Ирэх зургадугаар сарын 26-нд монголчууд ээлжит Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаад дахь монголчууд сонголтоо хийсэн бол 14 хоногийн дараа энэхүү сонголт орон даяар баталгаажих гэж байна. 24tsag.mn сайт өнөөгийн сонгуулийн тоон баримтыг хүргэхийн зэрэгцээ өнгөрснийг сануулж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай “24 баримт” хүргэж байна.
Баримт 1: Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 2.032.094 сонгогч саналаа өгнө.
Баримт 2: Үүнээс Монгол Улсаас гадаад улсад санал өгөхөөр 7209 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн.
Баримт 3: Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллав.
Баримт 4: 22 аймаг 339 сум, дүүргийн сонгуулийн хороодод 1983 сонгуулийн хэсэг байгуулагдсан.
Баримт 5: 2016, 2017 онуудад сонгуульд ажиллах ажилчдад гэрчилгээ олгох сургалтад 21 мянган хүн хамрагдсан байна.
Баримт 6: Үндэсний аудитын газраас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нам эсвэл 6,8 тэрбум, нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөгийн ханштайгаар тогтоож өгсөн.
Баримт 7: Сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах байранд улсын бүртгэлийн байгууллагын 2554 итгэмжлэгдсэн ажилтан гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган шалгаж, бүртгэлийн хуудас олгоно.
Баримт 8: Улсын хэмжээнд аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 30 баг байгуулагдан ажиллаж байна.
Баримт 9: Санал авах байранд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий нийт 2356 мэдээллийн технологийн даамал ажиллана.
Баримт 10: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглана.
Баримт 11: Манай улс Ерөнхийлөгчтэй болоод 27 жилийн нүүрийг үзэж байна. 1990 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн АИХ БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг буй болгожээ.
Баримт 12: 1993 онд АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр томилж байсан нь БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч болсон түүхтэй.
Баримт 13: Хамгийн анхны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас МАХН-ын төв хэвлэл “ҮНЭН” сонины эрхлэгч зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэвийг дэвшүүлсэн ч нийт сонгогчдын 57.78 хувийн саналаар Нэр дэвшсэн П.Очирбат сонгогдсон байдаг.
Баримт 14: 1992-1996 онд МАХН-аас УИХ-ын даргаар ажиллаж байсан, МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Багабандийг, Эрх баригч МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс /МНН, МШАН багтсан/ Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатыг , МУНН-аас 1990-1996 онд АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Гомбожавыг нэр дэвшүүлж байжээ.
Баримт 15: Сонгуулийн дүн гарахад нийт сонгогчдын 60.81%-ын саналыг МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди авч, сонгогдсон бөгөөд П.Очирбат 29.81%, Ж.Гомбожав нар 6.81 хувийн санал авсан байна.
Баримт 16: 1997 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 60.81 хувийн санал авч Ерөнхийлөгчид сонгогдсон нь өнөөг хүртэл сонгогчдоос хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болсон юм.
Баримт 17: 2001 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, УБХ-ын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан доктор, ШУА-ийн акедимич Р.Гончигдоржийг, ИЗН-аас “Монгол мэдлэг” их сургуулийн захирал, доктор, профессор Л.Дашнямыг, МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг тус тус нэр дэвшүүлэв.
Баримт 18: Тухайн үед УИХ-д суудалтай МАШСН Н.Багабандийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн бол УИХ-д суудалгүй БНН ИЗН-тай албан бус эвсэл байгуулан, ажилласан юм. Сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ялалт байгуулсан түүхтэй.
Баримт 19: Монгол улсын Ерөнхийлөгчийн дөрөв дэх сонгууль буюу 2005 оны сонгууль түүхэндээ анх удаа хамгийн олон нэр дэвшигчтэй буюу дөрвөн хүн Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн юм.
Баримт 20: МАХН-аас УИХ-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, доктор М.Энхсайхан, Эх орон намаас Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат, БНН-аас БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан нар нэр дэвшин өрсөлдсөн. Энэ сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр дийлэнхи олонхийн буюу 53 хувийн санал авч, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.
Баримт 21: 2009 оны сонгуульд МАХН-аас тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АН-аас Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж сонгогчдын 51.24% нь АН-ын Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Энхбаярыг дэмжиж санал өгчээ.
Баримт 22: 2013 онд Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн санал авав.
Баримт 23: Энэ удаагийн сонгуулийн дүнгээс үзэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялсан нэр дэвшигчдээс хамгийн бага санал авсан Ерөнхийлөгч болсон юм.
Баримт 24: Жил ирэх тутам Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурч байсан бөгөөд сонгуулийн ирц 1993 онд 92,73 хувь, 1997 онд 85,6 хувь, 2001 онд 82,94 хувь. 2005 онд 75,01 хувь, 2009 онд 73,6, 2013 онд 66,5 хувийн ирцтэйгээр сонгууль өгсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)