Талибанчууд Афганистанд 70 гаруй настай Британи хосыг баривчилжээ. 79 настай Питер Рэйнолдс болон түүний эхнэр 75 настай Барби нар хоёрдугаар сарын 01-нд Бамиян дахь гэртээ саатуулагдсан байна.
Хосууд 18 жилийн турш Афганистанд сургалтын төсөл хэрэгжүүлсэн бөгөөд тэдний охин Сара Энтвистл хоёр долоо хоног гаруй хугацаанд эцэг эхээсээ сураг чимээ аваагүй гэж ВВС-д ярьжээ.
Хосуудыг яг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгүй байгаа ч тэдний хэрэгжүүлж буй төсөл нь 12-оос дээш насны охидод боловсрол олгохыг дэмждэг байсан гэх мэдээлэл байна. Талибууд үүнийг хориглосон ч орон нутгийн эрх баригчид зөвшөөрөл олгосон байж.
Батын их сургуульд анх танилцаж байсан хосууд 1970 онд Кабулд гэрлэж, 2009 оноос хойш Кабул хотын таван сургууль, Бамиян хотод ээж, хүүхдүүдийг сургах төвд сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүлж буй гэнэ. Талибууд 2021 оны 8-р сард засгийн эрхэнд эргэн ирэхэд тэдний ихэнх ажилтнууд барууныхны хамт бүс нутгийг орхисон ч ноён, хатагтай Рэйнолдс эндээ хэвээр үлдэхийг хүсчээ.
Хосууд баривчлагдсаныхаа дараа хүүхдүүдтэйгээ мессэжээр холбогдож чадсан байна. Тэд эцэг эхээ дотоод хэргийн яаманд хоригдож байгааг мэдээлжээ. Гэсэн хэдий ч гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тэднээс сураг тасарсан аж.
Л.Баяр