“Дэлхийн цирк Монголд” шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай нохой зэрэг 5 төрлийн амьтан Казахстан, Узбекстан улсаас Монголд иржээ. Амьтдын сургагчтай ярилцсанаа хүргэж байна.
-Арслантай ажиллахад хэцүү болов уу?
-Амьтантай тэр дундаа арслантай ажиллах хэцүү. Өдөр болгон бэлтгэл хийж, хажууд нь байж хоолыг нь өгдөг. Хүн биш учраас зан ааш нь хувьсах магадлал өндөр. Одоо ч гэсэн та бүхэн анзаарч байгаа болов уу. Олон хүн ойртоод байхаар уурлаад архирч байна. Тийм учраас сургагчаас өөр хүмүүс хол байх нь зөв. Зарим арслан үзүүлбэрийг их хурдан сурдаг байхад зарим нь сургахад нэлээдгүй цаг хэрэгтэй болдог. Тиймээс хөнгөхөн ажил гэж хэлж чадахгүй.
-Ер нь хэр тайван амьтан бэ?
-Уурыг нь хүргэхгүй бол тайван. Гэхдээ зөвхөн байнга харьцдаг бидэнд ийм зангаа үзүүлдэг. Харин өөр хэн нэгэн очвол тасдаад хаячихаж мэднэ. Тэд 24 цагийн 23-т нь унтаж чадна. Үлдсэн нэг цагийг хоолоо идэхэд зарцуулдаг. Тиймээс бид тэдний ажлыг хийлгэхийн тулд албан хүчээр сэрээж, торноос нь гаргадаг. Хэтэрхий залхуу амьтан гэж хэлж болно. Бас наддаа хамгийн хөөрхөн амьтны нэг.
-Яагаад заавал арслан сургах болов?
-Би 1991 оноос агаарын гимнастикаар хичээллэж байсан. Харин 2005 оноос арслантай ажиллаж байна. Манай нөхөр анх энэ саналыг тавьсан. Эхний нэг жилд бол бэлтгэл хийх нь бүү хэл ойртож ч чадахгүй их айдаг байсан. Сүүлдээ ойрхон байсаар дасчихдаг юм билээ. 2005 оноос хойш 10 жилийн турш тасралтгүй арслантай ажиллаж байна.
-Монголд ирсэн хоёр арслан хэдэн настай вэ?
-Манай циркийн хамт олон БНХАУ-ын Гуанжоу хотоос 2005 онд 10 арслан авч ирсний хоёр нь юм. Нэрийг нь Яак, Тарачака гэдэг. Тухайн үед энэ хоёр арслан нэг ой зургаан сартай, 30 гаруй кг жинтэй байсан. Харин одоо 12 настай болж, 230 кг жинтэй, нэг метр 10 см өндөр болсон. Гэхдээ арслангийн насыг жилд дөрвөөр тоолдог ч би тэгэхийг хүсдэггүй.
-12 нас гэхээр залуу юу хөгшин үү? Ер нь арслан хэд насалдаг вэ?
-Бидний сургаж байсан арслан хамгийн дээд тал нь 27 хүрч байсан. Тэгэхээр 12 нас гэдэг бол дундаж наслалт юм. Зэрлэг байгальдаа бол 15 жил амьдардаг. Хүний гараар хооллож, циркийн орчинд амьдарч байгаа нь илүү өндөр насалдаг.
-Байгальдаа яагаад цөөхөн насладаг юм бол?
-Хөгшрөхөөр нь залуу арслангууд нь хазсаар байгаад амийг нь хөнөөчихдөг юм. Энэ бол жам нь. Харин циркт тийм зүйл тохиолдохгүй болохоор урт насалдаг.
-Арслан өдөрт ямар хэмжээний хоол иддэг вэ?
-Өдөрт нэг арслан 6 кг мах иддэг. Хагас кг тахианы мах, хагас литр сүү, нэг ширхэг өндөг иднэ. Мөн өндөгтэй хольж загасны тосоор хооллож байна.
