Төрийн өндөр дээд албан тушаалтан эх болсон монгол хэлээр оноож өгсөн нэрийг аялга хаялгад алдаж, асгаж цутгаж явах нь юутай тохуутай зүйл вэ. "Сыргаль нутаг" гэж сэтгэлгээнээс үл олдох хил хязгаар Г.Занданшатар даргын оюун санаанд байна. Дур мэдэн уул усны нэрийг өөрчилж, галиглан дуудаж, пайз хадаж, зураас татсан үйлдлийг өөгшүүлж, хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын хуулийн дээр сандайлсан хэрэг юм. Тэр хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрдээ хариуцлага хүлээх ёстой.
"Сыргаль" гэж хэлж, зүглэж буй байгалийн урлан болох Бага түргэний хүрхрээ тэнд шуугиж, Бага түргэний уулс тэнд дүнхийнэ. Чухамдаа гарал үүслээ санагалзахаас ч үл хамааран түүхийн балархай хуудсаас ч үл хамааран оноосон нэр бол жинхэнэ нэр юм. Эцэг эхийн чихэнд шивнэсэн нэрийг өсөхөд чинь өрөөл бусад хүссэнээрээ дуудаад байвал танд ямар санагдах вэ? Яг үүнтэй адил, уул усны нэрийг ч "аялал жуулчлал" гэх үгийн дор баллуурдаж үл болно. Сонгууль дөхсөн, дөхсөн гэхэд ингэж найр тавьж болохгүй л байлтай.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн онд Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр "Монгол Улсын иргэн нэн тэргүүн эх хэлээ сурах ёстой. Үндэсний аюулгүй байдал, үндэсний бодлоготой холбоотой асуудал" хэмээн чуулганы индэрт чухал царай гарган сууж байлаа.
Юмс асар хурдтайгаар үүл мэт хувьсан өөрчлөгдөж болох ч "уул мэт, чулуу мэт үлдэх нь эх орон, эх хэл" юм. Гэвчиг уулаа ч, усаа ч зөөж дуусгах нь хүн л юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа онцлон дурдсаныг тодруулбал, "Энэ бол байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат, Швейцараас сайхан газар, дэлхийд ховорхон гэж үнэлэгдэх Сыргаль нутаг. 30 сая биш юм гэхэд 3 сая жуулчин ирэхэд, нэг жуулчин 100 доллар үлдээнэ гэж бодоход 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт Цэнгэл сум, энэ бүс нутагт хийгдэх боломжтой" гэсэн юм.
Тэрхүү 300 сая жуулчин нь Бага түргэний хүрхрээг "Сыргаль" гэх нэрээр 300 сая хуваагаад салан одох нь. 300 сая хуваагдсан хэсэг нь дахин 300 саяар бутран түгэж, оноосон нэрээрээ үл танигдах, үл мэдэгдэх, үл дурсагдах нэгэн хүрхрээ Монгол Улсад оршин байх нь.
Сануулахад, Баян-Өлгий аймгийн зарим сумын газар нутгийн нэрийг казах нэрээр өөрчилсөн гэх асуудал шүүхийн шатандаа үргэлжилж буй. 14 албан тушаалтныг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Түүнчлэн нэрний асуудал Бага түргэний хүрхрээгээр зогсохгүй хөндөгдөнө. Нэгэн тусгаар улс мэт Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр дууддаг гэсэн мэдээлэл байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)