Монголд шинэ тутам хөгжиж буй мэргэжлийн нэг бол хөдөлгөөн засалч. Иймд энэхүү мэргэжлээр салбартаа амжилттай ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн Хөдөлгөөн засалч Б.Тэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр 2017 оноос мэргэжлээрээ ажиллаж буй юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Тэлмэн гэдэг. Хөдөлгөөн засалч мэргэжилтэй. Мэргэжлээрээ долоо дахь жилдээ ажиллаж байна. Одоо сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багт ажилладаг.
-Таны хувьд сагсан бөмбөгийн тамирчид, тэр дундаа 3х3 баг дээр ажилладаг шүү дээ. Ер нь сагсан бөмбөгийн тамирчидтай хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчидтай 2017 оноос ажиллаж эхэлсэн. Хамгийн анх Үндэсний дээд лигийн Алтан дорнодын дайчид багтай гурван жил ажиллаж байлаа. Үүний дараа сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг дээр ажилласан.
-Монголын сагсан бөмбөгийн тамирчид ихэвчлэн ямар бэртэл гэмтэл авдаг вэ? Бэртэл авахад ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ?
-Спортын төрлөөс хамаараад бэртэл гэмтлүүд нь өөр өөр байдаг. Сагсан бөмбөгийн спорт бол контакттай спорт шүү дээ. Тиймдээ ч шагайны гэмтэл түгээмэл байдаг. Мөн өвдөгний гэмтэл, нурууны гэмтлүүд элбэг тохиолддог. Дээшээ самбар руу үсэрч байхдаа хэн нэгний хөл дээр гишгэх, самбараас доош буухдаа нуруугаа гэмтээх тохиолдол их таардаг. Одоо сагсанбөмбөгийн багт тоглож буй тамирчид нэг биш нэлээд олон удаа шагайгаа гишгэсэн байгаа болов уу. Шагай бэртсэнээр өвдөг, нуруу зэрэг нь асуудалтай болж эхэлдэг.
-Эдгэх хугацааны хувьд мэдээж ялгаатай байх? Тамирчид бэртэлтэй хэр нь тэмцээндээ оролцох тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ.
-Тамирчдын бэртэл гэмтэл авч байгаа нь олон зүйлээс шалтгаална л даа. Тухайлбал, гэмтлээ бүрэн эдгээж байсан уу, үгүй юу гэдэг нь. Мөн эмчилгээ хийлгэсэн хэр нь дахиад гэмтэл авах нь олон. Эдгэх хугацааны хувьд гэмтлийн зэргээс шалтгаална. Жишээлбэл, чагтан холбоосны хагалгаанд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хугацаа нь 6-8 сар байдаг. Жилийн дараагаас хэвийн болж, тоглолтууддаа орох боломжтой болдог.
-Өнгөрсөн жилийн лигийн тоглолтууд маш шахуу хуваарийн дагуу явагдсан. Тухайн үед тамирчид маш их гэмтэл авч байна гэх асуудал яригдаж байсан. Шахуу хуваарь тамирчдын бэртэл гэмтэл авахад нөлөөлөх үү?
-Тухайн багийн бэлтгэлийн төлөвлөгөө, ямар эрүүл мэндийн баг ажиллуулж байгаа, багууд нь хэрхэн ажиллаж байна вэ гэдэг нь их чухал.
Бэртэл гэмтэл авах нь зөвхөн тоглолт гэхээс илүү тамирчны сэтгэлзүйн байдлаас шалтгаалах нь бий. Сэтгэлзүй тогтворгүй байх, ядралттай байх нь бэртэл хурдан авахад нөлөөлдөг.
Мэдээж, шахуу хуваарийн дагуу тоглох нь бэртэл гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Шахуу хуваарьтай тоглолтуудын ард тамирчид бэртэлгүй гарах нь цэвэр арын албаны хийх зүйл.
-Бэртэл авахгүй байхын тулд хэрхэн урьдчилсан сэргийлэх вэ?
-Монголын тамирчид бага наснаасаа тухайн спортоор хичээллээгүй, систем нь суугаагүй учир хүүхэд байхдаа бэртэл гэмтэл их авсан байдаг. Тэр бэртлүүд нь сэдэрч, шагайн бүтцэд өөрчлөлт орсон тохиолдлыг олон харсан.
