Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Үдээс өмнө “Монгол улсын алсын хараа” сэдвээр чуулсан.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Содбилэг нарын хэлсэн үгийг хүргэж байна.
С.Бямбацогт: Монгол улс хүнээ л хөгжүүлэх ёстой
- Монгол Улсад өнөөдөр алсын хараа алга. Тийм учраас энэ удаагийн УИХ Монгол Улсыг алсын хараатай болгох ажлын хэсэг байгуулж жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Монгол Улсаа урт хугацаанд хөгжүүлэх, алсын хараатай болох ТУГ бодлоготой болъё. Монгол Улсын төрийн бодлого тодорхой биш байна, тогтвортой биш байна. Өнөөдөр бидэнд алсын хараа байхгүй, алсын хараатай болох хууль, эрхзүйн орчинг бүрдүүлээгүй учраас төрийн бодлого намын мөрийн хөтөлбөр болчихсон.
Ийм байдлаар өнгөрсөн 20 гаруй жил болчихсон. Улс төрийн бодлого нь төрийн бодлогоо татаж чангаадаг биш төрийн бодлогодоо тохируулж мөрийн хөтөлбөрөө гаргадаг болох хэрэгтэй. Энэ үед хүнээ яаж өсгөх вэ, хөгжүүлэх вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Хүн дээрээ тулгуурлаж газрын баялаг, байгалийн нөөцөө ашигламаар байгаа юм. Ерөнхийлөгч “Монгол хүний хөдөлмөрийн хөлс цагт 5 доллар байна. Харин гадныхны хөлс цагт 120 доллар байна” гэж хэлсэн. Тэгэхээр яаж хүнээ хөгжүүлж, чадвар чадамж, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлж энэ нөөцөө удирдан зохион байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх экспортод гаргах талаараа ярих ёстой. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь хүнээ хөгжүүлэх. Монгол улсыг 50 сая малтай гэж ярьдаг. Бельги 2.7 сая малтай. Үүнээс экспортын орлого гэж 10 гаруй тэрбум доллар олдог. Чех улс 3 сая малтай. Түүнээс 1 тэрбум доллар олдог. Гэтэл 50 сая малнаасаа бид хэдийг олж байгаа билээ. Бидэнд нөөц байна. Харин түүнийгээ удирдаж зохион байгуулах хүн маань хөгжихгүй байна. Хүнээ хүн хөгжүүлэх нь гол асуудал.
С.Баярцогт: Алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна
-Үнэхээр энэ алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудлыг маш хүчтэй лидер, түүний баг боловсрууж гаргаж тавих ёстой. Тэр хүмүүс тухайн үедээ хэзээ ч сайнаар хэлэгддэггүй. Түүний дараа энэ өсөлт хөгжилт ирдэг. Солонгосын Хан мөрөн дээрх гайхамшгийг бүтээсэн Пак Чён Хи 1979 онд буудуулж нас барсан. Солонгосчууд битгий хэл дэлхий нийтээрээ энэ хүнийг ярьдаггүй байсан. Үнэхээр гайхамшгийг авчирсан эцэг, гэхдээ дарангуйлагч гэдэг. 2009 онд 40 жилийн дараа энэ хүний талаарх мэдээ материал маш өргөн хэмжээгээр хэвлэгдэж эхэлсэн.
Түүнтэй ажиллаж байсан нэг хүн “Солонгосын түүх” номоо бичсэн. 2009 онд гарсан энэ номыг би Англиар ярьдаг байсан бүх улс төрчдөд бэлэглэсэн.
Би ганц хоёрхон жишээ хэлье. Алсын хараа, зорилго гэдгийг товчхон утгаараа юу гэж тодорхойлж болох юм бэ гэдгийг эхэнд нь бичсэн байгаа.
1.Суурь баримтлалаа гаргаж ирэх хэрэгтэй.
2.Суурь баримтлал дээрээ үндэслээд үндсэн зарчмаа тогтоох хэрэгтэй.
3. Нарийвчилсан зорилго төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
4. Түүнийгээ шат дараалалтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байгаа.
Ли Куан Ию анх засагт гарахад Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 1,200 ам доллар байсан. Ажлаа өгөхөд нь 18 мянган доллар болсон байсан.
Тэрээр саяхан нас барсан. Дэлхий нийт яаж хүндэлж байна. Одоо Сингапурын нэг хүнд ногдох ДНБ нь Дэлхийн банкны тоогоор гуравдугаарт явж байгаа буюу 78 мянган доллар. Тэгэхээр ийм боломжуудыг бид алсын хараа гэж үзэх ёстой. Ийм хэмжээний бодлогыг бид нар гаргаж байж хөгжих ёстой.
О.Содбилэг: Энэ чуулган үр дүнтэй харагдахгүй байна
-Энэ чуулган дээр ихэвчлэн Монголчууд ирж асуудлаа нээлттэй ил тод ярилцаж байгаа харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг ийм чуулганаар шууд татах нь юу бол гэсэн эргэлзээ байна. Учир нь энд болж байгаа яриа, ярианы хэлбэр, хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэж байгаа байдал нь гарц гаргалгаатай, итгэл найдвар төрүүлсэн ирээдүй рүү харсан зүйл байхгүй харин байгаа асуудал, бухимдлаа ярьж байгаа болохоор хөндлөнгөөс харж байгаа хүнд толгой нь эргэсэн байдалтай харагдаад байна. Тийм болохоор энэ хүмүүс өөрсдийнхөө асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй юм бол би ийшээ орж ирээд яах вэ гэсэн байдалтай харагдаж байна. Энэ форум бол асуудлаа ярьж зүг чигээ гаргаж байгаа учраас хэрэгтэй. Энэ удаагийн форум бол хөрөнгө оруулалтыг татаад итгэл найдвар төрөөд, төр засгаас яг ингэх гэж байгаа юм гэсэн зүг чиг бол сайн харагдахгүй байна. Бид нар хөрөнгө оруулагч нар бол мөнгө оруулаад ашгаа аваад гардаг гэдэг энгийн ойлголтоор хандаад байгаа юм. Хөрөнгө оруулагчид юу хардаг талаар зарим хөгжилтэй орнуудаар жишээ аваад хэлэхэд, тэнд хийгдэж байгаа бүх зүйл нь өөрсдийнх нь төлөө л байдаг. Чанартай, өөрсдийнхөө төлөө хийж байгаа итгэл үнэмшил, эрмэлзэл нь бусдыг дагуулдаг. Энэ оронд очоод мөнгө хийхэд ямар ч байсан айлтгүй юм байна, миний оруулж байгаа хөрөнгийг сайн ашиглах юм байна гэсэн итгэл найдвар байдаг. Харин манайх шиг бүх зүйлд сул хандаж байвал хөрөнгө оруулагчид төдийлөн татагдахгүй, орж ирсэн нь зүгээр нэг өндөр ашигтай, өндөр эрсдэлтэй уул уурхайн нэг том орд олоод тэрийгээ бирж дээр гаргаад мөнгөө олж авдаг тийм л хөрөнгө оруулагчид ирж байгаа. Тэгэхээс биш үйлчилгээний салбарт, боловсролын салбарт бидэнд хэрэгтэй хөрөнгө оруулагчид төдийлөн орж ирэхгүй. Тэгэхээр бид эхлээд дотроо сайн учраа олох хэрэгтэй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)