Туркийн лир хэзээ саарах нь тодорхойгүйгээр эрчээ аван ёроол руу унаж байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 35 гаруй хувиар ханш нь унасан лир Аргентиныг ардаа орхин, 2018 оны хамгийн үнэ цэнэгүй мөнгөн тэмдэгтэд нэрлэгдэхэд хүрэв. Зөвхөн баасан гарагт доллартай харьцах турк лир 14.3 хувиар суларч, нэг ам.доллар 6.47 лир болсон нь одоогоор уналтын ёроолд тооцогдож байна. Ийнхүү зөвхөн 2018 он гарсаар Турк улсын мөнгөн дэвсгэртийн үнэ цэнэ 40 хувиар буурчихаад байгааг Financial Times-аас эхлээд дэлхийн томоохон хэвлэлүүд онцлоод байгаа юм.
Ийнхүү Турк улсын мөнгөн дэвсгэртийг “шороотой” хутгаж буй хэргийн “эзэн” нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп. Баасан гарагт АНУ Туркийн эсрэг эдийн засгийн хориг хэрэгжүүлэхээ зарласан бөгөөд БНТУ-ын хөнгөнцагаанд 20, ганд 50 хувь буюу тус улсад экспортын татвараа хоёр дахин өсгөжээ. Үүний улмаас Турк лирийн ханш 2001 оны санхүүгийн хямралын үеэс хойш нэг өдрийн дотор ийнхүү хамгийн эрчимтэй уналтад ороход хүрсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухайгаа “Турк улстай манай харилцаа энэ цаг үед маш сайнгүй байна. Би ган болон хөнгөнцагааны татвараа хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар Туркийн мөнгөн тэмдэгт манай маш хүчирхэг долларын эсрэг хурдтай унаж байна” хэмээн жиргэсэн бол Цагаан ордны Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Кевин Хассет баасан гарагийн орой “Трампын засаг захиргаа Туркийг анхааралтай ажиглаж байна” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Худалдааны байгууллагын мэдээлснээр 2017 онд Турк улс 1.5 сая тонн ганг АНУ-д экспортолсон бөгөөд БНТУ-ын түүхий эдээ гаргадаг хамгийн том зах зээлд тооцогдож байгаа аж.
“Дайн” дэгдсэн шалтгаан
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Р.Т.Эрдоганыг сайшааж, Анкарад санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн Дональд Трамп ийнүү Турк улсын эсрэг босож буй нь хэд хэдэн шалтгаантай. Энэ бүхэн урт түүх болох хэдий ч товч тайлбарлах гээд үзье.
2016 оны долдугаар сард БНТУ-д төрийн эргэлт хийхийг завдсан ч амжилтгүй болсон. Түүхэндээ анх удаа амжилтгүй болсон уг төрийн эргэлт тавилттай жүжиг байсан талаар олон улсын хэвлэлүүд дүгнэдэг ч одоог хүртэл уршиг нь дуусаагүй байгаа. Хамгийн гол нь Р.Т.Эрдоган эл төрийн эргэлт хэмээн үйл ажиллагааг өөрийнхөө эсрэг хүмүүсийг намнах шалтаг болгосон гэсэн таамаг хүчтэй байдаг. Тэгвэл Эрдоган энэ төрийн эргэлтийг зохион байгуулахад АНУ-ын хойд Каролинагийн оршин суугч, загалмайтны шашны зүтгэлтэн, санваартан, Турк улсад 20 гаруй жил ажилласан Эндрью Брансоныг тусалсан хэмээн буруутгаж, хорьсон байдаг. Гэвч түүнийг 21 сар байцаах ч үгүй хорьсны эцэст гэрийн хорионд шилжүүлэх шийдвэрийг Туркийн шүүхээс гаргасан нь Вашингтоны найдлагыг талаар болгов.
Хоёр жил орчим үндэслэлгүй хорьсон иргэнийг нь суллахгүй бол томоохон хориг арга хэмжээ авахаа АНУ мэдэгдээд, удалгүй БНТУ-ын Хууль зүйн сайд Абдулхамит Гюл, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарын эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаагаа зарласан юм. Тэд Брансоныг баривчлах хорих ажиллагааг гардан зохион байгуулсан аж.
Харин үүнээс хэдхэн хоногийн дараа Р.Т.Эрдоган хариу барьж, өөрийн тус улс дахь АНУ-ын Хууль зүй болон Дотоод хэргийн яамдын өмч хөрөнгийг битүүмжлэх зарлиг буулгасан. Зөрүүлээд АНУ ийнхүү татвараа нэмэгдүүлсэн билээ.
NATO-гийн гишүүн, холбоотон хоёр орны харилцаа Сирийн дайн, Оросоос зэвсэг авах асуудалтай холбоотойгоор зөрчилдөөд байсны дээр номлогчийн хэрэг гал дээр тос нэмсэн нь энэ.
