Бэлгийн хүчирхийлэл гэдэг Энэтхэгийн нийгмийн нэг тулгамдсан асуудал болоод байна. Эмэгтэйчүүд гудамжинд гарахаас, эцэг эхчүүд охид хүүхдээ ганцааранг нь явуулахаас эмээдэг болоод байна. Статистикаас үзэхэд бэлгийн хүчирхийллийн золиос бологсдын бараг тал хувь нь насанд хүрээгүй охид байна,.
Хохирогчийг амьдаар нь шатаажээ
Өнгөрсөн долоо хоногт энэтхэгийн дорнод Жаркханд мужийн цагдаагийнхан 16 настай бүсгүйг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн 20 залууг баривчилсан байна. Энэ тавдугаар сарын 3-нд охины эцэг эхийг хуриманд явсан хойгуур охиныг гэрээс нь хулгайлж бүлэглэн хүчихийлснийхээ дараа гэрт нь авчирч орхисон байна. Охин бүхнийг эцэгтээ хэлээд, нутгийн цагдаад ханджээ. Хууль сахиулагчид хүчирхийлэгчдэд 734 долларын торгууль, нөхөн төлбөр оногдуулж. Харин гэмт этгээдүүд үүнийх нь төлөө өшөө авахаар шийдэж гэрт нь дайран орж, гэрт байсан бүх хүнийг зодоод, охиныг амьдаар нь шатаажээ.
Бас Жаркхандад яг ийм байдлаар 17 настай бүсгүйг шатаасан хэрэг гарсан байна. Бүсгүй нөхөрт гарахаас татгалзсаны нь төлөө хүчирхийлж, керосин цацаад шатаажээ. Одоо бүсгүй биеийнх нь 95 хувь түлэгдээд эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байна.
Ганц нэгээрээ юм уу, бүлэглэн хүчиндэх, тэгээд амийг нь хөнөөх хэрэг Энэтхэгт ийн байнга гарч байна. 2016 онд 40 мянган ийм хэрэг бүртгэгдсэний 19,65 хувийнх нь хохирогч насанд хүрээгүй охид байна.
Энэтхэгийн хүний эрхийг хамгаалах Save Children байгууллага энэ тоо баримтыг үнэнд хамгийн дөхүү гээд, гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь гэж байна. Human Rights Watch байгууллагын хүний эрхийг хамгаалагчид ийм хэрэг ихэнх тохиолдолд эмнэлэг, цагдаагийн хэсгүүдэд замхардаг гэж баталж байгаа юм. Хууль сахиулагчид зарим ийм хэргийг бүртгэх, хохирогчийг, гэрчийг хамгаалахыг хүсдэггүй гэнэ.
Тэр ч бүү хэл хохирогчдын гэр бүлийнхэн олны шившиг болохоос айгаад хэргийг нуун дарагдуулах явдал ч байна. Зарим тооцоогоор ийм хэргийн таван хувь нь ингэж замхардаг байна.
“Эцэг нь байнга хүчирхийлдэг байсан нэг бүсгүйг би мэднэ. Гэр бүлийнхэн нь бүсгүйг хэзээ ч хамгаалж байгаагүй. Эцэст нь бүсгүй гэрээсээ зугтааж нуугдан нөхөрт гарч өнөөдөр хэвийн амьдарч байна. Одоо тэрбээр гэрийнхнээсээ холбоогоо тасалж, энэ явдлын төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй” гэж Нью-Делигийн 30 настай бизнесмэн, “аам-аадми парти” намын эмэгтэйчүүдийн тасгийн ажилтан эмэгтэй Шабина Куреши ярьж байна. Эдний нам 2015 онд болсон Делийн хууль тогтоох байгууллагын сонгуульд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс сэргийлэхэд эргүүлийн тусламж ашиглах уриа дэвшүүлж байгаад ялсан юм байна.
Шабина “Энэтхэгт, ялангуяа хөдөө мужуудад дөрөвхөн ханын дунд хоригдсон бүсгүйчүүд мянга мянгаараа байна. Тэдний хувьд хөршүүд, төрөл төрөгсөд, найз нар гээд хүчрхийлэх, бэлгийн дарамт үзүүлэх хүн мундахгүй. Хулгайлах, хүчиндэх, амийг нь хөнөөх явдал өдөр бүр. Том хотуудад ч ялгаагүй. Би дөрөв дэх жилдээ охид бүсгүйчүүдийг сургаж боловсруулах ажил хийж байна. Бид тэдэнд өөрийгөө үнэлж хүндэтгэх, кун-фу, каратэгийн наад захын техник заадаг. Энэ чинь ядаж л таксины жолоочоос биеэ хамгаалахад нь хэрэг болно шүү дээ. Нэг шавь маань яг ийм байдлаар таксины жолочоос биеэ хамгаалсан. “Би ч гэсэн эмэгтэй хүний хувьд Энэтхэгт аюулгүй байна гэдэгтээ итгэхгүй байна. Гэрээсээ гараад л хүнгүй газарт, таксинд суухдаа, метрогоор явахдаа үргэлжийн айдастай. Миний эх орон нэгт сая сая эмэгтэй яг ийм л байна” гэж эмэгтэйчүүдэд зориулсан ном зохиогч, нийгэм судлаач Дипа Нараян хэлж байна.
