Монголын урлаг соёлын бүх л салбарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 1999 оноос хойш тэрбум гаруй төгрөгөөр зөвхөн урлаг соёлын салбарынхныг ивээн тэтгэж, тоглолтуудыг нь найруулж, зохион байгуулсаар ирсэн “Алтайн Халиун трейд” группын захирал Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэрэнжавын Гэрэлбаатартай уулзаж ярилцлаа. “Засагт ханы хөх эрчүүд хэцүү” гэдгийг амьдралаараа нотолж яваа монхор хөх энэ эр үнэхээр энэ цаг үед Монголын урлагийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа нэгэн билээ.
-За сайхан өвөлжиж байна уу?
-Тавтай сайхан өвөлжиж байна аа.
-Өөрийн тань энгэр дээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны цол байхыг өнөөдөр л харж байна?
-Та сүрхий ажигч хүн юм. Тийм ээ, Соёлын тэргүүний ажилтан цолыг аваад удаагүй байна. Жаахан хожуу буюу 50 гарчихаад энэ цолыг авсан л даа.
-Аль 2000-аад оноос л хамтлаг дуучид, хошин урлагийнхны тоглолтууд “UB палас”, “Бөхийн өргөө”, МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох бүрт л ард нь “Алтайн Халиун трейд” гэдэг нэр ёс мэт дагалддаг байсан болохоор өөрийг чинь аль эрт л энгэрээ цоолсон байх гэж боддог байлаа л даа?
-Нэг бодлын тэр нь ч тийм. Тоглолтуудыг нь ивээн тэтгэж, хамтран ажиллаж байсан дунд үеийн дуучдаас гэхэд л УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, уртын дууч Г.Хонгорзул, Л.Болдбаатар, Ч.Бат-Эрдэнэ, Х.Болормаа гээд олон гавьяат төрсөн байна. Ер нь хамтлаг дуучдыг ид хийж бүтээж, ард түмэндээ эгшиг дуугаа өргөж яваа залуу сайхан цагт нь гавьяа шагналыг нь өгөх ёстой юм. Хүн гэдэг чинь урмын амьтан л даа. Миний хувьд яах вэ 50 гараад л Соёлын тэргүүний ажилтан болох ёстой байж л дээ. Гэхдээ Засгийн газрын энэ шагналыг чамлахгүй ээ.
-Аавынхаа нэрийн өмнө “Алтайн Халиун трейд” болтлоо овоглуулсан та яагаад Монголын урлагтай холбогдож, 20 орчим жил үнэнчээр зүтгэх болов. Бизнесмен хүмүүс тэр бүр холбогдоод байдаггүй салбар болохоор сонирхож байна л даа?
-Миний аав Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан “Монхор” Цэрэнжав гэдэг хүн байсан. Харамсалтай нь намайг 15 настай наймдугаар ангид байхад бурхан болсон л доо, хөөрхий. Аав минь надад “Миний хүү долоон уулын цаадахыг харж амьдраарай. Аав нь яах вэ зургаан уулын цаадахыг л харсан хүн” гэж захидаг байсан. Харин би аавынхаа захисан шиг долоон уулын цаадахыг харж чадаагүй ч ямар ч гэсэн таван уулын цаадахыг харж амьдарлаа. Ээж минь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, хөх уулсынхаа дунд төрж өссөн сайхан буурал байсан. Аав ээж хоёр минь яах аргагүй “Засагт ханы хэцүү” хүмүүс. Хүн ер нь амьд явах хугацаандаа аав, ээж хоёрыгоо бурхан мэт шүтэж, хайрлан дээдэлж явах учиртай юм. Аав ээж хоёр минь уртын дууг жигтэйхэн сайхан дуулдаг хүмүүс байсан тул багаасаа уртын дууныхаа аргадаж зэмлэсэн агуу их ухааныг сонсож өссөн болохоор өөрийн эрхгүй л урлаг соёл руу ханцуй шамлаад яваад орчихсон. 1996 онд “Алтайн Халиун трейд” компаниа байгуулж хэдэн жил өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд боломжийн хуримтал үүсгэж чадсан. Ингээд ямар ч гэсэн гэрээ засчихаад түмэн олныхоо оюуны санд хөрөнгө оруулалт хийж хамтлаг дуучид, хошин урлагийнхантай холбогдон ажиллаж эхэлсэн юм.
