Энэ амьтныг хальт харахад нохой гэж андуурмаар юм билээ. Сайн тогтоох аваас чоно шиг соотон чихтэй. Шулуухан хэлэхэд, Чонон чих, мууран толгойтой нохой гэчихвэл хэн хэндээ амар байх. Гэхдээ баргийн хүнд харагдаж муугаа үзүүлдэггүй гайхал л даа. Түүнтэй хаа тааралдаж болох вэ гэвэл Өвөрхангайн Богд сумын их, бага Богдын хярд. Тэндхийн малчид шилүүсээс ихэд цээрлэх агаад өхөөрдөх, үзэн ядахын аль нь болохыг бүү мэд эрээн гэж нэрлэцгээж байсан.
Энд сонирхуулахад, хотонд эрээн морилох аваас хүний амины гарлагатай гэж үзэн тийм тохиолдолд тэр даруй нүүдэл суудал хийцгээдэг гэсэн. Нөгөөтэйгүүр, шилүүс гуайг муур авхай миний садан төрөл хэмээн заргалддаг авч түүний урт тэгш хөл, хавчиг сарвуу руугаа шигдэн орсон тэнийдэггүй хумс зэрэг нь нохойтой илүү төстэй гэж хэлмээр юм билээ. Тэдний садан төрлүүд хорвоогоор нэг биш ч халуун хүйтэн хоёр туйлд бий. Үеэл ах арслан, бар хоёр нь Африкийн ширэнгэн ойд тус тусын вант улсаа төвхнүүлж суурьшсэн бол өөр эцэгтэй ирвэс, мануул дүү нар нь тэнгэр уул, цаст Хималай, Тагна, Саяны оройгоор дамжин Төв азид тэр тусмаа Ар халхын цаст алтайн нуруугаар нүүдэл суудал хийсэн шигээ амьдралаа залгуулах жишээний. Харин мууржав гуайтай л хаана ч тааралдаж болно. Үнэн хэрэгтээ муур, нохой хоёр энэ яваа насандаа бүү хэл, урд, хойд төрөлдөө ч бие биеэ үздэггүй өстнүүд шүү дээ. Тэгсэн атлаа өстнүүдийнх нь хэн хэнийх нь шинж ирвэс, шилүүсний аль алинд нь бий гэнэ лээ. Тэд ямар ч амьтанд заяагаагүй хурдтайгаараа зартай. Хурдаар тэдний хөлийн чигчий хуруунд ч хүрэх аз нь шовойсон аавын хүү одоогоор алга байна. Шилүүс агнах олзоо салхины хурдаар, цагт 110, заримдаа бүр 140 км хүртэл хурдлах нь түүний хувьд байх зүйл гэсэн. Харамсалтай нь түүнд салхи татуулан хурдалж ид шидээ үзэх боломж тэр бүр гарахгүй. Учир юу хэмээвээс шилүүс ноёнтны өргөө янгир л дүүлэх цавчим хадан дунд байх тул бууриа тойроод л хүнстэйгээ залгадаг болоод тэр. Тиймээс дөрвөн мөчнийхөө шар усыг тэнийлгэмээр болсон үедээ тал руу бууж зээр, бөхөн мэтийн жижиг туурайтныг хөөж зугаа гаргана. Бас түүний хараа гайхамшигтай хурц гэж байгаа. Довцог, толгод цаашилбал, өндөр хадан хясаан дээрээс өнгийгөөд л талд бэлчээрлэж буй зээрийн сүрэг, тэр бүү хэл талаар дэгдэж яваа туулайн бүжинг ч олоод үзчихдэг гайхал. Тэгээд л олзоо овоо хараандаа сайн гэгч тааруулж аваад алсаас хяраан бараг л хэвтээгээрээ мөлхөж гарна. 20-100 метрийн зайнаас үсрэн олз руугаа үсрэх тэрхэн агшинд гайхалтай гэмээр хурд авч нүд ирмэхийн зуурт л урд савраараа цохин унагаж, тэр дор нь хоолойг нь тас хаздаг байна. Харин олзоо гүйцэлгүй алдсан тохиолдолд түүнийхээ араас чоно шиг улайрахгүй нь даанч сайхан даа.
