БАРИМТ 1
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн орсон 197 орныг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх ажлыг урагшлуулах зорилгоор нэгтгэсэн дэлхийн томоохон хурлыг 2026 онд зохион байгуулах эрхээ баталгаажууллаа. Манай улс тус хурлыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 5 дугаар сард олон улсын түвшинд дэмжүүлэн, энэ чухал хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан юм.
БАРИМТ 2
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын бага хурлыг хамгийн анх 1997 онд Италын Ром хотод зохион байгуулж байжээ. Уг конвенцод дэлхийн 196 орон нэгдсэн орсон байдаг. Үүний нэг бол Монгол Улс.
БАРИМТ 3
Манай улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжсөнөөр малчдын амьдрал, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгааг шийдэх шаардлагатай байгаа. Харин дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад буй.
БАРИМТ 4
Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна.
БАРИМТ 5
Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна.
БАРИМТ 6
Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.
БАРИМТ 7
Монгол орон газар зүйн байрлал, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээсээ хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрчимтэй өртөж буй 10 орны нэг болсон. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар жилийн дундаж агаарын температур 2.26 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ ихээхэн буурч байгаа нь цөлжилтөд илүү эмзэг болж байгааг илтгэнэ.
БАРИМТ 8
Ялангуяа, байгалийн өвөрмөц унаган төрх, дэлхийд ховордсон зэрлэг амьтан, ургамлын зүйлээр нэн баялаг Монголын говь нутаг илүү өртөж байна. Хэдэн арван зууны туршид нүүдэллэн амьдарч, бэлчээр нутгаа шүтэн идээшилж ирсэн энэ бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын зохисгүй үйл ажиллагааны үр дагавар тод ажиглагдсаар.
БАРИМТ 9
Монгол орны говь цөлийн бүс нутагт илрэх сөрөг нөлөөллийг бууруулах, бүс нутгийн төлөөлөл болох экосистемийн хэв шинж, зэрлэг амьтан, ургамлын амьдрах, ургах орчныг хамгаалах, хүн ардын эрүүл, амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байгаа юм.
БАРИМТ 10
Иймд СОР17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улс тогтвортой газрын менежмент, нөхөн сэргээлтийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож, улс орнуудын Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч, нутгийн иргэд, залуусын оролцоог нэмэх боломж бүрдэх юм.