-Тухайн үе бол мэдээж худалдаа наймааны алтан үе байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэдхэн жилийн дотор компаниа яаж тэгж хөл дээр нь бат зогсоосон нь олон хүнд сонирхолтой санагдаж байгаа байх?
-Магадгүй л юм. Манай компани Монголд анх удаа төрөл бүрийн майхан, аялалын иж бүрэн хэрэглэл за тэгээд брэндийн гутал хувцас гээд бүх л төрлийн худалдаа наймааг хийж байсан. Дээр нь аливаа наймаанд тухайн хүний аз, од гэж байдаг юм билээ. Энэ бүх он жилүүдэд миний хань дэргэдээс минь алхам ч холдолгүй, ёстой л нэг гэрийн хоёр багана болж зүтгэсээр энэ бүхний ард гарсан юм. Манайх цэцэг шиг гурван сайхан охинтой. Охид минь нас биед хүрцгээж аав ээждээ гурван хөөрхөн зээ охиныг минь бэлэглэсэн. Би чинь ингээд л эмэгтэйчүүдийн дунд бөмбөрч байдаг азтай аав, өвөө байхгүй юу. Хүн гэр орондоо сэтгэл тайван, жаргалтай байвал ажил төрөл аяндаа л бүтээд явчихдаг юм билээ.
-Анх өөрөө санаачлаад л “Ерөөсөө хамтлаг дуучдын тоглолтыг ивээн тэтгэж хамтран ажиллъя” гээд л Монголын урлаг руу яваад орчихсон хэрэг үү?
-Бас ч арай үгүй юм. Хошин урлагийн анхдагчдын нэг “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулагч найруулагч Ц.Хүсэлбаатар бид хоёр армийн найзууд л даа. Тэгээд Ц.Хүсэлбаатар түүний эхнэр С.Өлзийхүү, Г.Золбоот зэрэг найзууд минь санал тавьснаар би энэ салбар руу эргэлт буцалтгүй орж ирсэн юм. Эдгээрээс гадна миний бүр хар багын дөрвөн найз байдаг юм. Тэдний хоёр нь Хөгжим бүжгийн коллеж төгссөн мэргэжлийн хөгжимчид учир надад урлаг хол байгаагүй.
-Дунд үеийн дуучид болох Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан, Б.Энхмэнд, Г.Чинболор, Л.Банзрагч, Д.Бурмаа гээд өөртэй чинь уран бүтээлээр холбогдоогүй хүн цөөхөн байх шүү?
-Нээрээ л онгирч байгаа юм биш. Урлагийн сайхан буянаар энэ цагийн хамтлаг дуучид, ер нь урлагийн бүх төрлийнхний дунд намайг танихгүй, мэдэхгүй уран бүтээлч байхгүй л болов уу. Би жаахан саландуу, мартамхай хүн. Тухайн үед бүгдтэй нь л хамтран ажиллаж, ижий ахай болж явсан. Зарим нэгийнх нь нэрийг дурсаагүй бол өршөөгөөрэй. Ер нь надтай хамтран ажиллаж, орж гарч яваагүй дуучин бараг л байхгүй дээ.
-Эрүүл мэндийн шалтаанаар уран бүтээлийнхээ ажлаас жаахан завсарлага аваад эргэн орж байгаа. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Тийм ээ. Хүний л амьдрал хойно жаргал зовлон ээлжилнэ шүү дээ. Мөнх залуу явах юм шиг анзааралгүй давхиж явтал нэг л өдөр болохоо байж тархины хавдартай болчихсон байсан. Тэгээд урагшаа явж хоёр удаа тархины хагалгаанд орж хавдраа авхуулсан даа. Үхэл амьдралын заагт байсан тэр хэцүү цагт эхнэр минь л хажуунаас огтхон ч салалгүй асарсаар намайг босгоод ирсэн. Нэг үеэ бодвол хоёр хөл дээрээ бат зогссон болохоор эргээд урлагийн сайхан гал тогоо руугаа орж амттай хоолоо хутгаад зогсож байна. Одоо залуу дуучин Б.Отгонтогтохтой хамтраад тоглолтынх нь бэлтгэл дээр ажиллаж байна. Хажуугаар нь дууны шүлгийн уран бүтээл дээрээ ажиллаж байна.
