Орос, Украины дайн гурав дахь дэх жилийнхээ ойтой золголоо. Өнгөрсөн ням гаргийн шөнө ОХУ-ын талаас Украин руу 267 нисгэгчгүй онгоц хөөргөсөн нь дайн эхэлсний ой бэлэг гэлтэй. Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлсэн үгэндээ, "Би огцорлоо гээд Украинд энх тайван тогтоно гэвэл би бэлэн байна. НАТО-гийн гишүүнчлэлээр би албан тушаалаа солиход бэлэн байгаа" гэжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украин НАТО-д элсэх нь байж болохгүй гэж хэлсэн гэсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гурван жил үргэлжилж буй мөргөлдөөнд Украиныг буруутгаж, Зеленскийг "дарангуйлагч" хэмээсэн. Тэрбээр Украиныг буруутгасан ч сүүлд нь залруулга хийхдээ "ОХУ эхлээд дайрсан. Гэхдээ Жо Байден, Зеленский нар мөргөлдөөнийг тэр дор нь зогсоох ёстой байсан" гэжээ.
Эдгээр мэдэгдлийн дараа Зеленский "Хэрвээ НАТО Украины гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол армиа хоёр дахин тэлэх шаардлагатай" гэжээ. Зеленский Ням гарагт, газрын ховор ашигт малтмал, бусад байгалийн баялгийн асуудлаарх АНУ, Украины хэлэлцээрийн төслийн талаар мөн ярьжээ. Украин дахь дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд АНУ Украины чухал ашигт малтмал болон бусад нөөцөд нэвтрэхийг оролдож буй. Үүний хариуд Украин аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа билээ. Зеленский энэ талаар ярихдаа "Бид хэлэлцээрийг амжилттай байгуулахыг хүсч байна. Гагцхүү тохиролцоонд хүрэх явцад АНУ цэргийн тусламжаа царцаахгүй гэдэгт найдаж байна" гэв.
Л.Баяр