Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Шинэчлэн баталсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас хоёр хуулийг оруулж батлуулсан. Нэг нь Татварын багц хууль, нөгөө нь Тендерийн хууль. 2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжсөн, төрөлжсөн учраас үүнийгээ дагаад Татварын хуулийг улам нарийн тодорхой болгох шаардлагатай байсан. Татварын хууль олон нөхөөстэй хуучин зам шиг байсныг шинэчлэх ажлыг хийсэн гэж хэлж болно.
Мөн манай үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбогдуулан хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Учир нь үндэстэн дамнасан корпорациуд аль болох бага татвар төлөх зорилготой асуудал үүсдэг харилцааг зохицуулах үүднээс холбогдох заалтуудыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх олон улсын байгууллагын загварыг Татварын тухай хуульд тусгасан.
Энд хэд хэдэн зүйлийг тодруулж хэлмээр байна. Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, ААН жилд 100 мянган төгрөгийн татвар төлөх боломжийг олгосон. Ийм зохицуулалтад 34387 ААН бий.
Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлнө. Ийм аж ахуйн нэгжийн тоо нь 47867 ААН хамаарна.
300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна”. Үүнд 54943 ААН хамаарна.
Өмнө нь эдгээр ААН нь жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан бол шинэ хуулиар 1-2 удаа тайлан гаргах болно.
Дараагийн нэг зохицуулалт нь татвар 15-20 хувь болж шилждэг босго гурван тэрбум төгрөг байсан. Үүнийг зургаан тэрбум төгрөг болгож өсгөсөн. Ингэснээр ААН томрох, жижгэрэхгүй байх боломжтой болно. Үүнд 164 ААН хамаарна.
Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд шилжүүлж тооцохыг зөвшөөрнө. Одоо байгаа хуулиар уул уурхайн салбарт 4-8 жилийн хугацаанд алдагдлаа шилжүүлэх зохицуулалттай байсан. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Энэ нь АМГТГ-ын салбараас бусад салбарт МУ-ын хуулийн дагуу байгуулагдсан ААН-ийн дотоод, гадаад анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авах хөрөнгө оруулагчийн хүүгийн орлогод татвар төлөгчид таван хувийн татвар ногдуулна. Үүнд, Засгийн газраас өргөх бичигт хувьцаа гэж тусгасан байсан. Энэ нь хэлэлцүүлгийн явцад хасагдсан.
Учир нь хөрөнгө оруулагчдын 90-95 хувь нь арилжааны банкны зээлээр хөрөнгө оруулалтаа хийдэг. Гэтэл дэлхийн жишигт хувьцааны хөрөнгө оруулалт өндөр төвшинд байдаг. Хувьцааны хөрөнгө оруулалт нь банк шиг өндөр хүүтэй байдаггүй. Үүнийг Монголд нутагшуулья гэдэг байдлаар оруулсан ч хасагдсан.
Арилжааны банкны гадаад, дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл, өрийн хэрэгслээр буцааж гаргаж байгаа татварыг таван хувиар тогтоосон. Энэ нь зээлийн хүүг бууруулахад ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд 20 хувийн татвараа олгож байгаа зээл дээрээ бодож тусгадаг. Энэ нь эргээд тэтгэвэр, цалин зэрэг зээлийн хүү дээр татвар нэмж татвар давхар суудаг учир энэ байдлыг зогсоож, хүүг бууруулах үүднээс ийм арга хэмжэээ авсан.
Татварын хяналт шалгалт хийх, акт гаргах, алданги, торгууль ногдуулах, хөөн хэлэлцэх хугацааг ТАВАН жил байсныг ДӨРВӨН жил болгож бууруулна.
Жишээлбэл, барилга байгууламжийн элэгдэлд тооцох хугацаа 50 жил байсныг 25 жил болгосон.
Иргэд амьдран суух зорилгоор эсвэл анх удаагаа орон сууц барьсан тохиолдолд 3,000.000 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг 6,000.000 болгож нэмсэн.
Анх удаагаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ. Хэрвээ тухайн иргэн арилжааны банкнаас 13 хувиар орон сууц худалдаж авсан бол НАЙМАН хувийн татвараар бодож зөрүү ТАВАН хувийн төлбөрийн татвараас эргээд хөнгөлөлт олгох боломжийг оруулсан.
Ингэснээр ипотикийн зах зээлийг дэмжих бодлого тусгагдсан.
Улаабаатараас 500 км-аас алслагдсан зайд үйл ажиллагаа эрхлэгч ААН, иргэдийн төлсөн татварыг 50 хувиар, 1000-аас дээш км зайд үйл ажиллагаа явуулдаг бол татварыг 90 хувиар хөнгөлнө.
50 хувийн хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 ААН, харин 90 хувийн хөнгөлөлтөд 8268 иргнэ, 55 ААН хамаарна.