-Олонд төдийлөн танил болоогүй байсан сайхан баритон хоолойтой дуучин Х.Батмэндийн тоглолтыг ивээн тэтгэн зохион байгуулснаар ард түмэн түүнийг мэддэг болсон?
-Ээжийн минь нутгийн Х.Батмэнд бол аргагүй сайхан баритон хоолойтой залуу л даа. Бүр зорьж уулзаад тоглолтыг нь ивээн тэтгэж зохион байгуулж байлаа. Одоо бол Батмэнд урилга заллагаасаа салахаа больсон байна лээ. Аавынхаа сумаас бол дуучин Ч.Бат-Эрдэнийг дэмжиж тусалснаар тэр маань ч удалгүй ард түмэнд танигдан МУГЖ болоод өнөөдөр СУИС-д хариуцлагатай алба хашиж сайн сайхан л амьдарч явна.
-Нэг удаагийн зохиолын дуучдын тоглолтын өмнө уулзахад 20 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа гэж ярьж байсан. Ер нь 1999 оноос хойшхи энэ тоог сайтар нягталвал овоо дүн гарах байх даа?
-Яг үнэндээ би өөрөө тэр талаар сайн тооцоо хийдэггүй юм. Манай санхүүгийн хүмүүс байгаа л даа. Гэхдээ дээр нэг хэрэг болгоод санхүүгийнхээ баримтыг үзэж байтал лав л тэрбум давсан тоо харагдаж байсан. Мэдээж зарлага гарч байж дараа нь орлого ашгийнхаа тухай бодно шүү дээ. Яахав өөр талаар нь тоо гаргавал өнгөрсөн хугацаанд 500 гаруй СD ивээн тэтгэж хэвлүүлсэн байна лээ. Тоглолт ивээн тэтгэх, зохион байгуулах, тайз засах, эх бэлтгэл, зар сурталчилгаа гээд хөрөнгө мөнгө багагүй гардаг л даа. Тухайн үед дуучид маань хөөрхий ядуухан байсан шүү дээ. Зарим нэг нь тоглолтоосоо хоцрох гээд таксигаар ирж тэр бүхэнд нь бэлэн мөнгө гаргаж байснаа тоочвол замбараагүй юм гарна. Монгол Улс зах зээлийн системд шилжсэний дараа яг үнэндээ урлаг соёл, нийтийн дуу, кино урлаг уналтын байдалд орчихсон байсан л даа. Тэр бүхнийг ярина гэвэл дуусахгүй. Энэ бүх ажлыг ганц биеэрээ хийгээд явсан юм биш л дээ. Миний ард манай компанийн шижигнэсэн залуус үргэлж хамт явсан. Тухайлбал тайз заслын ажилчид, жолооч арын албаныхан гээд явж өгнө шүү дээ. Бригадаар хөдөө гадаа явна. Хоол унд, хонь мал гээд гүйж өгнө. Гэхдээ эргээд бодоход залуу насаа харамсах зүйлгүй өнгөрүүлсэн байна.
Дунд үеийн “Дуун хээтэй нэгэн үеийнхэн” болох Б.Болдбаатар, М.Отгонгэрэл, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Н.Тамир, Х.Оюунцэцэг, Р.Амарбаясгалан, С.Нарантунгалаг зэрэг дуучдын тоглолтуудыг ТВ-9 телевизийн талийгаач найз Энхбаттайгаа хамтран олон удаа зохион байгуулж, ивээн тэтгэж явлаа. Ингээд яриад байвал үнэхээр дуусахгүй шүү.
-Өөрөө сая “Би дөрвөн гавьяатдаа баярлаж явдаг” гэлээ. Тэр дөрөв нь чухам хэн хэн юм бол?
