Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Улаанбурхан өвчин дэлхий нийтээр 2018 оны сүүлчээс эхлэн дэгдэж эхэлжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тархалт гарахаас урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам болон эмнэлгийн байгууллагууд маш олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Гэвч өчигдөр Энэтхэг улсаас Монгол улсад ажиллаж байгаа иргэнээс уг өвчний анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирлээ. Ингэснээр уг халдварт өвчин тархах эрсдэл бий болж байгаа учраас сэрэмжлүүлж байна” гэв.
Тус Энэтхэг Улсын иргэн нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой компанийн уурхайд ажилладаг бөгөөд одоогоор тусгаарлаад байгаа юм байна. Улаанбурхны өвчний шинж тэмдэг нь тууралт эхлэхээс өмнөх 4-5 хоног, тууралтын дараах 4-5 хоногт халдвар тараах эрсдэл өндөр байдаг аж. Уг мэдээллийн аван цаг алдалгүй ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү онцолсон юм. Тэрбээр “Улаанбурхны вакцин хийлгээгүй, дархлаа нь суларсан хүмүүст вирус маш хурдан халдварладаг. Баримт дэлгэхэд 2015-2016 оны хооронд Монгол Улсад 50 мянган хүн уг халдварт өвчнөөр өвчилсөн байдаг. Энэ нь дархлаажуулалтад хамраагүй болон суларсан иргэд их байгааг харуулсан юм. Тиймээс улаан бурхан өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх шаардлагатай”-г хэллээ.
2018 оны сүүлчээр Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д дэгдэлт их байгаа аж.
Түүнчлэн дархлалын тогтлын түвшин хамгийн бага байдаг гэж үздэг 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шаардлагатай. Мөн энэ өвчин халдвар өндөртэй, дархлаа сул, архаг хууч өвчтэй хүмүүст халдварлах магадлал өндөр учраас иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэй гэв.
Уг өвчний онцлог шинж тэмдэг нь хүүхэд өндөр халуурах бөгөөд нүд нь нуухдан биеийн дээд хэсгээсээ эхлэн туурдаг байна. Харин уг өвчин хүндэрснээр уушгины хатгаа, амьсгалын дутагдал, тархи мэдрэлийн өвчтэй болох, тагнай цоорох, сонсголын бэрхшээлтэй болох зэрэг аюул дагуулдаг учраас шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөлөө.
Б.Лхам