Эрдоган ба Туркийн хувь заяа
Төрд гарсан 15 жилийн хугацаанд анх удаа ийнхүү шалдаа бууж буй эх орныхоо мөнгөн дэвсгэртийг Ерөнхийлөгч Эрдоган хамгаалахаа хэлж, гаднын эдийн засгийн түрэмгийллийн эсрэг тэмцэхийг иргэдэдээ уриалахдаа “Хэрэв доллар, евро, алт дэрэндээ хадгалсан хүн байгаа бол яг одоо банкинд очиж солиул. Энэ бол үндэсний эрх ашгаа хамгаалах тэмцэл юм” гэсэн нь олон улсын гол мэдээллийн хэрэгслүүдийн жишээ болж байна. Мөн тэрбээр “Зарим улс орон төрийн эргэлт хийсэн хүмүүсийг хамгаалж, хууль бус үйлдэл гаргаж байна. Ийм ааш авир гаргаж байгаа улсуудтай бид эцсээ хүртэл тулалдахаас өөр аргагүй” хэмээн мөн дурджээ.
Харин түүний хүргэн, Сангийн сайд Берат Албаярак инфляцитай тэмцэх, төсвийн хатуу сахилга баттай байх, урсгал дансны алдагдлыг багасгах зэргээр эдийн засгаа аврахаа танилцуулсан ч хөрөнгө оруулагчид үүнийг нь хүлээж аваагүй талаар Ройтерс эш татсан байна.
Лирийн энэхүү уналтаас болоод Туркэд хамгийн том зээлдүүлэгчид болох ВВВА, UniCredit болон BNP Paribas нар санаа зовж байгаа аж. Хөгжиж буй зах зээлүүдээс өндөр ашиг хүртэх гэсэн хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр Турк улс богино хугацааны гадаад эх үүсвэрийг бий болгосны хүчинд амжилттай хөгжиж ирснийг Financial Times тодотгожээ. Гэвч Таймс сонины мэдээлснээр Европын дээрх томоохон зээлдүүлэгчид хохирол амсаж болзошгүй нөхцөл байдал үүсчихээд байна.
БНТУ ба Монгол Улс
Турк улсад 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын “цар хүрээ” хил дамнаж, тусгаар тогтносон Монгол Улсад хүртэл “нөлөөлсөн”. Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Монгол дахь “Эмпати” сургуулиудын захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан бөгөөд БНТУ-ын Тусгай үүргийн ТТ4010 онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан хугацаа давхцсан. Энэ нь Р.Т.Эрдоган төрийн эргэлтээр шалтаглан өөрийнхөө эсрэг хүмүүсийг “намнах” ажиллагааг Монголд явуулсан гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байсан бол өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй” хэмээн мэдэгдсэн нь хардлагыг бараг л баталсан мэт. Харин Монгол Улсад суугаа БНТУ-ын Элчин сайд Ахмет Язал “Сургуулиудын үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө байхгүй. Гол нь болохгүй байгаа нөхдүүд сургуульд ажилласаар байвал харилцаанд тодорхой хэмжээнд таагүй уур амьсгал бий болно” хэмээн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байсан.
Р.Т.Эрдоган манай улс дахь “Эмпати” сургуульд ажилладаг турк багш нарыг авах хүсэлтээ 2017 оноос эрчимжсэн хоёр орны айлчлалуудын үеэр байнга илэрхийлж иржээ. Хэд хэдэн орноос тэрбээр дээрх ТТ4010 онгоцоороо өөрийн зарим иргэнийг хүч хэрэглэн авсан тухай мэдээллүүд ч гаднын хэвлэлүүдэд гарсан. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар гадаад орнуудаас нийт 80 сэжигтнийг Туркэд баривчлан ирүүлсэн бол амжилтгүй болсон төрийн эргэлт хийх оролдлогоос хойших хоёр жилийн хугацаанд Турк улс даяар багш, хуульч, өмгөөлөгч, эмч голдуу мэргэжилтэй төрийн 150 гаруй мянган хүнийг ажлаас нь халж, 160 мянга гаруй хүнийг баривчилсан гэсэн тоо байна. Хоригдсон хүмүүст тодорхой, баримттай ял тулгалгүйгээр буюу үндэслэлгүй хорьж, эрүүдэн шүүж байгаа талаар НҮБ-ын Хүний эрхийн комиссын тайланд хүртэл тусгасан байдаг.
Энэ бүхэн юу харуулж байна гэвэл, Турк улсын дотоод асуудал тогооноосоо хэтэрхий хальж, бусад улс орны хил хязгаарт нэвтрээд байна. Турк улсдаа л гэхэд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Төрийн эргэлтийн дараах хоморголсон баривчилгаагаараа Турк улс зөвхөн Монгол Улстай биш, АНУ, Герман, Францаас эхлээд дэлхийн томоохон орнуудтай “муудалцаж” буйг илтгэж байна. Ямар ч байсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж, прокурор хянаж байгаа бөгөөд цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” хэмээн даацтай мэдэгдсэн.
Харин тус улсын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна. Ямартай ч Р.Т.Эрдоганы бодлого эдийн засгаа доош чангааж буйг худал хэлдэггүй тоонууд тодорхой харуулж байна. Баасан гарагийн хаалтын ханшаар турк лирийн нэг өдрийн уналт 18.5 хувьд хүрэв.
Эх сурвалж: Financial Times, Reuters
Сэтгэгдэл (2)