-Аа тэр дөрөв үү. Тэд бол Монголоос анх удаа Нобелийн шагнал гардуулах ёслолыг нээн дуулж байсан уртын дууч Г.Хонгорзул, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ дөрөв маань юм л даа. Яагаад гэвэл энэ дөрвөн гавьяат бол ёстой л “Булган сүүлтэй” дуучид байгаа юм. Эдний араас ямар олон гавьяат, СТА цолтон төрөн гарав. Өнөөдөр ч гэсэн муу ах нь СТА болчихоод инээгээд сууж байна. /инээв/ Энд гэж хэлэхэд Соёлын тэргүүний ажилтан гэдэг бол их том шагнал юм шүү дээ. Хуучин нийгмийн үед яамны шагнал гэдэг бол хамгийн том шагнал байлаа. Өнөөдөр ч гэсэн 70 хүрчихээд СТА-аа авч чадаагүй уран бүтээлчид зөндөө л байгаа, хөөрхийс. Гэхдээ хүмүүс “Ганц тоглолт хийгээд л СТА болчихлоо” гэж ярьж байдаг л юм. Миний хувьд хийж чадаж байгаа залуу хүмүүст цаг тухайд нь өгөх ёстой л гэж бодож явдаг.
-Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийдэг МУГЖ Д.Энхзул нэг удаа өөрт чинь тун их баярлаж явдгаа хэлж байсныг санаж байна?
-Нэг түүх ярихад зах зээлийн системд шилжсэнээс хойш нийтийн дуучдаас хамгийн анх тоглолтоо нийлж хийсэн дуучид бол МУГЖ Д.Энхзул, Х.Болормаа, Д.Эрдэнэцэцэг гурав юм шүү дээ. Би анх тэдний тоглолтыг “UB палас”-д зохион байгуулан хийж байлаа. Түүнээс хойш хамтран ажилласан талаар бол тоогоо алдсан даа.
-Нэг үе “Алтайн Халиун”-ы ажилчид Бөхийн өргөөний тайзыг эзэгнэж явсан санагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд тэнд хэчнээн тоглолт зохион байгуулсан бол?
-Үнэнээ л хэлье, тоогоо алдсан шүү. Жилдээ дунджаар 15-20 орчим байх боловуу. Тэгээд л бодчихгүй юу. Арай даруу биш хариулсан бол өршөөгөөрэй.
-Өөрөө зөвхөн нийтийн дуучид, хошин урлагийнхан гэлтгүй ардын урлагийнхан, киночид, рок попынхонтой хамтран ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
-Рок попынхноос “Өргөө”, “Харш” хамтлагуудын тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулж байсан. За тэгээд поп дуучин Б.Баярцэцэгтэй хамтран тоглолт хийж байлаа. Харин хүүхэд залуус гэлтгүй дунд үеийнхний ч талархлыг хүлээсэн рок попын хослон дуучид болох СТА Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёрыг бүр яг эхнээс нь дэмжиж ажилласан. Хамгийн анх 2005 онд “UB палас”-т “Чиний хайранд” тоглолтыг нь зохион байгуулснаас хойш олон удаа хамтарч ажилласан. Тэр тоглолт бол тэр хоёрын ч анхны бие даасан тоглолт, миний хувьд ч рок попын хос дуучинтай хамтран ажилласан анхны ажил байсан юм. Тухайн үед одоог бодвол арай жаахан залуу бас жаахан адгуу ч байж. Үүрээ маань хоёр дууны хооронд хувцасаа сольж амждаггүй ээ. Тэгээд алдарт А.Пугачёвагийн “Сая сая сарнай цэцэг” дууг зарлачихаад байхад нөгөөх маань туплиэ хайгаад олдоггүй. Тэгэхээр нь уур хүрээд хөл нүцгэн хөөгөөд гаргачихаж байж билээ. Тэгсэн чинь анх удаа тайзан дээр хөл нүцгэн дуучин харсан үзэгчид алга түшиж, шүгэлдээд харин ч эсрэгээрээ их сайхан хүлээж авч байсан. Тайзанд ойр зассан сандалд суусан зарим нэг нь “Яасан сайхан хөлтэй юм бэ” ч гэж байсныг дараа нь л сонсоод сэтгэл амарч байж билээ. /хэ хэ/ Тэр тоглолтын дэглэлтийг их зоригтой хийж, тэр хоёрыг анх удаа усан дотор завин дээр дуулуулж хөөрхөн шуугиан тарьж л явлаа.
