өнгөрсөн оны гуравдугаар сард олон улсын Ардчилсан холбооны удирдагчдын уулзалтад намын дарга С.Эрдэнэ оролцсон. Энэ үеэр Монголын ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойг угтаж олон улсын хурал зохион байгуулах талаар зарласан юм. Ийнхүү албан ёсоор ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдөр товлогджээ. Монгол Улс 1990 оноош зах зээлзийн эдийн засагтай, эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэдэг, сонгууль явуулж түүнийхээ дүнгээр засгаа байгуулдаг ардчилсан орноор тооцогдож ирсэн. Гэвч эргээд харахад Монголын ардчилалд харах, ажих зүйл болгоомжлолууд их гарч ирж байна. бид энэ хугацаанд юунд алдаж, юунд нь онов гэдгийг л уг хурлаар дүгнэх юм. Учир нь Монголын ардчилалд гадна дотнын оролцоотой аюул ихээхэн нүүрлэх боллоо. Тиймээс зөв чиглэл рүү нь залахын тулд ижил зорилготой нөхдүүдтэйгээ хамтарч Монголын ардчиллыг олон улсын хэмжээнд тодорхойлно” гэв.
Олон улсын ардчиллын холбоонд АНУ-ын БНН, Английн консерватив нам болон Канад, баруун европ зэрэг 80 гаруй улсын нам багтдаг аж.
Мөн сүүлийн үед нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар АН-ын дэд дарга Р.Амаржаргал “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн хэрэг олны анхаарлыг ихээхэн татаад байна. Энэ бол огт байж болшгүй зүйл. Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг нь дээд зэргийн шившиг байхгүй юу.
Бид 30 жил үүний төлөө явсан гэж үү. Үүнтэй АН хэзээ ч эвлэрэхгүй. Ийм байдалд хүрсэн шалтгаан нь Монгол Улсад ямар нэгэн асуудал гарлаа гэхэд эзэн нь олддоггүй шүү дээ. Гавьяа авах болохоор би л гээд байдаг.
Мэдээж хорих газар тодорхой нэг яаманд харьяалагдаж байгаа. Түүнийг нь сайд зохион байгуулж, хянаж л байгаа байх. Харин сайд нь энэ хугацаанд юу хийж сууж байсан юм бэ. Ийм сайдтай байгаад ч яах юм. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна” гэлээ.
Мэдээллийн дараа АН-ын дэд дарга Р.Амаржаргал сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
-Монголын ардчилалд аюул гэж олон хуульч, улстөрч ярьж байна. Энэ бүгдийг Та харж байгаа байх. Яг ямар аюул учраад байгаа юм бол?
-1990-ээд онд ардчилал эхэлж байхад бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм бэ. Олон ургалч үзэл, олон намын тогтолцоотой байхыг ардчилал гэж ойлгож байсан. Өнөөдөр 30 жилийн дараа ярихдаа ардчилал гэж юуны тухай ярьж байна гэдгээ эргэн бодож үзээрэй. Ардчилал гэдэг бол ард түмний оролцоо юм байна. Ард түмний оролцоог хангахын тулд ямар ямар механизм байж болох вэ. Энэ механизмууд нь ажиллаж байна уу, үгүй юү гэдэг агуулга тал руугаа орсон. Ардчиллыг хангадаг нэг гол механизм нь төрийн механизм. Тэр нь хэр зохистой ажиллаж байна вэ гэдэг дээр ард иргэд хяналт тавьдаг тогтолцоо тодорхой хэмжээгээр бий болчихлоо. Тэгэхээр энэ хугацаанд ардчилал асар их ахиц гарсан, амжилтад хүрсэн. Гэхдээ алдаа ч бас бий. Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Сонгууль нь нийт ард иргэдийн эрхийг хангаж чаддаг, төлөөллийг бүрдүүлж чаддаг байх тухай ярьдаг боллоо. Гэхдээ бид сонгуулиа хэр шударга явуулж чадаж байгаа билээ. Мөнгө, эрх мэдлийн үүрэг роль ямар янзтай байгаа билээ гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа. Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан улс төрийн хүчин УИХ-д хэдэн суудалтай байгаа билээ. Ард түмний оролцоог хангах механизмууд нь ажиллаж байна уу гээд үзэхээр чамлалттай зүйлүүд хэтэрхий их байна. Тэгэхээр өнөөдөр ардчилалд тодорхой хэмжээний аюул учраад байна. Тэр аюулыг урьдчилан харж, сэрэмжлэх чиглэлээр ажиллах нь чухал байна.
