"Даун өвчин биш..." нөлөөллийн сарын аяны хүрээнд "ХОРЬТ" фото клубээс "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэнг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Blue Moon" арт галларейд нээгээд байна.
Жил бүрийн 3-р сарын 21-ны өдрийг Дауны хам шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн өдөр болгон НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас зарласан байдаг. 21 дэх хромсомын гурвал гэх утгыг илтгэх 3-р сарын 21-ний өдрийг дэлхийн өнцөг булан бүрт амьдрах илүү хромсомтой, даунтай хүмүүс, тэдний гэр бүлийнхэн тэмдэглэн бусдын адил эрхтэй хүн болохоо, хүний нийгэмд бусадтай эрх тэгш хөл нийлүүлэн ажиллаж хөдөлмөрлөн, ялгаварлан гадуурхалтаас ангид нийгэмд оролцоотой идэвхтэй иргэн байхыг хүсэж буйгаа олон хүнд хүргэхийг зорьдог.
3-р сарын 21-ний Дэлхийн дауны өдрийг угтан Монгол улсад анх удаа даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн санаачлан дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарласан байна. Гэрэл зураг сонирхогч "ХОРЬТ" фото клубын залуус нөлөөллийн сарын аянд сайн дураар нэгдэн, дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах ажлын үндсэн хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа юм. Нөлөөллийн сарын аяны хүрээнд нас насны төлөөлөл болох даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэнг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Blue Moon" арт галларейд нээж байна.
Дауны хам шинж нь өвчин биш бөгөөд энэ нь 21 дэх хромсомын гурвал буюу генетикийн өөрчлөлт юм. Монгол улсад одоогоор дауны хам шинжтэй иргэдийн тоо тодорхойгүй байдаг ч, 800 төрөлт тутамд нэг нь даунтай хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий. Даунтай буюу илүү хромсомтой эдгээр хүмүүстэй холбоотой түгээмэл буруу ойлголт, хэллэг нь өнөөдрийг хүртэл нийгмийн дунд өргөн хэрэглэгдэж байсаар байгаа нь даунтай хүүхдүүд дөнгөж төрсөн тэр цаг мөчөөсөө эхлэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, даунтай хүүхэдтэй болсон гэр бүлүүд үл ойлголцсоны улмаас салах зэрэг нийгмийн олон асуудал бэрхшээл тулгарсаар байдаг. Мөн түүнчлэн сурах бэрхшээлтэй гэгдэх даунтай хүүхдүүдийг сургах сургууль, сургалтын хөтөлбөр байдаггүй нь даунтай хүүхдүүдийн 99 хувь сурах эрхээ эдэлж чаддаггүй, хүмүүсийн буруу ойлголт, ялгаварлан гадуурхалт зэргээс үүдэн насанд хүрсэний дараа ч нийгмийн амьдралд оролцож чадахгүй байгаа нь бодит байдал юм. Даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг.
Иймд даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг засаж залруулахад чиглэсэн нэг сарын нөлөөллийн аян өрнүүлж, НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Дауны Холбооноос гаргасан Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ гэсэн уриалгыг нийгэм, олон нийтэд таниулахаар зорьж байгаа аж.
Монголын даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн санаачлагаар өрнөсөн нөлөөллийн сарын аянг НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Дауны Холбоо анхааралтай ажиглан, эцэг эхчүүдийн ажлыг мэдээллийн сайтандаа/https://worlddownsyndromeday.org/ байршуулан түгээжээ