БАРИМТ 1
1998 оны 11 дүгээр сарын 05-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд мэндэлжээ.
БАРИМТ 2
"Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Эвт Чулуу ХХК, Нэгдэл клуб, Ти Эм Би Эн ХХК-ийн бөх.
БАРИМТ 3
Биеийн өндөр 186 см, жин 130 кг.
БАРИМТ 4
Н.Өсөхбаяр хурц одоогоос есөн жилийн өмнө сумын заан цолтой Улсын баяр наадмын өсвөр үеийнхний барилдаанд үзүүрлэж, “Улсын шандас” цол хүртсэн нь бөхийн замд орох үндэс болсон гэдэг. Тухайн жил Улсын дархан аварга Н.Батсуурь анхны түрүүгээ хүртэж байв.
БАРИМТ 5
Таван аварга зодоглосон тэр жилийн наадамд түрүүлэх боломжоо “салхинд хийсгэсэн“ ч Н.Өсөхбаяр алдаанаасаа суралцаж, дараах гурван жил нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд завсаргүй түрүүлэн бөхийн мэргэжилтнүүдээс онц дүн авах нь тэр.
БАРИМТ 6
Түүний өвөө Аймгийн хурц арслан Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн.
БАРИМТ 7
2017 онд Дархан-Уул аймагт болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн тоогоо дөрөв болгосон юм. Тэр жил 19 настай Н.Өсөхбаяр нутгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртэв.
БАРИМТ 8
Шахаж татах мэхийг бол “амьдаа аварга” шигээ сурцтай хийдэг.
БАРИМТ 9
2018 оны Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан М.Гансүхээр найм давж Аймгийн арслан болсон тэр жилийн Улсын баяр наадамд Н.Батсуурь хоёр дахиа түрүүлж, аварга болж байлаа.
БАРИМТ 10
Даян аварга Н.Батсуурийг түрүүлсэн он жилүүдэд онцгой сайн барилддаг бөх юм. Тэрбээр 2022 онд Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн тэгш ойн наадмаар даян аварга Н.Батсуурьтай түрүү булаалдан үзүүрлэж байлаа. Урд өдөр нь аймгийн цолтой бөхийн барилдаан зохион явуулахад төвөггүй түрүүлсэн юм.
БАРИМТ 11
Түүний бөхийн замнал дардан байгаагүй. 2020 онд П.Бүрэнтөгсийг аварга болдог наадмын хоёрын даваанд Говь-Алтайн Б.Хишигбаатарт унасан. Бэртэл гэмтэлтэй байсан тэрбээр бэлтгэлээ олигтой хийж чадаагүй наадамд зодоглосон нь энэ.
БАРИМТ 12
Тэрбээр өнгөрөгч Туулай жилийн Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Сүхбаатарчууд Цагаан сарын барилдаанд одтой гэдгийг нотлон харуулсан. Энэ л цагаас түүнийг улсын цолонд хамгийн ойрхон бөх хэмээж эхэлсэн.
БАРИМТ 13
2022 оны улсын баяр наадмаар хоёрын даваанд Баянхонгорын арслан Ч.Алтангэрэлд тахим буулгасан. Харин 2023 оны дөрвийн давааны нугалаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй оноолт таарч шийдэмгий мэх хийсэн ч буруудан унасан. 2024 оны наадмаар Баянхонгорын арслан Б.Бат-Оршихд өвдөг шороодсон. Ингээд бодохоор түүнд Баянхонгорын бөхчүүд халтай гэмээр.
БАРИМТ 14
2022 онд Аймгийн арслан цолоо баталсан тэрбээр энэ л цагаас улсын цолтнуудын халгадаг бөх гэгдэх болсон.
БАРИМТ 15
Бөхийн өргөөнд долоон түрүү, дөрвөн үзүүр, 10 их шөвөгтэйг нь бодохоор гарцаагүй цол нь багадсан бөх.
БАРИМТ 16
Тэрбээр Хэвийн боовны баярт хоёр удаа түрүүлжээ.
БАРИМТ 17
2024 оны Бүх цэргийн баяр наадамд шилдэг Сумын заан Д.Цэрэннямд унаж, үзүүр булаасан.
БАРИМТ 18
2024 оны 12 дугаар сард болсон "Хийморь" төслийн хүрээнд зохион байгуулж буй, Дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах багийн халз барилдаанд долоо барилдаж, зургаа давжээ.
БАРИМТ 19
Түүнийг төрөхөд нь Тодбаяр гэх нэрийг өгөх гэж байсан гэдэг. Гэвч тухайн үед бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж Г.Өсөхбаяр аварга түрүүлж байсан гэдэг. Эмээ нь Өсөхөө аваргыг дэмждэг учир зээдээ нэрийг нь хайрласан аж.
БАРИМТ 20
Тэр багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө нь бөх хүн учир бөхийн тухай олон түүх, домог ярьж өгдөг байв.
БАРИМТ 21
Сахилгагүй, спортод дуртай гэж жигтэйхэн хүү байжээ.
БАРИМТ 22
Б.Ганбат арслан, П.Бүрнээ аварга, О.Хангай аварга, Н.Батсуурь аварга гээд том цолтой бөхчүүдээс үлгэр авдаг гэнэ.
БАРИМТ 23
Түүний эхнэр Булган аймгийн Могод харьяат сумын Б.Уранзаяа гэх бүсгүй.
БАРИМТ 24
Эхнэр нь түүнд "Миний хайр шантарч, ядарч болно. Гэхдээ буцаад босох хүч, тэвчээр, тэнхээтэй хэрэгтэй" гэж байнга хэлдэг. Мөн багш, хоол зүйч, түшиг тулгаар нь болсоор яваа гэж тэр нэгэн ярилцлагадаа дурджээ.