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж шүүхээс ял ногдуулсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүдэд төдийгүй сэтгүүлчдэд тодорхой хугацааны бичлэг хүртэл үзүүлсэн шүү дээ. Ер нь ардчилсан нийгэмд эрүүдэн шүүх явдал байж болох уу?
-Огт байж болохгүй зүйл. Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүх тогтолцоо байгаа нь дээд зэргийн шившиг. 30 жил үүний төлөө явсан болж таарлаа. 30 жил ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн төлөө явсан байж таарахгүй. Үүнтэй Ардчилсан нам хэзээ ч эвлэрэхгүй. Үүнийг хэн зохион байгуулсан бэ гэдэг чухал. Гэхдээ манайд эзэн нь олддоггүй шүү. Гавья болохоор бүгд хүрээд ирдэг хэрнэ асуудал гарахаар эзэн олдохгүй. ШШЕГ ямар нэгэн яаманд харьяалагддаг байлгүй дээ. Тэр яам нь эрх биш нэг сайдтай байлгүй дээ. Тэр сайд нь тэнд юугаа хийж сууж байсан юм. Өөрийнх нь хариуцаж байгаа салбарт хаана юу болж байгааг мэдэхгүй бол тэр хүнээр ер нь яах юм. Мэдэж байгаад арга хэмжээ аваагүй бол тэр хүнээр бас яах вэ. Гэх мэтчилэн цаашаа ухаж эзнийг нь олж тогтоож хуулийн хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж ойлгож байна. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага дээд зэргээр хариуцлага хүлээх ёстой.
-Ардчилсан нам дотооддоо хэр ардчилалтай байж чадаж байгаа юм бэ. Танай намын залуучуудаас ардчилсан намд дотроо ардчилалгүй боллоо гээд хэлж байна?
-Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл муу байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Дотоод ардчилалгүй нам бусад улс орны намд ардчиллын тухай ярих нь зөв үү буруу юу гэвэл зөв гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж болдоггүй юм байна гэдгийг мэд мэдээд аваг. Дотоод ардчилал гэж хэзээ хаана ямар төвшинд байх вэ гэдгийг бид мэдээд авчих ёстой юм шиг байгаа юм. Тухайлбал, 2012-2016 он хүртэл ч манай намын ҮЗХ огт хуралдахаа больсон. Их хурал нь хуралдахаа, ротациуд нь явагдахаа байсан. Уг нь дүрмэндээ жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байхад тэр бүх байгууллагууд нь байхгүй болоод, хурлуудаа хийхгүй, хамтын шийдвэр гаргадаг механизмууд нь байхгүй болчихоор жинхэнэ нэг хоёр хүний төвшинд асуудал шийдэгдээд явсан үе байсан. Энэ үед дотоод ардчилал байсан гэж хэлэхэд хэцүү. Тэр үетэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд ротаци нь цагтаа явагддаг, ҮБХ гэдэг хурал нь байнгын хуралддаг, Бодлогын зөвлөлүүд нь байгуулагдчихлаа. Энэ утгаар нь аваад үзвэл өнөөдөр дотоод ардчилал хамаагүй өндөр төвшинд хүрсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэхдээ энэ бол бидний хүсэн хүлээсэн дээд цэг биш. Ардчилсан намд босоо удирдлага дэлгэрсэн байсан. Энэ мэт зүйл нь үгүйлэгдэж байгаа нь тод харагдаж байгаа.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл гараад эхэллээ. Олон жил хамтарч ажилласан хүний хувьд тэр бүгдэд дүгнэлт хийж байгаа байх?
-Хүнийг сайн мууг яриад байх хэцүү асуудал. Тухайн хүнээ сайн мэдэх ёстой. Би намынхаа удирдлагуудыг аваад үзэхээр надад дотно явсан хүн хэн байдаг вэ бүү мэд. Дотно яваагүй болохоор хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин хариуцаж байгаа ажил албан тушаалынхаа хүрээнд аваад үзэхээр Монгол Улсын таван Ерөнхийлөгч Монгол Улсын эсрэг гэж огт боддоггүй. Чадлынхаа хэрээр өөрсдийн тархины хэмжээгээр Монгол Улсын эрх ашиг гэ:ж юу байдаг гэж тэрийгээ хийгээд явж байсан хүмүүс. Тэр ажлаа хийж байх явцдаа алдаж оносон зүйлүүд байдаг байх. Ялангуяа ажлын арга барилтай холбоотой нэлээд зүйл гарч ирдэг.
Б.Лхам
Сэтгэгдэл (19)