Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон медаль болох АЛТАН ГАДАС одонгоор шатрын спортод гаргасан хөдөлмөрөө мялаалгасан Дэлхийн шатрын холбооны ОУ-н Мастер Алтан-Өлзийгийн Энхтуулыг танилцуулж байна. Дэлхийн аварга шатарчин маань эх орондоо анхны шатрын их сургууль нээх мөрөөдөл тээж явдаг юм билээ. Ингээд та бүхэндээ оюуны олимп гэгдэх шатрын спортод амжилттай яваа ухаалаг залуу тамирчинтай хийсэн ярилцлагыг толилуулъя.
Танд энэ өдрийн мэндийг хүргье! Шатрын спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу? Хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ?
-Баярлалаа. Би 9 настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Анх Ц.Батболд багшийн удирдлаган доор “Төр Монгол клуб”-д хичээллэж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ.
-Шатрын спортыг яагаад сонирхох болсон бэ? Магадгүй гэр бүлийнхэн чинь нөлөөлсөн үү?
-Аавыг маань Г.Алтан-Өлзий, ээжийг маань Х.Валя гэдэг. Манай гэр бүлд надаас өөр шатар тоглодог хүн байхгүй.
Шатрын спортоос сурсан зүйл хамгийн том зүйл?
-Би жаахандаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Харин энэ спортоор хичээллэснээр илүү тэвчээртэй даруухан болсон. Шатрын спортын хамгийн чухал нь хүнд тэвчээр суулгадаг.
Дэлхийн өсвөрийн шатрын аварга болтол олон даваа нугачааг давж амжилтанд хүрсэн байж таарна. Хамгийн их хүч хөдөлмөрөөр авсан ялалт?
-2011 онд Бразил улсад “Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Энэ тэмцээн насны ангиллаар болдог. Тэр дундаа хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнтэй болдог нь “Ахлах нас” буюу арван найман насныхны зөвхөн мэргэжлийн шатарчид өрсөлддөг. Энэ тэмцээнд тоглоод хүрэл медаль авсан юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ тэмцээнээс амжилтын буухиа тасраад байсан ч зургаан жилийн дараа энэ хүндтэй медалийг эх орондоо авчирсандаа их бахархдаг.
Өрсөлдөгчдөөсөө ялгарах чиний давуу тал?
-Би ямар ч тохиолдолд шантардаггүй. Хожигдлын байрлалд орсон ч тэрийг тэнцүүлээд ч юм уу аль болох хожлын байрлал руу оруулж чаддаг. Энэ чанар бол миний давуу тал.
Ялагдаж сураагүй хүнд ялалт ирдэггүй гэдэг. Чиний хувьд ч бас үүнийг амжилттай даван туулж чадсан байх. Яалт ч үгүй хожигдсон үедээ өөрийгөө яаж тайвшруулж, дараагынхаа тэмцээнд хэрхэн бэлддэг вэ?
-Сэтгэлд хүнд туссан ялагдлын стресс мөд гардаггүй. Харин тэр үед анхаарлаа өөр зүйлд хандуулан түр шатраасаа хөндийрч , хэсэг хугацааны дараа эргээд бэлтгэлдээ ордог.
ОХУ-д шатрын багш дасгалжуулагчаар суралцаж төгссөн. Аав ээжээсээ хол хүний газар сураад хажуугаар шатрын спортоороо хичээллэхэд хүндрэлтэй л байсан байх ?
-Мэдээж эх орон эцэг эхээсээ хол байна гэдэг хэцүү. Ялангуяа Орос оронд сурахад надад эхэндээ хүмүүс нь их хүнд сурталтай юм шиг санагддаг байсан. Гэвч тэр болгонд шантраагүй. Илүү биеэ дааж сурсан. Мөн тэвчээртэй болсон гээд Орос орноос олон зүйлийг сурч мэдэж авсан. Хамгийн гол нь ОХУ өөрөө шатрын өлгий нутаг болохоор надад сурах юм их байсан.
Дэлхийн олон орны хүүхдүүдтэй оюун ухаанаа уралдуулж яваа залуу тамирчны хувьд Монгол шатарчдын ялгарах онцлог нь юу байна?
-Монголчууд хаана ч очсон тэр газрынхаа цаг агаар байгалийн нөхцөлтэй амархан дасан зохицож чаддаг. Мөн их тэвчээртэй гээд олон давуу тал бий.
Шатар сайн тоглохоос гадна өөрийн блогийг хөтлөн бусадтай санаа бодлоо хуваалцдагийг тийм ч олон хүн мэдэхгүй байх. Цаашид блогоо үргэлжлүүлэн хөтөлсөөр байх уу?
-Чөлөөт цагаараа блог хөтөлж бусадтай үзэл бодлоо хуваалцах нь миний бас нэг хобби. Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан л даа. Гэвч шатрын спортоор хичээллэснээр энэ мөрөөдөл бага зэрэг цалгардсан. Гэхдээ зав л гарвал бичлэгийн ур чадвараа дээшлүүлж илүү сайн бичхийг хичээдэг.
Шатар тоглох, блог хөтлөхөөс гөднө өөр ямар нууц авъяас чамд нуугдаж байна?
-Би морин хуур хөгжим тоглож сурсан. Бас дуулах дуртай. Урлагийн төрлүүдэд өөрийн авъяасаа сорихыг хүсдэг. Мөн гадаад хэл сурах сонирхолтой. Одоогоор хятад хэл сурч байгаа.
Чиний араас залгамжлах бяцхан шатарчиддаа юу гэж зөвлөх вэ?
-Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ өөрөө маш их сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай хичээж чадвал хүн бүр амжилтанд хүрэх боломжтой гэж боддог. Мөн хувийн зохион байгуулалт маш өндөр байх хэрэгтэй. Залхууралгүй, тэвчээртэй хичээллэх нь шатрын спортод хамгийн чухал.
Эх орныхоо нэрийг өөрийн оюуны бядаар дуурсгаж яваа залуу хүний хувьд Монгол орныхоо хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй. Хүн хөгжих юм бол эх орон хөгжинө. Хүчтэй иргэнтэй улс орон хүчтэй байна гэж боддог. Тийм болохоор эх орны хөгжлийг холоос биш өөрсдөөсөө хараасай гэж хүсье.
Чин сэтгэлийн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Оролцохоор төлөвлөсөн тэмцээн уралдаан, цаашдын замд чинь өндрөөс өндөр амжилт хүсье !
-Маш их баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Эх сурвалж: UBS