“Хамгийн хар өдөр”
Жамму болон Кашмир, Уттар-Прадеш мужид болсон хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өнгөрөгч дөрөвдүгээр сард Энэтхэг даяар болсон. Нэг хэрэгт нь бүр Энэтхэгийн эрх баригч Ардын намаас орон нутгийн хуралд сонгогдсон төлөөлөгч Кулдип Сингх Сенгарыг оролцсон, 16 настай охиныг хүчиндсэн гэж буруутгаж байлаа. Мужийн ерөнхий сайд нь цагдаагийн газрыг хохирогчийн өргөдлийг авахгүй байлаа хэмээн шүүмжилж шаардсаны дараагаар хэрэг явдал, эсэргүүцэл арай намдсан. Гэсэн ч цагдаагийн газраас өргөдлөө эргүүлж авсангүй хэмээн улстөрчийн гэр бүлийнхэн хохирогчийн эцгийг алсны дараа бүсгүй хүчиндэгчийн гэрийн гадаа өөрийгөө шатаахыг оролдсон байна. Мужийн эрх баригчид гэмт хэргийг хэн үйлдсэнээс хамаарахгүйгээр хэргийг шударга мөрдөнө гэж мэдэгдээд байна.
Кашмир дахь эсэргүүцэл
Кашмир мужид найман настай мусульман охин Асифийг хүчирхийлж амийг нь хөнөөсөн хэрэг олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж эсэргүүцэл өрнөсөн. Найман эр охиныг хулгайлсны дотор нэг нь цагдаагийн ажилтан байсан гэнэ. Охиныг индиусын сүмд таван өдөр байлгаж тамлан, хар тамхиар мансууруулан хүчирхийлээд сүүлд нь үхтэл зодоод ойд аваачиж хаясан байна. Гэмт хэрэгтнүүд бүгд индиусын шашинтан байсан учраас лалын шашинтан тэдний гэр бүлийг мужаасаа зайлуулахаар бодсон байна.
Сөрөг хүчний удирдагч Рахул Ганди зохион байгуулж Нью-Делид, аажмаар улс орон даяар “Асифын төлөө шударга шүүх”, “Би индус, гэхдээ надад ичгэвтэр байна” гэсэн уриа бүхий эсэргүүцлийн аян өрнүүлсэн байна. Энэ бол 2012 онд 23 настай бүсгүйг автобусанд хэсэг залуу бүлэглэн зэрлэгээр хүчиндсэний төлөө өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойшхи хамгийн өргөн олныг хамарсан хөдөлгөөн байлаа.
Дээд хэмжээ
Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд шуурхай хуралдаанаараа 12 хүтэлх насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд цаазаар авах ял оноож байхаар шийдвэрлэсэн байна. 16-гаас дээш насны охидыг хүчирхийлсэн гэмт этгээдэд оноох ялын доод хэмжээг 7-10 жил, 12-16 насны охидыг хүчирхийлсэн бол ялын доод хэмжээ нь 20 жил болгож ялын дээд хэмжээ нь бүх насаар нь хорих болгохоор тогтжээ.
“Ийм гэмт этгээдүүдэд хатуу ял оноож байх хэрэгтэй. Бүр олны өмнө толгойг нь авч байвал зохино. Гэмт этгээдүүдэд хэдий л хатуу хариуцлага тооцож хатуу ял өгнө, ийм гэмт хэрэг төдий багасна. Надад, миний үе тэнгийн охид бүсгүйчүүдэд тохиолдсон гай гамшиг дахин давтагдах ёсгүй” гэж ийм гэмт хэргийн хохирогч болсон нэрээ хэлэхийг үл хүссэн нэгэн бүсгүй РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Энэтхэг улс НҮБ-ээс гаргасан жендерийн тэгш байдлын судалгаагаар 159 улс орноос 125 дугаар байрт орж байгааг нийгэм судлаач Дипа Нараян хэлээд энэ нь энэтхэгийн нийгмийн бүхий л салбарт ийм байгаа гэжээ.
“Лалын шашинт охидыг гадуурхан улс төрийн нүдээр хардаг болсон. Гэвч энэ эмгэнэл улс төрийн тэмцлийн зэвсэг болох ёсгүй. Охидын эцэг эх, жирийн нүүдэлчин, малчид ийм гэмт хэргийн төлөө гэмт этгээдүүдэд шударга шийтгэл оноохыг л хүсч байна. Харамсалтай нь ийм гэмт хэргийг цагдаагийн хаацайлж, заримд нь бүр цагдаагийнхан оролцож байна. Өөр бас нэг зүйл байна. Олон нийтийн зүгээс гэмт хэрэгт хандах хандлагыг өөрчлөх ёстой. Хүчингийн гэмт гэдэг эмэгтэйчүүдийн өөрсдийн нь буруу, түүний хувьд шившиг, охид бүсгүйчүүдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй гээд тэрүүхэндээ ярьж, нүдээ анин өнгөрөөдөг явдал байсаар байна. Энэтхэгийн нэгэн улстөрч нэг удаа “хөвгүүд бол хөвгүүд. Заримдаа тэд алддаг юм” гэснийг мартах ёсгүй” гэсэн байна.
Сэтгэгдэл (2)