Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн анхаарал татах сэдэв бол “Монгол улсын алсын хараа”. Яг энэ сэдвээр их танхимд хуралдаан боллоо. Хуралдаан; Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, СГЗ, Төрийн шагналт Д.Сосорбарам зэрэг хүмүүс оролцож илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.
Ингээд “Монгол улсын алсын хараа” сэдвээр Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үгийг хүргэе.
П.Очирбат: “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 14 удаа Засгийн газар солигдсон. Ингэхдээ нэг л удаа Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорч бусдыг нь УИХ-аас тарааж байсан. Энэ бол итгэлцэл байхгүй болсны тод жишээ. Бизнес ч мөн итгэлцэл дээр тогтдог. Итгэлцэл байхгүй бизнес хохирол амсдагийн тод жишээ бол Хан Ресурс компани. Итгэл зөрчсөнөө хариуцлага алддаг. Бид нэн тэргүүнд энэ итгэлцлээ бий болгож байж алсын хараатай байх боломж бүрдэнэ. Гэхдээ Монгол Улс огт алсын хараа , хэтийн төлөвлөгөөгүй явж ирсэн юм биш. Монгол улс 1996 онд хөгжлийн үзэл, баримтлалын бичгийг баталсан. Үүнийг 2013 он хүртэл хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байсан. Хоёрдугаарт нь, 21-р зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 1998 онд баталсан. Үүнийг боловсруулахад улс төрч, эдийн засагчид гээд 268 хүн оролцсон. Үүний дараагаар аж, үйлдвэрийн сэргээн хөгжүүлэх бодлогыг баталсан. Мянганы хөгжлийн сан дээр тулгуурласан хөгжлийн баримт бичгийг хүртэл баталсан Үүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх ёстой. Мөн 2003 онд Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж ажиллах чиглэлийг баталсан. Энэ мэтээр тодорхой хэмжээнд Монгол улсыг хөгжүүлэх алсын хараатай бодлогууд байсан. Харамсалтай нь бид өөрсдөө салан баавгай шиг өмнө нь хийсэн зүйлүүдээ хаяад шинээр есөн шидийн бодлого, хөтөлбөр чиглэл гэгч зүйлийг боловсруулсан. Төрийн залгамж чанар гэгч зүйл алга байна. Тэгэхээр ийм бодлого хөтөлбөрүүдээ бариад, шинэчлэх зүйлийг нь шинэчлээд Засгийн газар нь ажилласан бол өөр хэрэг. Гэтэл огт тэгээгүй. Сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Засгийн газар нь хэдэн намын сонгуулиар амалсан ажлуудыг нэгтгэж түүнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж батлаад явж байна. Ингээд түүнийхээ талыг нь хэрэгжүүлээд үлдсэнийг нь хийлгүй орхиж байна. Тэгээд дөрвөн жилээ дуусгаад явж байна. Бид ингэж өмнөхөө үгүйсгэж байна. Урьдахаа муулаад шинээр хийж гийгүүлсэн ажилгүй байж болохгүй. Бидний хамгийн чухал алсын хараа бол 1992 оны Үндсэн хууль. Үүнээс өөр алсын хараа гэж байхгүй. Ойрын хэдэн жилдээ ч гарч ирэхгүй. Одоо өөрчилнө гэж яриад байгаа. Юу л болох болдоо. Баллах бий дээ. Монгол улсад ер нь удирдлага байна уу гэдэг асуулт тавимаар байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)