Өндөр хатуулагтай согтууруулах ундаануудын ялгааг тайлбарласан мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
Виски (Whiskey)
Виски бол үндсэндээ зөрөг цэцгийн найрлагагүй шар айргийг нэрж гаргасан ундаа. Орц нь арвай, улаан буудай, хөх тариа, эрдэнэ шиш, шар будаа, овъёос гээд аль нь ч байж болно. Шар айрганд эдгээрээс хийгээд нэрж гаргасан ундаа гэж ойлгож болох юм.
Single malt whiskey (шотландууд “e”-гүйгээр whisky гэдэг) бол цэвэр арвайнаас нэг удаагийн нэрэлтээр гаргасан виски юм.
Bourbon бол Америк виски. Найрлагын 51 хувиас дээшд нь эрдэнэшиш орсон байх дүрэмтэй. Ихэнх нь Кентаккид үйлдвэрлэгддэг учраас хүмүүс зөвхөн Кентаккынх гэж ойлгодог. Өөр хувилбарууд бас бий. Хувилбаруудын ялгаа нь торхонд дарах хугацаанаасаа ихэвчлэн хамаарна.
Scotch Whisky (шотландууд “e”-гүй бичих дуртай) бол зөвхөн Шотландад хийгдсэн виски. Дүрмээрээ гурваас дээш жил модон торхонд дарсан байх ёстой.
Брэнди (brandy)
Брэнди бол ердөө нэрсэн дарс (wine). Дотроо Cognac, Armagnac зэргээр нэрлэдэг нь Францын аль бүс нутгаас гаралтайг нь харуулна. Шампань дарсыг Champagne мужаас гаралтай учир ингэж онцгойлж нэрлээд бусдыг нь оргилуун дарс “sparkling wine” гэж ерөнхийд нь нэрлэдэгтэй ижил.
Ром (Rum)
Rum-ыг чихрийн нишингэ болон түүний дайвар бүтээгдэхүүнээр хийдэг. Нишингийн эсвэл дайвар бүтээгдэхүүнийх нь шүүсийг исгээд дараа нь нэрнэ. Заримдаа хэд дахин нэрж гаргадаг. Цайвар ромыг удаан дардаггүй эсвэл маш богино хугацаанд дардаг. Амт үнэр багатай тул өөр зүйлүүдтэй хольж уухад тохиромжтой. Бараан ром нь удаан дарсан байдаг тул брэнди, вискитэй төстэй байдаг.
Архи (Vodka)
Архи бол зөвхөн төмснөөс гаргадаг ундаа биш. Сүүлийн үед өртөг өндөртэйгээс нь болоод төмс хэрэглэх нь ховордож байгаа. Ихэнх нь амуу тарианаас нэрж гаргаж байгаа. Вискитэй ижил боловч нэрж дуустал нь өнгө, үнэр, амт оруулагч нэмдэггүй, бас дардаггүй тул тунгалаг, өнгөгүй болдог байна.
Үнэндээ бүх бараан өнгөтэй ундаанууд виски, брэнди, ром нь нэрсний дараа тунгалаг байдаг ч модон торхонд удаан дарсны дараа өнгө, үнэр ордог.
Текила (Tequila)
Текила нь зуун настын шүүсийг исгээд дараа нь нэрж гаргасан ундаа. Өнгө, хатуулгийн ялгаа нь хэр удаан дарснаас хамаарна. “Текила” нэр нь Мексикийн зөвхөн нэг нутгаас гаралтайн баталгаа. Бусдыг нь “Mezcal” гэдэг.
Жин (Gin)
Жин бол архитай ерөнхийдөө адил боловч янз бүрийн ургамлаар амт оруулсан байдаг.
“Pastis” төрлийн ундаа
Энэ төрөлд Ouzo, Pernod, Absinthe зэрэг согтууруулах ундаанууд орно. Эдгээр нь ерөнхийдөө улаан гоньд (anise), чихэр өвс (liquorice) зэрэг ургамлаар амт оруулсан байдаг ба ус нэмэхэд хандлагдаж цайвар өнгөтэй болдог байна. Харин Absinthe нь онцгой төрлийн агь өвс (wormwood) хэрэглэдэг. Агь өвсөнд “thujone” гэдэг бодис байдаг тул зарим улсад тариалахыг хориглодог байна. Үүнийг уусан хүнд хий юм харагддаг гэсэн яриа бий. Absinthe нь хэт өндөр хатуулагтайд тооцогддог буюу 65 хувиас дээш агууламжтай байдаг. Уухдаа ус болон ёотонтой (заримдаа ёотонг гал дээр хайлуулна) хольж хүчийг нь бууруулж уудаг уламжлалтай.