“Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр 2023” үзэсгэлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр бид түүнтэй учирсан юм. Тэр бол Монголын хамгийн анхны эмэгтэй сийлбэрч. Модоор ч, мөсөөр ч урладаг. Гагцхүү даруу амьдрахын, дуртай зүйлээ хийж амьдрахын нэгээхэн хэлтэрхийг түүнд цаг хугацаа хадгалуулжээ. Тийм эгэл бүсгүйтэй хийсэн энгийн яриаг хүргэж байна.
Монголд эмэгтэй сийлбэрч цөөхөн шүү дээ. Хэзээнээс сийлбэр хийх болов?
-Тийм шүү. Манай улсад эмэгтэй сийлбэрч маш цөөхөн байгаа. Тэдний нэгээхэн хэсэг нь би юм даа. Би 2004 оноос сийлбэр хийж эхэлсэн. Энэ арга хэмжээнд өөрийнхөө урласан гадна тохижилтын зориулалттай, байгалийн, эко бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Эмэгтэй сийлбэрч гэхээр хүмүүс гайхаж байгаа харагдлаа. Яагаад сийлбэрч болохыг хүссэн юм бэ?
-Багаасаа л урлах сонирхолтой хүүхэд байж. Арван жилээ төгсөөд Дүрслэх урлагийн дээд сургуулийн сийлбэрчний ангид элссэн. Тухайн үед ийм мэргэжилтэй эмэгтэйчүүд олон байдаг байх гэж бодсон л доо. Гэвч тийм байгаагүй, би анхны дээд мэргэжилтэй эмэгтэй сийлбэрч болох байж таарсан. Мэр сэр эмэгтэй сийлбэрчид байдаг юм байна лээ. Гэхдээ цөөхөн.
Таны гэр бүлд урчууд бий юу?
-Манай аав алт, мөнгөний дархан хүн байсан. Тэр нь надад нөлөөлсөн байх л даа. Багаасаа сонирхдог байсан учир Дүрслэх урлагийн дээд сургуулийн дархан эсвэл сийлбэрийн ангид орохыг зорьж байсан. Тэгээд сийлбэр нь илүү сонирхолтой, ирээдүйтэй санагдаад шалгуулсан чинь тэнцчихсэн.
Таныг мөсний сийлбэр хийдгийг мэдэх юм байна?
-Талбай дээр жил болгон мөсөн сийлбэрийн бүтээлүүд дэлгэгддэг. Түүнд гар бие оролцдог хүний нэг нь би. Анх 2002 оноос мөсний сийлбэр хийж эхэлжээ. 2011 оноос хойш гаднын тэмцээн уралдаан, туршлага солилцох арга хэмжээнүүдэд хувиараа жил болгон оролцож байгаа. Би ер нь өөрийгөө одоог хүртэл суралцаад л явж байгаа гэж боддог.
Урлаг, амьдрал хоёр хорших тал дээрээ бэрх шүү дээ. Гэр бүлийн тань хүний дэмждэг их л байх?
-Манай хүн надтай ижил мэргэжилтэй, бид нэг ангийн оюутнууд. Тийм болохоор нэгнээ ойлгох, түших тал дээр асуудал тулгардаггүй. Бүтээлүүдэд маань дандаа л том мод ашиглагддаг учир тэр болгоныг өргөх, буулгах гээд л олон зүйлд нөхөр минь тусалдаг. Нарийн чимхлүүр ажлаа би өөрөө хийчихдэг. Харин мужаан талын ажил дээр нөхөр маань сайн туслагч. Дуртай зүйлээ ажил болгох боломжийг минь бүрдүүлж өгдөг.
Монголд гар урлалаар амьдралаа залгуулах нөхцөл бэрхшээл ихтэй шүү дээ. Энэ тал дээр уран бүтээлчийн хувиар юу хэлэх вэ?
-Сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлчийн хувиар л ажиллаж байна. Гэхдээ би боддог юм. Гаднын хуванцар тоглоомууд эдэлгээ муутай, хор хөнөөл нь ч их. Харин миний бүтээлүүд илүү эко байж чадна. Ойн цэвэрлэгээний зориулалтаар орж ирсэн модыг гадна, дотор тохижилтонд бүтээлч байдлаар ашиглах нь зүйтэй гэж ойлгоод бүтээлүүдээ байгальд, хүнд ээлтэй байдлаар урладаг. Бас импортын мөнгөний урсгалын бага ч болов хэсгийг дотооддоо авч үлдэх сэн гэх чин хүсэл минь намайг хөтөлдөг. Бүх л урчуудын минь зүтгэл минийхтэй адил. Тэднийхээ нэг хэсэг байдагтаа баяртай явдаг. Бид нарыг дэмжиж худалдан авалт хийж байгаарай гэж хүмүүст хэлмээр байна.
Та тэгэхээр байгалиа хүндэлдэг, алсын хараатай хүн юм байна?