Үүнээс гадна үр тариа, жимс жимсгэнэ, модны суулгац тарих үйл ажиллагаа эрхлэгчийн бүтээгдэхүүнээс олсон орлогыг 50 хувиар хөнгөлнө.
Жилд хоёр тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлоготой ААН жилд хоёр удаа тайлан гаргана. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хасах зардлуудыг тусгаж өгсөн байдаг. Гэтэл энэ их төвөгтэй байдаг. Тиймээс баримтаар нотлогдсон зардлуудыг татвараас хасдаг байхаар тусгасан.
Алдаатай тайлан ирүүлсэн бол үүнийгээ гурав хоногийн дотор засах боломжийг олгоно.
Татварын тайланг нэг жилийн дотор ямар нэг торгуульгүйгээр залруулах боломжтой болно.
Татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан нь нотлогдвол ААН рүү шууд шилжүүлнэ.
Татварын өрөө төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр жил болгож сунгасан.
Татварын алба, байцаагчид тооцох хариуцлагыг нэмсэн. Ингэснээр бизнес эрхлэгчийг дарамтлах, хуулийг өөрөөр тайлбарлах эрсдлийг бууруулна.
Европийн холбооны хар жагсаалтад Монгол Улс багтсан. Энэ хууль батлагдснаар ийм эрсдэл дахиж гарахгүй. Дэлхийн 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломжтой болно.
Татварын мэдээлэлийг бүрэн цахимжуулна. Мөн гаалийн байгууллагатай хамтарсан системд оруулахаар ажиллаж байна.
Маргаантай тайлбарлагддаг хэд хэдэн асуудлаар тайлбар хийе.
Энэ нь татварын өрийг өв залгамжлагч нь хариуцахаар зохицуулсан байдаг. Тэгвэл шинэ хуулиар нас барсан болон нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй гэж зааж өгсөн.
Татварын өрийн хэмжээ 20 сая төгрөг бол гадагшаа зорчих эрхийг хязгаарладаг гэсэн ойлголт байдаг. Үүнд тайлбар хийе. Гадаадын иргэн болон харьяалалгүй иргэн татварын өрөө төлж дуустал хилээр нэвтрүүлэхийг хориглох эрх бүхий байгууллагад хандах эрхтэй. Үүнд хоёр нөхцөл давхар биелэх ёстой. Үүнд, татварын өртэй этгээд татварын өр барагдуулах хөрөнгөгүй, авлагагүй. Мөн татварын өрийн хэмжээ 20 сая төгрөг ба түүнээс дээш.
Ингэхээр хэлэлцүүлгийн явцад тус хуулийн 68.1-т Татварын алба энэ хуульд заасан татварын өрийг хураах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө татварын өрийн хэмжээнээс хамаарч татвар төлөгчид зорчих эрх хязгаарлах арга хэмжээ авч болно гэж байсныг хэлэлцүүлгийн явцад “Энэ хэтэрхий өргөн цар хүрээтэй байна. Татварын байцаагч эрх бүхий байгууллагад бичиг өгөөд л зорчих эрхийг хязгаарлачих юм шиг ойлгогдож байна” гэсэн учир дээр байгаагаар тусгаж өгсөн.
Яагаад ийм өөрчлөлт оруулсан бэ гэхээр Жан Сү Жан компани 72.1 тэрбум төгрөгийн татварын өртэй. Оюутолгойд бараа үйлчилгээ нийлүүлдэг байсан компани. Гэтэл татварын төлөө төлөлгүйгээр удирдлагууд нь хил давчихсан. Бүртгэлийн газраас хөрөнгөтэй эсэхийг тодруултал ямар ч хөрөнгөгүй гэсэн.
Мөн “Green Terra” компани мөн 127 сая төгрөгийн татварын өртэй. Захирлууд нь Казахстан Улсын иргэд. Улсын хил даваад зугтсан.
“Elians” нөхөрлөл 41 сая төгрөгийн өртэй. Үүсгэн байгуулагч ОХУ-ын иргэн мөн хилээр гарсан.
“Жи Тайм” компани 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс гадна олон иргэнийг хохироосон.
Эдгээр компаниуд нь 124 тэрбум төгрөгийн татварын өртэй. Татварын алба дээр найдваргүй авлагын хэмжээ 265 тэрбум төгрөг болсон. Үүний 45 хувь нь гадаадын иргэд өр үүсгэчихээд улсын давж зугтсан. Эргүүлж авах ямар ч боломжгүй. Тиймээс л хуульд ийм өөрчлөлт оруулсан. Монгол Улсад бизнес эрхлэх нь хуулиар нээлттэй. Гэхдээ татвараа заавал төлөх ёстой. Бизнес эрхлэгчийг боомилсон хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хууль батлагдсны дараа 45 журам батлагдах ёстой. Олон нийтээр хэлэлцүүлэг хийнэ. Энэ хууль бол Монгол Улсын эдийн засаг, ААН-ийг дэмжих зорилготой хууль” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)