Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Энэ өдрийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Баримт 2. Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг. 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.
Баримт 3. Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байна.
Баримт 4. 1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.
Баримт 5. 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлж байжээ.
Баримт 6. Тухайн үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн юм. Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байсан байна.
Баримт 7. Дэлхийн II дайн дууссан түүхт ялалтын баярт зориулж манай улсад Батлан хамгаалах яам болон Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамныхан Зайсан толгой дахь дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.
Баримт 8. Ялалтын баярын 72 жилийн ойд зориулсан агаарын парад арван минут үргэлжлэх бөгөөд түүнд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллэв.
Баримт 9. Өнөөдөр Москвагийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, парадад нэгдэнэ.
Баримт 10. Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нисэх бөгөөд өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэхээр болжээ.
Баримт 11. Дайралтын туг тодорхой стандарттай байдаг. Харин ялалтын туг түүнээс өргөнөөсөө 3 см, уртаасаа 73 см-ээр бага байдаг аж.
Баримт 12. 1945 оны тавдугаар сарын 2-нд рейхстагийн дээвэр дэх 92-р минометийн хорооны “Катюша” системийн чиглүүлэгчээр ажиллаж байсан Александр Харьков тугнаас дурсгал болгон өөртөө цуулж авсан тул ялалтын туг бусад тугнаас бага хэмжээтэй болсон гэж тайлбарлах нь бий.
Баримт 13. Гэхдээ энэ хувилбар яг батлагдсан яриа биш бөгөөд яг тэр тугийг Ялалтын туг болгоно гэдгийг хэн тааж мэдэх билээ. Тухайн үед Рейхстагийн эргэн тойронд 150 орчим туг хатгасан байсан гэж бичдэг.
Баримт 14. Ялалтын тугийг 1945 оны зургадугаар сарын 20-нд Москвад авчирсан ч Улаан талбай дээр тугийг залаагүй юм. Учир нь жинхэнэ баатруудаар нь биш, өөр хүмүүсээр тугийг бариулах нь утгагүй асуудал гэж үзсэн тул маршал Жуков ялалтын тугийг парадад гаргахгүй байхаар шийдэж байжээ. Улмаар ялалтын тугийг 1965 оны Ялалтын парадын үеэр анх удаа барьж жагссан байна.
Баримт 15. Ялалтын баяр нь Нацистуудын эсрэг үндэстэн даяараа тэмцсэн 27 сая Зөвлөлтийн иргэдийн баяр гэж үзэн Оросууд өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Энэ өдөр бол нөгөө талаараа дайнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэр ажээ.
Баримт 16. Сталин ялалтын парад хийх шийдвэрийг 1945 оны тавдугаар сарын 24-нд гаргасан гэж ярьдаг
Баримт 17. 1945 оны Ялалтын парадын тухай ярихдаа зургадугаар сарын 24-нд болсон Москвагийн парадыг онцолдог. Гэтэл түүний зэрэгцээ 1945 онд өөр гурван парад болж байжээ.
Баримт 18. Москвагийн парадаас өмнө буюу 1945 оны тавдугаар сарын 4-нд Зөвлөлтийн цэргийн парад Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэд болж байсан байна. Парадыг Берлиний цэргийн комендант, генерал Николай Берзарин хүлээн авсан байна.
Баримт 19. Мөн Холбоотны цэргийн ялалтын парадыг Георгий Жуковын шийдвэрээр 1945 оны есдүгээр сарын 7-нд Берлин хотноо хийсэн байв. Уг параданд холбоотнуудын 1000 хүнтэй нэгтгэмэл хороо болон хуягт танкийн анги нэгтгэл оролцжээ.
Баримт 20. Бас нэг ялалтын парад түүхэнд тэмдэглэгдсэн нь 1945 оны есдүгээр сарын 16-нд Харбин хотод болсон парад юм. Цэрэг, офицерүүд энэ парад дээр хээрийн дүрэмт хувцастайгаа алхсан бөгөөд их буучид, танкчид оролцож байна.
Баримт 21. Анхны ялалтын парадаас эхлээд 1949 он хүртэл Ялалтын өдрийг Зөвлөлтөд баярын өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Харин 1949-1965 онд Ялалтын өдрийг амралтын өдөр гэж үзэхээ больсон юм.
Баримт 22. Баярын өдрийг яагаад болиулсан шалтгаан өнөөдрийг хүртэл таамаг хэвээр байдаг. “Сталин фронтын дайчдаас айдаг байсан, тэдний сэтгэл зүйн синдром янз бүрийн үр дагавар гаргаж магадгүй гэж болгоомжилдог байсан” гэх яриа ч байдаг.
Баримт 23. Хэсэг хугацаанд энэ баяр “амрах эрхгүй” байсны эцэст ялалтын 20 жилийн ойгоор Леонид Брежневын санаачлагаар уг баярыг бүх нийтийн амралтын өдөртэй болгосон байна. Фронтод тулалдаж явсан, сүрлэг баяр наадамд дуртай Брежнев маршалын хувцсаа өмсөх боломжийг Ялалтын баяраас авдаг байлаа.
Баримт 24. Анх удаа энэ дайныг Агуу эх орны дайн гэж “Правда” (“Үнэн”) сонинд 1941 оны зургадугаар сарын 23-ны өдөр нэрлэж, бичсэн байдаг. Энэ нэрийг түүхэн нэршил болно гэж хэн нэгэн санаагүй биз. Тухайн үед Зөвлөлтийн сонин хэвлэлүүдэд “Ард түмний ариун дайн”, “Эх орон, ард түмний ариун дайн”, “Ялалт авчрах эх орны дайн” гэхчлэн эл дайны тухай бичдэг байлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)