Буянаа барж буй эрээн
Тэр төрөл садныхаа нэгэн адилаар дээд өвгөөсөө цас сорох, нүүрээ угаах хоёрыг л өвлөжээ. Өглөө сэрүүт биеийнхээ чилээг гаргаж хэд сайн суниачихаад нүхнийхээ ойролцоох чулуу сандайлан урд хоёр хөлийнхөө тавхайг шүлсдэж байгаад л хошуу, хамар, нүд, чихний араа нямбай гэгч угаана. Нөгөө муу соотон чихээ ч хайрлалгүй хугалчих шахан зүлгэнэ дээ. Эм шилүүс бүхнээс урьтан өөрийнхөө нүүрийг угааж ариун цэвэр сахичихаад зулзагануудынхаа хошуунаас аваад хошногыг хүртэл долоож, цэвэрлэн авна. Бас үсийг нь самнахаа мартахгүй. Орой ч мөн адил бүгдийнх нь нүүр гарыг угааж өгчихөөд хэвтэшлэнэ. Тэд ийн өглөө, үдэшгүй нүүрээ угаасаар байгаад хамаг буянаа барж буй юм байх. Сүүлийн хэдэн жил зуд турхан нүүрлэснээс хотон дахь янгир нь өсөж үржих нь бүү хэл сүйрлийн ирмэгт хүрээд байгаа аж. Зарим газар янгиргүй болсон тул аргагүйдсэн шилүү амь зуухын эрхээр тал руу бууж малчны хоттой хонь руу мярааж явахав дээ. Тэр тоолонгоор амь нас нь хутганы ирэн дээр ирнэ гэсэн үг. Аз болж янгир ямаа шигээ “Улаан ном”-д бүртгэлтэй тул түүнийг авлаж өшөөгөө авах сэтгэл малчдад байхгүй.
Ид хавтайд нь өөрийгөө тушаах “авхай”
Өвлийн эхэн сар гармагц зулзаганууд нас биед хүрч оноолт тавилангийнхаа зам мөрийг хөөж одох нь жам ёсны асуудал. Мөн энэ үеэр өөрийнхөө гоо төрснийг гадарлах болсон шилүүс авхай орон гэртээ тогтохоо больж эр сүвтнүүдийг хуйлруулах шиг л болно. Эртэй чадалтай нь түүнийг өөрийн болгохын тулд арьсан дээлээ уралцах нь юу ч биш. Тэднийг ийн уралцуулж байж гэмээнэ сая нэг юм бах нь ханаж ид хавтайд нь өөрийгөө тушаана. Эм сүвтний төлөөх тулаанд ялсан баатар өөрийн отгийг буй болгож сүргийг ахлах агаад хүч чадал муутайхнууд нь хос хоёрын нөмөр нөөлөгт багтдаг байна. Эр, эм хоёр тостой тогоонд хошуу холбосноос хойш гурван сарын дараа дөрөв хүртэлх тооны зулзага төрүүлж бүл нэмнэ. Эх нь тэднийгээ хоолоо залгуулахуйц хүртэл, өөрөөр хэлбэл найман сар дэлэнт эхийн зовлонг эдлэх учиртай. Түүнийг ганцхан үр төлөө цэвэрч боловсон өсгөх үүрэг хүлээдэг гэвэл эндүүрэл. Мярайж, мөлхөхөөс авахуулаад амьдралд хөлөө олох бүхий л арга замыг биечлэн сургадаг гэнэм.
“Би та нарын эцэг чинь байна”
Зарим судлаачид шилүүсийг хар амиа хичээж явдаг зантай балиар амьтан хэмээн тэмдэглэсэн байдаг хэдий ч өөрийнх нь үр төл өнчирч хоцорсныг мэдвэл тэднийгээ хоолоо олж идэж чадах хүртэл нь асрамчилдаг гэсэн. Тэгэхээр мань шилүүс тийм ч арилсан дотортой амьтан биш байгаа биз. Ямар муу эцэг байтлаа “Би та нарын эцэг байна” гээд л үр төлийнхөө хувь заяанд анхаарал тавин хоол зуусаар ирж байхав. Гэхдээ муужгайнууд эцгээрээ тийм ч олон сар тэжээлгээд байдаггүй аж. Тэдний хувьд найман сар боллоо л бол эрийн цээнд хүрлээ л гэсэн үг. Муужгайхан гурван долоо хоногтой болмогц сүүнээс гарч шууд л хар нүдээ өмх махнаас өгөхөөс буцахгүй болно. Энэ бол тэдний цусанд шингэсэн араншин тул яалтай билээ.
Энд сонирхуулахад, муужгайн хумс дөрвөн сар хүртлээ муурынх шиг тэнийдэг байснаа эр бие өсч том болохын хэрээр тэнийхээ больдог юм байх.
Ч.Чулуунцэцэг
Сэтгэгдэл (2)