Би дээр хэлсэн. Зах зээлд шилжсэнээр Монголын бүх л урлаг, түүний дотор кино урлаг их хэлмэгдсэн. Хамаг сайхан уран бүтээлчид нь газрын нэг тараад алга болсон. Кино үйлдвэр нь балгас болохоо шахсан. Тухайн үед УГЗ кино найруулагч Л.Эрдэнэбулган гуай С.Жаргалсайханы зохиолоор “Үхэж үл болно Чингис хаан” киног хийх гээд ёстой л шар махтайгаа хатаж байсан. Тэгэхэд яагаад ч гараа хамхиад суугаад байж болохгүй санагдаад тэр киноны нэгэн ивээн тэтгэгчээр ороод маркетингийг нь хариуцан ажиллаж л байлаа. Түүнээс хойш хөрөнгө санхүүгээр тусалж, хамтран ажилласан кино бол маш олон байгаа.
-Нээрээ бас Монгол бүжгийнхэнтэй хамтраад томоохон тоглолт хийж байсан байх аа?
-ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатартай олон жил хамтран ажиллаж байна. Бид хоёр Францын хотуудыг 45 хоног хэсч “Цаг хугацаа салхи мэт хурдална” тоглолт хийсэн. Тэр тоглолтыг өмнө нь Монголд 20 мянган ам долларын өртгөөр зохион байгуулж маш амжилттай болсон учир Францад уригдаж байлаа. Тухайн үед тэр модерн бүжгэн жүжиг маань Францын үзэгчдээс гайхалтай өндөр үнэлгээ авч байсан. Францад үдсэн тэрхүү 45 хоногийнхоо хугацаанд Баяраа дүүгээсээ хөөмийлөх арга барил сурсан нь үнэхээр дурсгалтай сайхан санагддаг.
Ардын урлагийн тоглолтуудыг аваад Европыг нэг захаас нь нөгөө захыг нь дуустал явж байснаа дурсахад үнэхээр сайхан байдаг. Ер нь Монголчууд биднийг дэлхийгээс онцгойруулах, дэлхийтэй эн тэнцүүхэн, бүр илүү урлаг соёлоор өрсөлдүүлэх зүйл маань гайхамшигтай сайхан ардын урлаг маань л байгаа юм. Хойшид ардын урлагийнхантайгаа нийлж Азийг урлаг соёлоор байлдан дагуулна гэж бодож байгаа шүү. Монголынхоо гайхамшигтай урлагаар Ази төдийгүй дэлхийг байлдан дагуулахад миний нас хүрэхгүй ч гэсэн үр хүүхдүүд минь аавынхаа гүйцээгүйг гүйцээх нь дамжиггүй. Би тэрэнд итгэлтэй байдаг.
-Хоёр он солигдоод 20 хоноогүй байна. Энэ 2018 онд ажил ихтэй байх нь ээ?
-Тийм. Удахгүй “Алтайн Халиун трейд”-ийн маань түүхэн ой болно. Түүнийгээ нижгэрхэн тэмдэглэчихээд ямар ч гэсэн Европыг дахин нэг тойроод ирэх нь хамгийн түрүүний зорилго болоод байна. Тэгээд л дараагийнхаа ажилд ханцуй шамлаад дайраад орчихно доо.
-За Монголын урлагийн төлөө төдийгөөс өдий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өөрт тань болон танай хамт олон, гэр бүлд нь шинэ 2018 оны мэнд дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе?
-Их баярлалаа. Сая эргээд бодсон чинь би эдгээр жилүүдэд ер нь хэвлэлээс жаахан зай барьсаар өнөөдрийг хүрсэн байна. Анх удаа шахуу ийм дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Эрхэм уншигчид минь арай жаахан даруу биш ярьчихсан байвал өнөө муу Гэрэлбаатарыгаа өршөөгөөрэй. Ингээд та бүхэнд ч шинэ 2018 оны мэнд дэвшүүлж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүмүүс минь нэг нэгэндээ гэгээн сайхан итгэл хайрлаж, ямагт бие биенээ дэмжин тусалж явахын ерөөл өргөж байна, баярлалаа.
Д.Түвшин
Сэтгэгдэл (3)