АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан шүүгч Л.Бямбаагийн талаарх мэдээлэл өгсөн. Ингээд сэтгүүлчдий сонирхсон асуултад хариулсан хариултыг товчхон хүргэе.
-Талийгаач Л.Бямбааг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ. Түүнийг цагдан хорихгүйгээр гадуур шалгах боломжгүй байсан уу?
-Салхитын мөнгөний ордыг эзэмшигч компани болон тухайн ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй хууль хяналтын байгууллага, хууль сахиулагчид тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ мөрдөн шалгах төлөвлөгөөний дагуу явуулж байсан. Хэргийг шалгаж байх явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдож, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэж гэр, ажлын байранд нэгжлэг хийж, шаардлагатай баримтыг хураасан. Энэ хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас тухайн хүнийг сэжигтнээр баривчилж, 48 цагийн хугацаатай саатуулсан. Цагдан хорих хугацаа дуусч авахаар очих үед ийм харамсалтай хэрэг гарсныг мэдсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн ажиллагаа, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. Тиймээс шаардлагатай мэдээллийг тус байгууллагаас авах хэрэгтэй.
-Талийгаач Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар авлига өгсөн зүйл заалтаар шалгагдаж байсан юм уу. Эсвэл авсан гэх заалтаар шалгагдсан юм уу. Энэ асуудалтай холбоотойгоор баривчлагдсан таван хүн ямар ямар албан тушаал эрхэлдэг байсан юм бэ?
-Талийгаач шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан хүн байсан. Энэ хүний хувьд хээл хахууль өгөх явцад хамтран оролцогчоор оролцсон гэж үзэж, сэжиглэсэн.
-Цагдан хорих 461 дүгээр анги камержуулалт сайтай гэсэн. Шүүгчийн хоригдож байсан өрөө камертай байсан юм уу?
-Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тухайн байгууллагаас мэдээлэл авах боломжтой.
-Цагдан хоригдох 48 цагийн хугацаатайгаар баривчилсан хугацаа нь баасан гариг таарсан гэсэн. Гэтэл тухайн өдөр АТГ-аас шүүхэд санал өгөөгүй гэсэн мэдээлэл байна?
-АТГ-аас сэжигтнээр баривчлах 48 цагийн хугацааг хэтрүүлсэн асуудал байхгүй. Тогтоол, шийдвэрүүд цаг хугацаагаараа хянагдаж, хуулийн дагуу явагдсан. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д зааснаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа байсан юм. Цагдан хорих болон бусад эрх зүйн хэм хэмжээнүүдтэй андуурч, буруу тайлбарлаж, ташаа мэдээлэл явж байх шиг байна. Талийгаачийн хувьд хэрэг нь шалгагдаж байгаа. Цаашид мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах хэрэг ингээд дуусахгүй. Гэм буруутай этгээдийг олж тогтоох ажиллагаа хийгдэнэ. Тухайн хэрэг дээр хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгтэй хамтран оролцогчоор сэжиглэгдэн шалгагдаж байсан юм.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн талаар мэдээлэл өгнө үү?
-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудалд дээрх хэлтсээс хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа. Энд АТГ-ын хянан шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн 2012-2017 онуудыг шалгасан. Шалгах явцад зарим нэр бүхий шүүгчид өөрсдийн хөрөнгийг мэдүүлээгүй, зарим нь зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаагүй учраас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манай улсын хувьд уул уурхайн салбартай нэр бүхий цөөнгүй эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон байдаг. Хуулиар нэгэнт эрх олгогдсон хүнд мөрдөн шалгахад хүндрэл, бэрхшээл учирдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн албан үүргийг нь түдгэлзүүлж, хэрэг бүртгэлийн ажиллагаагаа явуулан гэм буруутай эсэхийг нь шалгахаар прокурорын газарт хүсэлтээ явуулсан.
-Ерөнхий сайд нарт холбогдох хэрэг ямар шатанд үргэлжилж байна вэ?
-Ерөнхий сайд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Олон улсад бичсэн даалгавруудын хариунууд ирсэн. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэнэ гэж харж байна.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар хэчнээн хүнийг шалгаж байгаа юм бэ?
-Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хүн байхгүй. Өмнө нь цагдан хорьсон хүмүүсийн хэрэг бүгд таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөгдчихсөн. Харин баривчлах ажиллагааны хүрээнд таван хүнийг баривчилсан.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сэжигтнээр дуудсан юм уу эсвэл гэрчийн мэдүүлэг авах гэж дуудсан юм уу?
-Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхий прокурорт Х.Баттулга Ерөнхийлөгч нотлох материал гаргаж өгсөн. Тухайн асуудал өмнө нь АТГ-т хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Харин уг асуудлаар тухайн хэрэгт хамтатган шалгуулахаар материал ирүүлсэн юм. Уг материалтай нь холбогдуулан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг дуудаж гэрчээр мэдүүлэг авсан.
-Уг хэрэгт холбогдуулан хэчнээн хүн байцаагдаж байгаа вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байдаг учраас хэнээс мэдүүлэг авсан талаар мэдээлэх боломжгүй.
-Д.Жигжиднямаатай холбоотой асуудал ямар шатандаа явж байна вэ?
-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23 дугаар тогтоол батлагдан гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр АТГ-т Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны удирдлагууд, 400 сая ам.долларыг босгосон хэргүүд шалгагдаж байгаа гэсэн. Эдгээр хэргүүд ямар шатанд явна вэ?
-Эдгээрт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Прокурорын байгууллагаас тодорхой зөвшөөрлүүд авагдаагүй хэргүүд учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-ТОСК-д ажиллаж байгаа албан хаагчид түрээсийн орон сууцны квотыг 4-7 сая төгрөгт үнэлж, иргэдэд худалдаж байсан талаар шалгагдаж байсан гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ асуудлыг тодруулж байгаад эргэн хариу хэлье.
Б.Лхам
Сэтгэгдэл (21)