Өөрөөр хэлбэл, тамирчид гэмтэлтэй байгаа нь өмнө авсан гэмтлүүдээс шалтгаалах нь их. Тиймээс бэртэл гэмтэл авахгүй байхын тулд хүүхдүүд багаасаа зөв техникээр сурах нь маш чухал.
-Физик эмчилгээний тоног төхөөрөмж, эм эмчилгээний бүтээгдэхүүн манай улсад түгээмэл байдаг уу?
-Намайг мэргэжлээрээ ажиллаж эхлэх үеийг бодоход тоног төхөөрөмж сайтай болсон. 2017 онд тэмцээн дээр эмч суудаг, харин баг дээр эмч, хөдөлгөөн засалч ажилладаггүй байна. Багт хөдөлгөөн засалчаар ажилласан туршлагын тухайд анхных нь би байх магадлалтай. Одоо бол сэргээн засах чиглэлээр манай улсын эмнэлгүүд нэлээд хөгжиж байгаа. Үүнд Монголын хөдөлгөөн засалч нарын холбоо нөлөө үзүүлж байгаа гэж хардаг. Мөн хөдөлгөөн засалч нар маань ч илүү чадавхжиж байна.
-Таны хувьд мэргэжлийнхээ онцлогийг юу гэж хардаг вэ?
-Энэ мэргэжлээр сурахыг хүсэж, дурлаж эзэмшсэн учир мэргэжилдээ хайртай. АШУҮИС-д сурдаг байхад багш нар маань “чи спортын эмч болбол зүгээр байх” гээд л ярьдаг байлаа. Тухайн үед спортын эмч яг юу хийдэг вэ гэдгийг мэддэггүй байсан юм. Тэгээд л нэг их удалгүй энэ мэргэжлийн талаар юүтүбээс судалж үзсэн. Мөн дээрээс нь оюутан байхдаа сургуулиасаа оюутны лигт тоглодог байсан минь нөлөөлсөн гэж боддог. Лигийн үеэр найзуудыгаа гэмтэхэд массаж хийж, анхан шатны тусламжуудыг үзүүлчихдэг байлаа.
Тэмцээний үеэр тамирчид гэмтэж байхыг хараад энд эмч байх ёстой байхад яагаад байхгүй байна вэ гэдэгт эмзэглэж явсан. Тэр мөчөөс л энэ мэргэжлээр сурахаар шийдсэн.
-Багт хөдөлгөөн засалч ажиллах нь ямар үр дүнтэй байдаг вэ?
-Өнгөрсөн жил миний хувьд "Хасын хүлгүүд" баг дээр ажилласан. Тухайн багт надтай нийлээд гурван хөдөлгөөн засалч ажилласан юм. Хөдөлгөөн засалчийн тоо олон байх тусам тамирчдад хүрэх хүртээмж нь нэмэгдсэн. Өмнө нь ганцаараа ажилладаг байсан л даа. Харин багаараа ажиллахад үр дүн илүү сайн гарсан.
Спортын салбарт ажиллаж буй хөдөлгөөн засалч нарын хувьд тухайн спортын баг ямар амжилт үзүүлсэн бэ гэдгээс үр дүн нь шалтгаалдаг.
Тамирчид бэртэл гэмтэлгүй тэмцээнээ дуусгаж байвал маш сайн хэрэг.
-“Парис-2024” зуны олимпын тамирчдын багт эмч, сэтгэлзүйч нарыг багтаагаагүй гэх асуудал нэлээдгүй хөндөгдлөө. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Тамирчдад энэ мэргэжил, энэ мэргэжлийн хүн хэрэгтэй гэх үүднээс Монголын Сагсанбөмбөгийн холбоо маш сайн дэмждэг. Энэ дашрамд холбооны хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд олон улсын цөөнгүй тэмцээн уралдаанд тамирчдынхаа хамт явсан.
-Таны хувьд одоо 3х3 шигшээ багийн хөдөлгөөн засалчаар ажиллаж байна. Ингэхдээ багийн бэлтгэл болгон дээр өөрийн биеэр байх шаардлагатай байдаг уу?
-Миний хувьд бэлтгэл дээр байх нь чухал гэж боддог. Ажиллаж байгаа багийнхаа бэлтгэл болгон дээр байхыг хичээдэг. Бэлтгэл дээр өөрийн биеэр байснаар энэ хүн тоглолт дээр яг ямар байна вэ гэдгийг мэдрэх боломжтой. Бэлтгэл эхлэхэд тамирчдыг бэлэн байлгах зорилготой ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)