-Дахиад хичнээн арслан бий вэ?
-Бид арван жилийн хугацаанд нийт 13 арслан сургасан. Зарим арслан хөгширсөн учраас байгальд нь тавьж явуулсан. Эргээд оронд нь залуу арслан олж авдаг.
-Арслангаас өөр амьтан сургаж байна уу?
-Морь сургадаг. Морь ухаантай учраас их амархан. Энд авчирсан морийг бид аваад гурван жил болж байна. Хоёр морины нэг нь дөрөвтэй, нөгөө нь гуравтай. Арслангаа моринд суулгадаг үзүүлбэрт зориулж морь аваад сургаж байгаа юм.
-Арслан морь унах хэрэг үү?
-Арслангууд олон үзүүлбэртэй. Гэхдээ байнга тоглодог 5-6 үзүүлбэр байна. Энэ удаад гал дундуур үсэрнэ, хойд хоёр хөл дээрээ тогтоно. Мөн би амнаасаа мах өгөх зэрэг сонирхолтой үзүүлбэр бэлдэж байна. Түүнчлэн морин дээр арслангаа суулгах үзүүлбэр байгаа. Энэ үзүүлбэрийг өмнө нь ЗХУ-ын алдартай циркчид л тоглодог байсан. Тэднээс өөр арслан морь унуулах үзүүлбэр үзүүлж чаддаг улс, орон байхгүй. Одоо бол зөвхөн би л энэ үзүүлбэрийг хийлгэж байгаа гэдгээр онцлогтой юм.
-Тэдэнд цаг агаар хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Ирээд бол хүндрэлтэй асуудал байхгүй байна. Харин Казахстанаас ирэхэд өвлийн улирал учраас хол замд халтиргаа, гулгаа их байсан. Тэр л хэцүү байсан даа. Урьд нь бид ОХУ-д очиж тоглодог байсан. Хамгийн холдоо Монголд ирээд байна. Замд их хүйтэн байсан учраас бид арслангийн дор юм дэвсэж, машины бүхээгэнд халаагч байршуулж явсан.
-Та хэдэн амьтантай ирсэн бэ?
-2 сармагчин, 3 пони морь, нэг лам гөрөөстэй ирлээ. Эдгээр амьтан өмнө нь Казакстан, Узбекстан, Киргизэд тоглож байсан.
-Амьтдаа танилцуулаач?
-Түүнийг Чарли гэдэг 3 настай. Америкийн тэмээ гэж ойлгож болно. Харин сармагчин Люси, 9 настай. Хоёр сармагчинд үзүүлбэрийг нь хувааж өгдөг. Люсигийн хувьд голдуу жонглёрын үзүүлбэр үзүүлж байгаа.
-Лам гөрөөс Монголд анх удаа ирж байгаа юу?
-Лам гөрөөс циркийн тоглолтод оролцохоор анх удаа ирж байна. Монголд зоопарк байдаггүй учраас лам гөрөөс байдаггүй. Тэгэхээр анх удаа ирж байгаа гэж хэлэхэд буруудахгүй болов уу.
-Пони морьд ямар үзүүлбэртэй ирэв?
-Пони морьд хэвтэх, босох, хойд хоёр хөл дээрээ явах зэрэг хөнгөн чанарын үзүүлбэр тоглоно. Харин сармагчин маань байгалиасаа юмыг их хурдан сурдаг учраас илүү хэцүү үзүүлбэрийг үзүүлдэг.
-Амьтдаа хэдий хугацаанд сургав?
-Сармагчингуудыг ихэвчлэн 1-2 жилд сургаж байж манеженд гаргадаг. Энд нэг зүйл нэмж хэлэхэд Америк тэмээ гэгддэг Австралийн лам гөрөөс их аймхай, халирамхай амьтан учраас сургахад хэцүү.
Ярилцсан баярлалаа.
Эх сурвалж: Eagle.mn