-Манай бүтээгдэхүүнийг шатаачихгүй л бол байж л байна. Байгалиас ирсэн модыг байгаа чигээр нь ашигладаг болохоор манай бүтээгдэхүүн хугарч, эвдрэх эрсдэлгүй гэдгийг итгэлтэй хэлнэ. Бат бөхийн баталгаа өгнө. Дахин давтагдахгүй. Машин, техник ашигладаггүй болохоор хийчихсэн бүтээлээ өөр бүтээл болгох ч боломжтой.
Гаднын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа юм чинь үнийн хувьд тэнцвэртэй байх нь?
-Мэдээж боломжийн үнээр худалдаалдаг. Мөнгө гэхээсээ илүү хотын маань нэгээхэн хэсэг ч болов өнгө үзэмжтэй байгаасай гэж хүсдэг. Нийслэлийн гудамж талбайд амраад суучих сандал ховор шүү дээ. Тийм ч учраас сүүлийн гурван жил гадна тохижилтод зориулсан бүтээлүүдийг сайн дураараа, захиалгаар хийж байна.
Бүтээхийн олзуурхууштай нь юу вэ?
-Бат бөх бүтээгдэхүүн гардаг учир нэг удаагийн худалдан авалтын дараа хүмүүс дахиад хийлгэж авахыг хүсдэг нь надад сайхан байдаг. Хэн хэндээ сайхан сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Дуртай зүйлээ хийгээд ажил амьдралаа болгоод явна гэдэг л амьдралын утга юм билээ. Хэдийгээр тоос шороотой хутгалдаж хийдэг ажил боловч ажилдаа дурлаж яваа хүний хувьд жаргалтай.
Тэгвэл хамгийн жаргалтай хийсэн бүтээлээсээ нэрлэвэл?
-Бүх л бүтээлүүддээ хайртай. Ер нь уран бүтээлч хүний амьдрал тэр чигтээ эрэл, хайгуул юм даа. Хүүхдүүдийнхээ үзэх дуртай хүүхэлдэйн киног үзээд энэ л дүрийг нь бүтээл болгочих юм сан гэх бодлоос л бүх зүйл эхэлж байгаа юм. Хийсний дараа хүүхдүүдийнхээ жаргалтай байгааг харах мөч үгээр хэлэмгүй сайхан. Гадаад, дотоодод хаа ч явсан бүтээлийнхээ санаа, төлөвлөгөөг бодож явдаг гэж ойлгож болно.
Таны бүтээлүүдийн ихэнх нь ан амьтад байна. Дээрээс нь эко, байгалийн бүтээгдэхүүнийг ашигладаг гэлээ. Тэгэхээр цаад санаа нь байгалиа хайрлах утгатай дүйцэх нь ээ?
-Тийм шүү. Би тэр хаягдал моднуудыг бүтээл болгоогүй бол хэн нэгэн нь хагалаад түлчихсэн л байгаа. Байгалийн бүтээгдэхүүн учраас эвдрэхгүй. Дээрээс нь хаа газар миний бүтээлтэй хүн таарвал “өө энэ яасан хөөрхөн юм бэ” гэж хэлэхээс эвдчихгүй байх гэж боддог. Муудаад, хуучраад ирэхээд нь түлчихнэ л биз. Хотын захиргааны зөвшөөрлөөр орж ирж байгаа модны захуудаар л бүтээж байгаа юм чинь бүх зүйл асуудал дагуулахгүй. Тийм болохоор илүү ашигтай зүйл хийж байгаа гэж өөрийгөө өмөөрнө.
Бүтээгч байгаа цагт худалдан авагч тэр хоёрын хооронд үнийн зөрчилдөөн үүснэ. Тэр тал дээр өөрийн тань бодол?
-Уран бүтээл хийхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр орно. Тийм болохоор зарим бүтээлүүдийг өндөр үнэлэхээс өөр аргагүй байдаг. Гэхдээ би шийдэл олсон нь гар багаж ашигласнаас илүү хурднаар хөрөөн сийлбэрийн арга ашиглаж байгаа. Энэ нь цаг хугацааг минь ч хэмнэж, худалдан авч нарт ч ашигтай үнийг санал болгох нөхцлийг бүрдүүлдэг. Ерөнхийдөө хуванцар тоглоомтой дүйцэхүйц үнэтэй боловч чанарын хувьд мянга дахин илүү байж чадна. Тийм болохоор иргэд биднийг дэмжиж, худалдан авалт хийж байгаасай. Хямд үнээр чанартай бүтээгдэхүүн хийж байгааг минь үнэлээсэй. Гар урчууд бид чинь хөдөлмөрөө багаар үнэлдэг улс. Тийм болохоор ойлгодог худалдан авагчид их болбол магнай тэнийнэ дээ.
Танайх байгууллага биш, тийм үү?
-Тийм. Бид “Урлагтай сандал” фейсбүүк хуудас ажиллуулж, тэрүүгээрээ захиалгаа авдаг. Хүмүүс ээ бидэнд хандаарай.
Л.Саяан