Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн нэг жилийг харьцуулаад үзвэл зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн. Хэрэглээний зээлийн ихэнх нь машин, хувцас руугаа буцаж байгаа. Хамгийн ноцтой зүйл бол банк, банк бус дээр давхар дээлтэй 350 мянган хүн байна. Үүний өр авлагын харьцаа 79 хувьд хүрсэн. Олж байгаа мөнгөнийхөө 80 хувийг зээлэндээ төлж, 20 хувиар нь амьдардаг. Иймд ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр орлогын харьцааг бууруулах тал дээр тодорхой ажлуудыг хийнэ гэсэн мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, орлогын түвшинд зээл авдаг, орлогынхоо түвшинд амьдралаа шийддэг нөхцөл байдал руу шилжинэ.
Монгол Улсын валютын нөөц тогтвортой байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монгол Улс 4,8 тэрбум долларын нөөцтэй байна.
Энэ нөөцийг цаашид нэмэгдүүлэх нь бидний үүрэг. Бид 2025 онд 100 сая тонн нүүрсийг экспортлох хэрэгтэй. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хил холболт зайлшгүй хийгдэх ёстой" гэв.