ЭНЭТХЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ ГЭРЛИЙН ХУРДААР ӨСЧ БАЙНА
Манай тивийн эдийн засгийн өнгийг тодорхойлогч болохын төлөөх өрсөлдөөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Энэтхэг улсуудын хооронд өрнөж буй мэт дүр зураг ажиглагдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.
Дэлхий банкны тооцоолсноор Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өсөлт ойрын 3 жилийн хугацаанд жил тус бүр 7 хувийг давна гэж гарчээ. Хэрэв энэ таамаг биеллээ олбол Энэтхэг улс дэлхий дээрх хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай улсаар нэрлэгдэнэ.
Харин Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) урьдчилан тооцоолсноор Энэтхэг улсын ДНБ энэ онд 7,4, ирэх онд 7,8 хувиар тус тус өсөлттэй байх таамаглал дэвшүүлээд буй юм. Мөн л дэлхийн бусад улс гүрнүүдийг ардаа хаясан тооцоолол.
Харин урд хөрш болох БНХАУ-ын ДНБ ойрын 3 жилд 6,8-6,4 хувьтай тэнцэхүйц хэмжээний өсөлт үзүүлнэ гэж тооцсон нь Энэтхэгийг урдаа оруулсан явдал болсныг дэлхий нийт харж байна. Өнгөрсөн жил “Мүүди’-с агентлаг 2004 оноос хойш анх удаагаа Энэтхэгийн зээлжих зэрэглэлийг “Baa2” болгон өндөрсгөж, “тогтвортой” хэмээх ангилалд хамруулсан нь зүгээр ч нэг хэрэг биш байсныг дээрх тооцооллууд бататгаж байгаа нь энэ юм.
Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлыг урьдчилан дүгнэхэд Энэтхэг улсын гадаадаас авах шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 17 хувиар ихсэх болсон нь нэгэнт тодорхой болоод байна. Худалдааны салбарт л гэхэд автомашины борлуулалтын түвшин Герман улстай ижил түвшинд очсон байгаа нь Германы автомашин үйлдвэрлэгчдийн шүлсийг гоожуулж байгаа гэхэд хилсдэхгүй.
Ерөнхий сайд Нарендра Моди албан үүргээ хүлээж авсан цагаас хойш алдаа оноотой 4 жилийг нүүрийг үзэж буй хэдий ч эл хугацаанд газрын тосны үнийн өөрчлөлтийг улсдаа ашигтайгаар ашигласан, эдийн засгаа тэлэх үүднээс “Энэтхэгт үйлдвэрлэ” зэрэг хөтөлбөрүүдийг дотооддоо хэрэгжүүлж ирсний хариу ирэх онд болох сонгуулийн саналд бонус оноо болон үнэлэгдэх нь илэрхий болжээ.
Хэдий эдийн засгийн ихэнх үзүүлэлтүүд тогтмол өсөлт үзүүлж ирж байгаа ч Энэтхэгийн эдийн засгийн том сул тал бол ажлын байрны хомсдол, түүнийг дагасан ажилгүйдэл юм. Дэлхийд хүн амаараа хоёрт жагсах энэ улсад нэг жилд гэхэд 12 саяар тоологдох шинэ залуу боловсон хүчнээ хөдөлмөрийн зах зээлд хэрхэн шингээх вэ гэдэг бэрхшээл үүсдэг байна. Энэтхэгийн ажлын байрны монополь салбарууд болох газар тариалан, барилга бүтээн байгуулалт болон бага оврын үйлдвэрлэл зэрэгт ч ажлын байрны энэ асуудал давамгайлж буй энэ нь тус улсын ард иргэдийн сонгуулийн хүлээлт болно гэж ажиглагчид үзэж байна.
21-р зуун гарсаар Ази тив нь дэлхийн олон талбарт өсөн хөгжиж, үүнийг дагасан өөрчлөлтүүдээрээ “хөгшин” хэмээн цоллуулах болсон Европ тивээс илүүтэй дэлхий нийтийн сонирхлыг татах боллоо. Тэгвэл энэхүү өөрчлөлттэй гуравдагч орны ашиг сонирхол хэрхэн холбогдож байна вэ? Энэ тал дээр байр сууриа нуулгүй илэрхийлсэн улсаар Америкийн Нэгдсэн Улсыг нэрлэж болох юм. Тодруулбал, 2017 оны аравдугаар сард АНУ-ын экс төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон нэгэн мэдэгдэлдээ ерөнхийлөгч Д.Трампын кабинет Энэтхэгтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чиглэлд ажиллаж байгааг дурдаад “Энэтхэг бол Ази тивд хүчээ нэмж буй Хятадын хүчийг сулруулахад нөлөөлж чадах хамгийн гол түлхүүр юм” хэмээн мэдэгдэж байсан удаатай юм.
Эх сурвалж: www.cnbc.com, BBC, www.thehindubusinessline.com